Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн тусламжийн 108 утас мессэж үйлчилгээтэй боллоо

2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ зөвхөн дуудлага хэлбэрээр буюу Call үйлчилгээ үзүүлдэг байв. Дуудлагын бүртгэлийн программ шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд тусгай дугаарт буюу 108 утсанд “MESSAGE” хүлээн авах, илгээх үйлчилгээ нэвтрүүлж байна.

Хүүхдэд мессэж үйлчилгээгээр үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөхөд үүрэн телефоны бүх дугаараас хандах техникийн боломжийг бүрдүүлж хамтран ажиллахаар Монголын оператор компаниудын удирдлагууд болон төлөөллүүд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Дээрх үйлчилгээг нэвтрүүлснээр хүүхдийн далд хэлбэрийн хүчирхийллийг илрүүлэх, хүүхдийн дуу хоолойг сонсох, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, зөвлөгөө авах сувгуудыг олшруулах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь үндэсний хэмжээнд хүүхдэд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ үзүүлдэг.

Тус утас нь дэлхийн 166 орны 139 улс нэгдсэн Child Helpline International-д (Хүүхдийн тусламжийн утасны олон улсын байгууллага) 2006 онд “Найз” 1979 утас ажиллуулж байхдаа албан ёсоор жинхэнэ гишүүнээр элссэн байна.

Мессэж үйлчилгээ нэвтрүүлсэн нь хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд Азид төдийгүй дэлхийд тусгай дугаарын мессэж үйлчилгээ нэвтрүүлсэн цөөн орнуудын нэг болж байгаагаараа онцлог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *