Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зохиол бичихэд эерэг энерги авдаг

Хүүхдийн номын зохиолч П.Наранбаатар

Аав, ээж маань хоёулаа багш хүмүүс л дээ. Тийм болохоор манай гэрийн номын сан дүүрэн номтой байдаг байлаа. Тэр номуудын ихэнх хувийг нь хүүхдийн ном эзэлдэг байсан юм. Тэр зохиолуудын уншигч байсан бол одоо зохиолч нь болсон. Хүүхэд эерэг энергитэй болохоор тэдэнд зориулж зохиол бичихэд хүүхдийн ертөнцөд очсон мэт болдог. Анх 2006 онд “Дулаан уул” гээд өгүүллэгийн ном гаргаж байсан. Номондоо өөрт тохиолдсон болон найз нөхдөдөө тохиолдсон хөгтэй явдлаас сэдэвлэн бичсэн юм.

Тэр үед чинь жаахан байсан болохоор ном гаргахын л хүслэн байлаа. Энэ номоо “Интэр ном”-д худалдаалж байсан. Гэхдээ тийм ч олон хувь хэвлэгдээгүй. Заримыг нь найз нөхдөдөө дурсгаад л өнгөрсөн дөө.

Номоо гаргасан анхны сэтгэгдэл маш сайхан байсан. Ялангуяа миний номыг өхөөрдөм хөөрхөн дүү нар маань уншина гэж бодохоор үгээр хэлэхийн аргагүй байлаа. Түүнээс хойш ном гаргаж амжаагүй байна л даа. Яагаад гэхээр ажил, амьдралын шалтгаанаар номоо түр орхисон. Сүүлийн хоёр жилээс л зохиолоо эрчимтэй бичиж эхэлж байна.

Одоогийн байдлаар үлгэрийн ном гаргах гээд үлгэрүүдээ бичиж байгаа. Хоёр дахь номынхоо нэрийг одоогоор өгч амжаагүй л явна даа. Миний ном бичих үйлсэд хамгийн их тусалдаг гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Мөн хүүхдийн зохиолчдын “Эвт үзэг” төвийнхөө удирдлагуудад баярласан талархсанаа илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *