Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн сур харваанд 160 хүүхэд цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их баяр наадмыг уламжлал ёсоор эрийн гурван наадмын нэг сур харваагаар нээдэг билээ. Энэ сарын долооны өдөр Урианхай, Буриад сурын харваа болсон юм. Харин өнөө жилийн наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр \2018.07.09\ “Хүүхдийн сур”-ын харваа эхэлж, 17 нас хүртлэх охид, хөвгүүд цэц мэргэнээ сорихоор иржээ. Харваа наймаас доош болон 9-11, 12-14, 14-17 гэсэн насны ангилалтай бөгөөд нийт 160 хүүхэд оролцож байгаа аж. Үүнээс эрэгтэй 71, эмэгтэй 72 болон балчир насны 17 хүүхэд бүртгүүлсэн байна.

Биднийг сур харвааны талбайд очиход өнгө өнгийн торгон дээлээр гоёж, ээтэн хоншоортой монгол гутал ижилсүүлэн өмссөн балчир хүүхдүүд угтсан юм. Тэдэн дотор зургаан настай болов уу гэмээр нэгэн жаал өөрөөсөө ч том нум саадгаа үүрчихсэн хаашаа ч юм бэ яаран алхана.

Сурын харваа хэдийнэ эхэлсэн бөгөөд 32 сум тавихаас эхний өргийн найман сумыг хүүхдүүд ээлж дараалан тавьж, нумаа эвшээлгэх нь харагдана.

Энэ жилийн сурын харвааг шүүж байгаа Спортын мастер, Хүндэт мэргэн С.Батхуягтай хэдэн хором ярилцсан юм.

-Сур харвааг ажиглаад байхад их эрч, хүч бас тухайн хүнээс нарийн мэдрэмж шаарддаг юм шиг санагдлаа. Ер нь энэ спортын болон өнөө жилийн наадмын онцлогоос сонирхуулаач?

-Тийм шүү тамирчинд дан ганц эр бяр байгаад зогсохгүй нарийн мэдрэмж хэрэгтэй байдаг юм. Тэмцээний хувьд нийт 32 сум харваж хэн илүү оносон нь тэр жилийнхээ түрүүг авдаг уламжлалтай. Найман сумаар дөрвөн удаа ээлжлэн харвадаг юм. Мөн оролцогч хүүхдүүдийн насны ангиллаас нь хамаараад харвах зайг нь тодорхойлж өгдөг. Түрүү жил “Алдар нийгэмлэг”-ийн харваач Х.Цогбаяр эрэгтэй төрөлд 32 сум тавихаас 30 онож түрүүлж байсан. Харин эмэгтэйд Өвөрхангай аймгийн харьяат А.Даваадулам хэмээх 16 настай охин мөн 30 онож түрүүлж байсан. Ер нь 32 сумнаас 30 ононо гэдэг хүүхдийн харвааны төрөлд өндөр үзүүлэлт. Тухайн хүнээс нөр их хичээл зүтгэл гарсныг илтгэж байгаа юм. Энэ жилийн хувьд, түрүү жилийнхтэй ижил багцааны амжилт гаргасан харваа болох байх гэж найдаж байна. Ер нь хүүхдүүдийн бэлтгэл сургуулилалт, багш нарын арга барил жил ирэх тусам улам сайжирч, сур харваа, байт сур зэргийг сонирхох хүмүүс ихэссээр байгаа.

-Энэ спортоор олон жил хичээллэсэн хүний хувьд, сурын харваагаар хүүхдийг хичээллүүснээр сэтгэл санаа болон бие махбодид хэрхэн нөлөөлдөг гэж боддог вэ?

-Үндэсний спортоор хичээллэх нь тухайн хүүхдийг ёс суртахуун, сэтгэлзүй болон бие махбодийн хувьд бүх талаас нь монгол хүн болгон төлөвшүүлэх нэг хэлбэр юм. Би сур харваж сурах, хүн болж төлөвших хоёр ижилхэн гэж үздэг. Юугаараа гэхээр, харваач хүн алдаагаа засч байж сайн тамирчин болдог. Түүнтэй адилхан хүн бас амьдралд гаргасан алдаанаасаа суралцан ухаан сууж байж амжилтад хүрдэг. Тийм ч учраас алдаанаасаа суралцах нь хүнийг төлөвшүүлэх, амьдралд хөлөө олоход их тусалдаг гэж боддог доо.

-Сурын харваа хүүхдийн төлөвшилтөд хэрхэн нөлөөлдөг талаар дэлгэрүүлж ярина уу?

-Хүүхдийг аливаа зүйлд сургах нь ямар орчинд байхаас, өөртэй нь хэн яаж харьцахаас хамаараад төлөвшилт нь янз бүрээр нөлөөлж буй нь харагддаг. Мөн тухайн хүүхдийг юуны төлөө зүтгүүлэх вэ гэдгээс хамгийн гол зүйл эхэлнэ. Жишээ нь, яагаа ч үгүй эрт онож сургахын төлөө зүтгүүлсэн хүүхдийн анхаарал нь онох гэдэг зүйлд л чиглэнэ үү гэхээс би юунаас болоод алдчихваа гэдгээ барагтай бол олж хардаггүй. Үүний оронд яаж харвах ёстой гэдгийг нь ухааруулаад дараа нь харвах зүйлээ мэдэрдэг болохыг заасан цагт спортын үр шимийг хүртэж, өөрийнхөө алдааг олж хардаг болдог юм. Ямар ч спорт хүний ёс суртахуунд сайн муу аль аль талаараа нөлөөлдөг. Уг нь сурын харвааг багаар тоглодог байсан юм. Тэр үед өөр бусдыг ойлгох, хамтарч ажиллах, нэгнээ мэдрэх, нэгнийхээ төлөө анхаарал хандуулахаас гадна дэг журмаа дагадаг байсан юм. Харин хувиараа харваж байгаа тохиолдолд зөвхөн өөрийнхөө амбиц, амжилтыг хөөдөг. Өөрийн амжилт, бусадтай өрсөлдөхийн төлөө хэтэрхий их зүтгэх нь уг хүний ёс суртахуунд хэрхэвч сайнаар нөлөөлөхгүй шүү дээ. Тиймээс үндэсний спортын багийн харвааг хөгжүүлбэл ирээдүйн монгол хүүхдийн хүмүүжилд олон төрлийн эерэг өөрчлөлтүүд гарна.

-Энд ирсэн харваач хүүхдүүд бүгд л үндэсний дээл хувцсаа өмссөн харагдах юм. Тодорхой тогтоосон дэг журам байдаг юм уу?

-Бид тэмцээний шаардлагадаа хувцаслалтын тухайд нэг ч зүйлийг тусгаагүй. Угаасаа энэ спорт өөрөө тухайн тамирчинд заагаад өгчихдөг юм. Бүр багаас нь нум саадгаа хэрхэн аргилж арчлах, дээл хувцсаа хэрхэн цэвэрхэн өмсөх, хүнтэй хэрхэн харьцах болон өөрийгөө хэрхэн сонсох гээд бүгдийг нь заагаад, хүмүүжүүлээд өгчихдөг юм гэв.

Өнгөрсөн жилийн тэргүүн байрыг эзэлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат А.Даваадулам эхний тойргийнхоо найман сумнаас долоо оносон амжилттайгаар талбайгаас ирж явахтай нь бид таарсан тул наадмын сэтгэгдлийг нь сонссон юм.

-Түрүү жил тэмцээндээ хэрхэн бэлдэж байв. Тухайн үед түрүүлчихээд шагналаа гардаж авах гэж байх үеийнхээ сэтгэгдлийг эргэн дурсаач?

-Өмнө жил спортын мастер Баяржаргал багштайгаа аймагтаа бэлтгэлээ хийж улсын баяр наадмаар 32 онохоос 30 онож түрүүлж байсан. Өдөрт 32 сум тавьдаг байсан. Тэр сумаа хэрхэн тавихаасаа шалтгаалаад цаг хугацааны хувьд янз бүрээр тоологддог. Мөн тохны бэлтгэл хийж байсан. Тэр нь сум байгаа оносон тохиолдолд харваач арагшаа нэг метр ухарч дараагийн сумаа тавих ёстой бэлтгэл байдаг.

-Анх 2014 онд Үндэсний их баяр наадмаар сур харваад хоёрт орж байсан гэсэн. Хичнээн жил энэ спортоор хичээллэсэн бэ?

– Энэ жил долоо дахь жилдээ орж байна. 2014 онд анх харваад хоёрдугаар байрт орж байснаасаа хойш тасралтгүй тав дахь жилдээ оролцож байна. 2014 онд хоёрт орчихоод нэгт орсон хүүхдийг Ерөнхийлөгчөөс шагналаа авч байхыг нь хараад “Би ингээд зогсож байх юм сан” гэж бодсон. Харин 2017 онд улсын наадмаар түрүүлж, шагналаа Ерөнхийлөгчөөс гардаж авсныхаа дараа “Би чадчихлаа” гэж бодсон. Энэ жилийн хувьд, улсын нээлтээр харваад ангилалдаа түрүүлсэн. Наадмын бэлтгэл болгож, манай Өвөрхангай аймгийнхан Хархорин сумд галд гарч, найм хоног бэлтгэл хийсэн.

-Чиний харваж байхыг чинь холоос ажиглаж байхад сум тавихаасаа өмнө нүдээ аньж, гараа сэгсэрч өөрийгөө төвлөрүүлж байгаа харагдсан. Ер нь Энэ спорт чамд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Энэ спортоор хичээллэсэн тамирчид их хүлээцтэй, тайван болж аливаа зүйлийг харах өнцөг нь өөрчлөгдөж, бүгдийг ул суурьтайгаар хүлээж авдаг болчихдог. Мөн сэтгэл зүйгээ нэгэн жигд дарж сурдаг. Хамгийн гол нь өөрийн бодлоо нэг цэгт төвлөрүүлж байж амжилт гаргадаг. Нэг үгээр хэлбэл, нум, сум, бодол гурав нэг цэгт төвлөрсөн тохиолдолд байгаа онодог гэж би боддог. Тиймээс сум тавихдаа аль болох бодлоо цэгцлэн, ухаанаа төвлөрүүлдэг. Бас манай багш хувь хүний зан чанарт нь хандсан бэлтгэл хийлгэдэг. Би л гэхэд сэтгэл хөдлөл ихтэй. Түүнийг маш сайн мэддэг болохоор бодлоо нэгэн жигд барьж сургахын тулд тулж ажилладаг. Гэхдээ загнах үедээ хайр гамгүй загнаж, магтах үедээ харамгүй сайхан үг хэлдэг. Ер нь тэмцээн болгоноор хамт байж, ар талыг минь маш сайн дааж чаддаг.

-Сэтгэлзүйн хувьд өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ?

-Маш тайван байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийн амжилтаа доруулчихгүй юмсан, дараа жил томчуудын төрөлд орох тул дотроо бодсон бодол, төлөвлөсөн зүйл бий. Одоогоор сум дуусаагүй байгаа учраас ам гарч болохгүй.

-Гэр бүлийнхэн чинь хэр дэмждэг вэ?

-Анхны жил нэг их тоодоггүй байсан юм. Харин хоёр дах жилээсээ тэмцээн уралдаанд ороод ирсэн чинь намайг хэн хүнээс илүү ойлгож, дэмждэг болсон. Одоо бол миний хамгийн үнэн ч туслагчид бас дэмжигчид. Өнөөдөр ч гэсэн хамт ирцгээсэн байгаа гэв.

З.СУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *