Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд нь аавынхаа амь насыг хөнөөж, шатаасан байжээ

Төв аймгийн Алтанбулаг сумын Булгийн тохой буюу Шувуун фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон. Хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгасан. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжилгээний хариугаар талийгаач бусдын гарт амь насаа алдсан нь тогтоогдсон. Гэмт хэрэгтнүүд талийгаачийн амь насыг хөнөөсний дараа шатаасан гэдгийг ч тогтоосон юм. Цогцос хэн болох нь танигдахгүй болтлоо шатсан байсан гэнэ. Иймд таниулах ажиллагаа хийгдсэн байна.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн XIII хорооны нэгэн оршин суугч цогцсын талаар цагдаагийнханд анх мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр “Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд зүүн гар нь байхгүй, шатсан байдалтай цогцос байхыг харсан” гэж мэдүүлсэн билээ. Хэргийн хохирогчтой ижил төстэй шинж тэмдэгтэй, сураггүй алга болсон хүний мэдээллийг цагдаагийн байгууллага шалгасан байна. Гэвч тодорхой мэдээлэл олдоогүй. Талийгаач амь насаа алдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрөөд байхад ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж эрэл сурал болохгүй байсан тул ойр дотнын хүмүүс нь хөнөөсөн байж магадгүй гэх таамаг дэвшүүлсэн байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар цогцсыг “40 орчим насны, эрэгтэй, үүдэн шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 168 см өндөртэй. Биеийн ихэнх хэсэг нь шатаж, зарим хэсэг нь алга болсон байдалтай олдсон. Мөн дээд эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 1-3 дугаар их араа хуучин байхгүй, шүдний эгнээ жигд бус гурвалжин хэлбэртэй. Их араа байхгүй зэрэг содон шинж тэмдэгтэй” гэсэн юм. Хэргийн газраас, хар өнгийн босоо судалтай дотуур өмд, цамцны мэт тасархай, “MON­TANA” гэсэн бичигтэй жинсэн өмднийх байх боломжтой нэг ширхэг товч мэт зүйл, ажлын гутал байх боломжтой гутлын төмөр хоншоор, гутлын улны металл хамгаалалт, гутлын үдээсний гогцоо мэт 13 ширхэг төмөр зүйлс олдсон байна.

Цагдаа нар талийгаач хэн болохыг тогтоохын тулд шүдгүй, содон хүмүүсийг эхний ээлжинд хайж эхэлсэн байна. Ингээд Чингэлтэй дүүргийн иргэн 53 настай Б болохыг тогтоожээ. Гэрийнх нь ойролцоо амьдардаг иргэд талийгаачийг гурван сараас хойш огт харагдахгүй байгаа гэх мэдээллийг цагдаа нарт өгчээ. Дээрх сэжүүрийн дагуу шалгаж, 53 настай Б-г түүний хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн хөнөөсөн болохыг илрүүлжээ. Юуны учир аавынхаа амь насыг хөнөөх болсон талаар мэдүүлэг авсан гэнэ. Анхан шатны мэдүүлгээр “Аав архи байнга уудаг. Архи уух болгондоо агсам согтуу тавьж, гэрийнхнээ зоддог. Хэрэг гардаг өдөр мөн л архи уугаад согтуу ирсэн. Ээжийг зодчихсон байхаар нь уурлаад хутгалчихсан юм. Нэг мэдсэн аав амьсгал хураачихсан байсан. Ингээд бид хоёр нийлж байгаад цогцсыг нь шатаагаад Шувуун фабрикт машинаар аваачиж хаясан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэнэ. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан талийгаачийн эхнэрийг цагдан хорьж шалгаж байгаа аж. Гэмт хэрэгтнүүд гэр бүлтэй, эхнэр хүүхэдтэй, тогтсон ажил хийдэг байжээ.

Түүнчлэн шатсан цогцсыг гуравдугаар сарын 17-ны өдөр иргэн Г харсан ч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй аж. Тиймээс иргэн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар заалтын дагуу гэмт хэргийг үл мэдээлэх гэсэн үндэслэлээр шалгаж эхэлснийг мөрдөн байцаагч хэлэв. Тиймээс иргэд та бүхэн гэмт хэргийн талаар сонссон, харсан бол цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх шаардлагатай. Энэ нь гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэх, оргон зайлахаас урьдчилан сэргийлэн, хэргийг шуурхай илрүүлэхэд тус нэмэр болно гэдгийг Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Б.Эрдэнэбат онцолж байлаа.

Э.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *