Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн осол гэмтлийн талаар хэлэлцэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын энэ өдрүүдэд дүүргүүдийн хорооны нийгмийн ажилтан, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнуудад “Хүүхдийн ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд энэ оны 10 сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 110 бүртгэгдсэнээс 56 тохиолдол буюу 50.9 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эндсэн байна. Үүнээс 75 хувь нь түлэгдэлтээр, 3,6 хувь нь угаартаж,16 хувь нь зам тээврийн ослоор, 1,8 хувь нь хахсан, 1,8 хувь нь өндрөөс унаж нас баржээ.
Олон улсын судалгаагаар хүүхдийн осол гэмтлийн 90 хувийг асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй ба хүүхдийн осол гэмтлийн улмаас нас барах тохиолдол хөгжил буурай болон хөгжиж буй оронд 3,4 дахин их байдаг гэсэн дүгнэлт гарсан байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага хүүхдийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна.
Нийслэл хотод суурьших хүн амын шилжилт хөдөлгөөн жилээс жилд нэмэгдсэнтэй холбогдон хүн амын механик өсөлт, ажилгүйдэл, гэр бүлийн, хүүхдийн хүчирхийлэл, ахуйн болон зам тээврийн осол гэмтэл нэмэгдэж байгааг холбогдох албаныхан хэлж байгаа юм.
Иймээс хүүхдийн осол гэмтэл, хүчирхийлэлд хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *