Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн урам зоригийг мохоож, итгэлийг нь алдуулаад байвал юм сурдаггүй

Ататуркийн нэрэмжит V сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, Боловсролын тэргүүний ажилтан, Мандширийн Болормаа энэ удаагийн “Багш” буланд зочиллоо.

-Та багш мэргэжлээр тасралтгүй 30 жил ажиллажээ. Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Би Хөвсгөл аймгийн Хатгал сумын уугуул хүн л дээ. Хатгалдаа дунд сургуулиа төгсчихөөд шууд бага ангийн багшаар ажиллаж, нэг анги дааж төгсгөж байлаа. Тэр үед бага ангийн багшийн мэргэжил маш хүнд болохыг мэдэрсэн. Тийм болохоор дунд ангийн багш л болъё гэж шийдээд Улсын багшийн их сургуульд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр сурч эхэлсэн юм. Түүнээс хойш Ататуркийн нэрэмжит V сургуульд 25 дахь жилдээ ажиллаж байна. Энэ сайхан мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол манай анги удирдсан багш Монгол Улсын гавьяат багш н.Товуу юм. Багшийгаа хараад л ийм мундаг, сайхан багш болох юмсан гэж боддог байлаа. Одоо 80 гарсан ч ануухан, сайхнаараа байна. Анх шавь нартаа сэтгэлдээ хүртэл зааж чадахгүй үедээ шантардаг л байлаа. Одоо бол багш мэргэжил эзэмшсэн дээ үргэлж бахархаж явдаг юм.

-Багш бүрийн заах арга барил өөр байдаг. Таны хувьд?

-Миний заах арга барил бол чөлөөтэй сэтгэх боломжийг нь олгодгоороо онцлог гэж боддог. Ямар нэгэн зүйлд баригдахгүй, хэвшмэл байдлаас гаргахыг эрмэлздэг юм. Миний 25 жилийн өмнөөс л ашиглаж ирсэн энэ арга, барил орчин үеийнхтэй дүйж байгаад нь баярладаг. Сурагчид монгол хэл, уран зохиолын хичээл дээр заавал зохиолын гол дүр, утга санааг ярих албагүй. Энэ зохиол яагаад бичигдэх болов, бүр ямар орчинд бичигдсэн байна гэх зэргээр чөлөөтэй, өргөн цар хүрээтэй сэтгэх нь чухал. Энэ тухайгаа бүгд ярилцдаг болохоор хүүхдүүд улам сонирхолтой зохиол уншихыг хүсдэг юм.

-Хүүхдүүдийг хичээлд нь сонирхолтой, дуртай болгохын тулд яах хэрэгтэй байдаг вэ?

-Хүүхдийг “Чи хичээлээ хийж чадахгүй хоцорсон байна, муу дүн авчихсан байх юм” гэх зэргээр урам зоригийг нь мохоож, итгэлийг нь алдуулаад байвал юм сурдаггүй. Түүний оронд урам зориг өгч, улам дэмжих хэрэгтэй байдаг. “Хашийг эс засвал сав болохгүй, хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг мэргэн үг байдаг шүү дээ. Би зарим үед хичээл дээрээ бичихээс ярилцахыг илүүд үздэг. Хүүхдүүд их хөөрхөн, ярилцах тусам дотроо байгаа зүйлээ уудалж, айдас нь алга болдог. Эцэст нь “Багш надтай ийм ойр дотно харьцаж байхад би хичээлээ хийгүй бол болохгүй юм байна” гэсэн бодол төрдөг юм. Энэ энгийн боловч хүүхдийг хичээлдээ дур сонирхолтой болгох чухал арга шүү. Ингээд өөрийн нөөц бололцоогоороо хичээлээ хийгээд ирсэн хүүхдэд би муу дүн тавих дургүй. Монгол хэл, уран зохиолын багш хүний хувьд хүүхдийн сэтгэл зүйг сонсох ёстой гэж хамгийн их боддог.

Энэ хичээл дээрээ л чөлөөтэй ярь, өөрийгөө нээж сурах хэрэгтэй гэж шавь нартаа хэлдэг. Хүүхдүүд бие, биенээ их сонсдог юм.

-Танай ангийн ханан дээр монгол бичгээр бичсэн сурагчдын үзэсгэлэн байна. Хүүхдүүд монгол бичигт хэр сонирхолтой байдаг бол?

-Монгол бичигт хүүхдүүд маш их сонирхолтой байдаг шүү. Уг бичиг маань өөрөө их сайхан шүү дээ. Манай сургуулийн сурагчид уран бичлэ гээр сайхан бичдэг. Түүгээрээ үзэсгэлэн гаргаж, бусаддаа толилуулдаг юм.

-Шавь нартаа юу гэж захидаг вэ?

-Амжилттай явж буй шавь нар олон бий. Багшилж ирсэн цагаас минь л хойш шавь нар маань дүүрэг, нийслэлийн олимпиадад амжилттай оролцож байна. Нийслэлийн монгол хэл бичгийн олимпиадаас алт, хүрэл медаль хүртсэн. Монгол бичгийн улсын уралдаанд амжилт үзүүлж байлаа. Ер нь манай сургууль болоод миний шавь нараас олимпиад уралдаан тэмцээнээс эхний арван байранд тогтмол шалгарч байдаг. Гэхдээ би шавь нартаа байнга хэлдэг юм. Заавал дээд сургууль төгсөж диплом авах шаардлагагүй. Хүн ариун цагаан хөдөлмөр, хичээл зүтгэл байхад ямар ч салбарт амжилт гаргаж болдог юм шүү гэж захидаг даа.

-Зарын самбар, албан газрын хаяг дээр үг, үсгийн алдаа их байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ бол бас л эмзэглэмээр л асуудлуудын нэг байдаг. Би заримдаа телевизүүд рүү ярьж “Үг, үсэг, утгын алдаа гаргахгүйн тулд сайн нягтлах хэрэгтэй” гэж хэлдэг юм. Үсгийн алдаанаас гадна утгын алдаа ч их ажиглагддаг. Үг ямар хүчтэй талаар профессор Ч.Онгоодой гэж хүн “Гадаад хэлээр уншиж, бичиж ойлгодог байх нь нэг хэрэг боловч эх хэлнийхээ яруу сайхныг мэддэггүй, бичих найруулах авьяасгүй бол нэн гачлантай. Үг эвлүүлж, өгүүлбэр зохион, судар ном бүтээх нь тоосго өрж, орд харш босгохтой адил. Өндөр нам өрж, өнцөг буланг нь жигдлээгүй тоосго, барилгыг ямар болгох вэ? Гэгээн оюун зарж, үгийн “тоосгоор” өрж босгосон номын их суварга ч үүнтэй утга дүйх бус уу. Үг сонгож зөв найруулах нь нарийн өрлөг шаарддаг чимхлүүр ажил юм” хэмээн бичсэн байдаг. Цаашид үг, утгын алдаа гаргахгүйн тулд бидний ирээдүй болсон хүүхдүүддээ л сайн зааж, зөвлөх нь чухал. Элсэлтийн шалгалт өгч буй хүүхэд бүр монгол хэл бичгийн шалгалт өгөх нь хамгийн зөв, зүйтэй санал гэж бодож байна.

-Багш мэргэжлийн хамгийн сайхан нь юунд байдаг бол?

-Шавь нь бүгд хичээлээ сайн хийгээд дунд ангиа төгссөн нь ахлах ангидаа, ахлах ангиа төгссөн нь хүссэн чиглэлээрээ их сургуульдаа орохыг харах л хамгийн сайхан байдаг даа. Би спортод сонирхолтой учраас төгсөлт болгоныхондоо “Манай ангийнхан дандаа сургуулийн спортын цом авч төгсдөг шүү. Бүгдээрээ цом заавал авна” гээд л их урам өгдөг. Тэр бүхэн л дахин давтагдашгүй аз жаргалтай, инээд хөөр цалгисан үе байдаг даа.

Харин энэ олон жил ажиллахад хамгийн муухай нь наймдугаар ангиасаа ахлах анги руугаа дэвшиж чадахгүй үлдэж байгаа шавь нараа харах л байдаг юм. Нэг удаа ахлах ангидаа орж чадаагүй хэдэн хүүхдүүд маань хичээлийн дундуур сургуулийнхаа гадна сандал дээр суучихсан “Сайн уу багш аа.

Бид нар тэр коллежид дасахгүй юм байна аа. Ангидаа ороод сурчихаж болохгүй юм уу” гэсэн. Тэр үед хоолой зангираад юм ч хэлж чадахгүй цонхоороо хараад л зогсож билээ.

-Багш хүнд шавь нартай нь холбоотой хэдэн боть ном бичихээр дурсамж хадгалаастай байдаг байх. Мартагддаггүй дурсамжаасаа хуваалцаач?

-Өдөр бүрийн хичээл дээр л тэдний минь гэнэн, томоогүй явдлууд өрнөж байдаг. Тэр дундаас онцлох нэгэн дурсамж байдаг юм. Манай ангийн уран гимнастикаар амжилттай хичээллэдэг байсан охин маань бэртсэн юм. Бэртлийн улмаас хагас жил шахуу хичээлдээ явж чадахааргүй боллоо. Бид нар байнга эргэж тойрно. Сүүлдээ анги хамт олноороо ярилцаж байгаад хичээлээ тарсны дараа ээлж, ээлжээрээ үзсэн хичээлээ нөгөөх охиндоо зааж өгдөг болсон. Миний зүгээс хичээлээ зааж өгч болох боловч шалгалтаа өөрөө өгөх ёстой шүү гэж хэллээ. Ангийнхан нь, өөрөө ч тэр хичээсний дүнд шалгалтуудаа сайн өгч наймдугаар ангиа онц төгссөн. Тэр охин маань ангийнхандаа болон багшдаа “Та хэд минь байгаагүй бол би өдий зэрэгтэй яваа ч билүү” гээд үргэлж баярласнаа илэрхийлдэг юм. Би дөрвөн анги дааж төгсгөж байсан. Одоо тав дахь ангиа удирдаж байна. Нийгэмтэйгээ холбоотойгоор жил ирэх тусам л хүүхдийн сэтгэхүй, хандлага өөр болж буй нь ажиглагддаг. Гэхдээ миний хувьд бүх л үеийнхээ шавь нартаа юм бүхэн сэтгэлээс улбаатай байх хэрэгтэй гэдгийг ойлгуулдаг. Миний шавь нар надаас сэтгэл гэдэг үгийг маш их сонсдог доо.

-Залуу багш нартаа юу гэж захимаар байдаг вэ?

– Энэ жил манай сургуульд арав гаруй залуу багш нар ирлээ. Залуу байхад омголон, эрч хүчтэй бүхий л зүйл сайхан харагддаг. Олон жил багшилсан хүний хувьд мэргэжилдээ үнэнч, эзэн нь болоосой гэж хэлмээр байна. Багш хүн эхлээд мэргэжилдээ хайртай болох хэрэгтэй. Дараа нь хүүхдүүдээ хайрлах ёстой.

Түүнээс энэ анги их хэцүү, дүрсгүйтдэг гээд л хичээл заахаас төвөгшөөгөөд байвал тэр хүүхдүүдэд юуг ч зааж, сургаж чадахгүй. Харин өөрийн хүүхэд шиг хайрлавал заасан бүхэн чинь үр дүнгээ өгдөг юм. Энэ зүйлийг би өөрийнхөө туршлага, мэдрэмжээр сайн мэднэ.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *