Categories
мэдээ нийгэм

​Хүүхдийнхээ “Амжилтын дасгалжуулагч нь аав, ээж та” юм

Улсын хөгжил хүнээс, Хүний хөгжил хүүхдээс гэдэг.

Бид үр, хүүхдээ хэл яриа, биеийн хэлэмж зэргээрээ хүмүүжүүлж байдаг.

Үгээр хүнийг амьдруулж ч болдог алж ч болдог гэдэг ч үг бий.

Хүн бол нийгмийн амьтан бас сэтгэлийн амьтан билээ.Сэтгэлийн амьтанд сайхан , урмын үг хэрэгтэй. Үүнийг сонсож өссөн хүүхэд ямар нийгэм бүтээх бол.

Тэгвэл танаас хэдхэн асуулт асууя?

Та хүүхдээ яаж хүмүүжүүлдэг вэ? тэр юуг илүү сонирхож байна вэ, танаас сонин содон асуулт асууж, яагаад гэж шалсаар байдаг уу. Энэ нь танд ядаргаатай санагдаж байна уу?

Энэ юунаас болдог юм бол. Заримдаа би хүүхдээ буруу хүмүүжүүлээд байх шиг байна гэж санаа зовох үе, тохиодол бий юу?

Хүүхдийн тань хувьд амжилт гэж юу юм бол, онц сураад шагнал авах юм болов уу, амжилт ер нь юунаас эхэлдэг юм бол? ирээдүйд мундаг, амжилттай, сайн хүн болж өсгөхийн тулд аав ээжүүд юу хийх ёстой байдаг юм бол.

Энэ асуултын хариултыг “Ганабелл” сургалтын төвийн сургагч багш С.Оюунтуяа “Амжилтын дасгалжуулагч нь Аав ээж та” хэмээх лекцээр дамжуулан хариуллаа.

Ингээдуг лекцийг товчхон сийрүүлье.

Тэрээр“Тархины амьд эсийн судалгааг 1989 онд Швейцарь дахь Макс Планкийн лабораторид анх удаа хийж эхэлсэн байдаг. Хүүхдийн уураг тархи нэг их наяд (1000.000.000.000) эсээс тогтдог” хэмээн лекцээ эхлүүлсэн юм.

Эдгээр эсүүд нь маш хөдөлгөөнтэй, сониуч байдаг гэнэ. Хүүхдийн мэдрэлийн эсийг судлах явцдаа хүмүүст сонирхуулан микроскопоор харуулж ямар сэтгэгдэл төрж байгааг асуужээ. Аав ,ээжүүд эсийг хараад биширмээр, гайхалтай, ер бусын, ид шидийн, идэвхтэй, гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ.

Та хүүхдээ хэр ухаантай бол гэж бодож байсан уу. Жижигхэн тархитай хүүхэд ухааны түвшин доогуур гэж боддог юм биш биз. Эсвэл энэ талаар ерөөсөө боддоггүй бол дараах мэдээллийг хүргэе.

Хүүхэд эхээс төрөхөд л тархины бүх эсүүд бий болчихсон байдаг. Төрсний дараа тархины эс хоорондын холбоос л нэмэгдэнэ.Хүүхдийн оюун ухааныг тархины хэмжээ бус гагцхүү тархины эс хоорондын холбоосын тоогоор л тодорхойлдог байна.

Тархины эсүүд маш идэвхтэй хөлөлгөөнтэй, сониуч, шинийг таньж мэдэх хүсэлтэй байдаг учраас хүүхдүүд аливаа зүйлийг олон талаас асууж, үзсэн харсан бүхэндээ хүрч юу болохыг нь харж, барьж үзэхийг хүсдэг байна. Тэдэнд тавилга, тоглоом, эд зүйлс, орчин гээд бүх л зүйл шинэ санагддаг. Иймд тэд харсан зүйлдээ хүрч үзэж мэдрэхийн тулд цэгцтэй зүйлсийг бусниулж орхидог. Үүнд хүүхдээ битгий буруутгаарай. Харин гэмтэж бэртэхээс нь сэргийлж ажиглах хэрэгтэй.

Харьцангуй биеэ даасан үе буюубага ангийн хүүхдийн хувьд бусадтай хэрхэн харьцах, хэрхэн сайн хүн болж төлөвших тал дээр анхаарч, ирээдүйд амжилттай чадварлаг хүн болгохын тулд эцэх эхчүүд ярилцах хэрэгтэй.

Хүнд:

  • Вербаль-Хэлзүйн оюун ухаан
  • Логик оюун ухаан
  • Инженер-Орон зайн оюун ухаан
  • Мэдрэхүйн оюун ухаан
  • Бие бялдар хөдөлгөөний оюун ухаан
  • Бүтээлч оюун ухаан
  • Бие хүний дотоод оюун ухаан
  • Хүмүүстэй харилцах оюун ухаан
  • Спиритуал оюун ухаан
  • Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
  • Ёс суртахууны оюун ухаан гэсэн 11 оюун ухаан байдаг. Үүнийг аль болох тэнцвэртэй хөгжүүлэхийг эцэх эхчүүд зорих хэрэгтэй.

Оюун ухааны хөгжлийн гол цөм, хөдөлгөгч хүч нь сайн зан чанарууд буюу ёс суртахууны оюун ухааны юм.

Үүнийг хөгжүүлээд төлөвшүүлчих юм бол бусад юмыг сурах чадвартай болдог аж.

Сайн зан чанар-Мөн чанар-Хүн чанар гэдэг зүйлийг ёс суртахууны оюунаас суралцана.

Үүнд: Амгалан тайван байдал, асрал халамжтай, багаар ажиллах чадвартай, баяр хөөртэй, асуудалд бодитой ханддаг, бусдад санаа тавьдаг, бүтээлч,гарамгай, зарчимч, зоригтой, зорилготой, зохион байгуулалттай, зөв боловсон, зөв ойлголттой,тэмүүлэлтэй, итгэл даадаг, найдвартай, нөхөрлөлдөө үнэнч, нөхөрсөг, нэр төртэй, өгөөмөр, өөрийгөө хүндэтгэх, өршөөнгүй гэх мэт 360 гаруй сайн чанарууд багтдаг байна.

Түүнчлэн эцэг эхчүүдхүүхдийнхээ мэдлэг боловсролд анхаарахдаа ёс суртахууны оюун ухааныг нь орхигдуулах гээд байдаг. Өөрсдөө ч үүнийг сайн мэддэггүй. Өөрөөр хэлбэл академик чадвар буюу унших, бичих, ярих, математик (IQ) талыг нь илүү хөгжүүлчихвэл миний хүүхэд ухаантай, чадварлаг манлайлагч болно гэж боддог. Гэтэл цаана нь эзэмших ёстой гурван чадварыг орхидог.

“Бие бялдар, эрүүл мэнд” (Эрүүл мэнд, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн), “Сэтгэлзүйн чадвар” (анхаарал, ой тогтоолт, зан чанар, сэтгэл хөдлөл (EQ)), “Нийгэмших чадвар”(Бусадтай харилцах, Бүлгийн хамтын суралцах үйл ажиллагаанд оролцох) гэх мэт чадварыг орхигдуулдаг.

Хүүхдэд нөлөөлдөг хамгийн нэгдүгээр хүчин зүйл бол аав ээж, гэр бүлийн орчин, хоёрдугаар хүчин зүйл сургууль, цэцэрлэг.

Гэр бүлийн орчноос хүүхэд үлгэр жишээ авч мэдлэг олж, оюун ухаанаа хөгжүүлж байдаг. Тиймээс аав, ээжүүд хүүхдэдээ амжилтын дасгалжуулах тойргийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Юун түрүүнд хүүхдээ ажиглах, судлах. Дараа нь зөв ярилцах,ярилцсаны үндсэн дээр хийж хэрэгжүүлэх, идэвхтэй сонсох, хүлээн зөвшөөрөх (хүндэтгэх) хэрэгтэй.

Дээрх дасгалжуулах тойрог буюу зан чанарын хуваалцах тойргийг хэрэгжүүлснээр хүүхдээ өөрөөр нь байлгаж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, урам зорих авах, хүсэл мөрөөдлөө зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Энэ тойргийг хэрэгжүүлж байхдаа сайн сайхан үг хэлэх, сонсох, урам зориг өгөх авах, хүчин чармайлтыг нь сайшаах, бие биенээ тэврэх, үнсэх хэрэгтэй. Хүүхдийн хувьд бусдыг сонсох, бусдын сайн үйлдлээс суралцах, бусдад урам зориг өгдөг болох, нээлттэй ярьж сурах зэрэг давуу талтай болно.

Мөн ярих хүчийг зөв ашиглах хэрэгтэй.

Та хичнээн завгүй байсан ч дор хаяж долоо хоногтоо 2-3 удаа цайнхаа цагаар, эсвэл сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч авахдаа ч гэсэн ярилцаж болно. Ингэхдээ ярианд нь анхаарал хандуулах нь чухал. Өнөөдөр миний хүүхэд юу сурч мэдсэн бэ, хэнд тусалсан талаар асуух. Хэрвээ ямар нэгэн юмыг буруу хийсэн, хичээлээ ойлгоогүй байвал загнаж болохгүй. Харин яагаад ойлгоогүй, ямар учраас буруу зүйл хийсэн болохыг асууж мэдэх нь чухал. Дараа нь би чиний оронд байсан бол ингэх байлаа. Чи энийг ингэж хийж болох байсан байна гэх зэргээр хэлж, хүүхэд өөрөө шийдвэр гаргах, буруу зөвөө ухамсарлах боломж олгох хэрэгтэй.

Зөв, сайн зүйл хийсэн бол сайшааж магтах нь зүйтэй. Гэхдээ тунг нь тааруулах ёстой. Миний хүүхэд мундаг шүү, маш сайн байна гэдэг бол тодорхойгүй, ерөнхийлсөн магтаал. Энэ нь хүүхдийн хүмүүжилд маш хортой. Ингэж магтуулсан хүүхэд өөрийгөө би бүх зүйлийг чадна, би л мундаг гэж боддог. Яг юунд илүү мундаг гэдгээ тодорхой мэдэхээ больчихдог. Тиймээс хүүхдийн хийсэн ямар сайн зүйл байна түүнийг тодорхой хэлж магтах нь зүйтэй. Үүнээс хүүхдийн ирээдүйн амжилт шалтгаалдаг.

Өөрийхөө оймсоо угаагаад тавьсан ч тэр нь хүүхдийн тань хувьд амжилт юм шүү. Үүнийг нь хүртэл хэлж урам өгөөрэй хэмээн яриагаа өндөрлүүллээ.

Ganabell.mn-н зураг.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *