Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн нүдээр “Бяцхан зорчигчид ээлтэй автозам”

Зориг сан нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Залуу Манлайлал Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь салбартаа идэвхитэй ажиллах, нийгэмд манлайлах хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг шалгаруулан авч, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадваржуулах, манлайлах чадварыг бэхжүүлэх зорилготой. Хөтөлбөрийн энэ жилийн оролцогчдоос бүрдсэн “Зөрлөг” нөлөөллийн төслийн хүрээнд 2018 оны тавдугаар сарын 14-30-ны өдрийг хүртэл 6-16 насны хүүхэд, сурагчдын дунд “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” нэртэй гар зургийн уралдааныг зарлаж уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр зургадугаар сарын 1- 5-ны хооронд Шангри-Ла Малл- д үзэсгэлэн гаргажээ.

Үзэсгэлэнд тавигдсан хүүхдүүдийн уран бүтээлээр дамжуулж замын хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, эерэг хандлагыг уриалах, бусад хүүхдүүдэд замын хөдөлгөөний талаар танин мэдэхүйн мэдлэг олгох, хүүхдийн баярын өдрийг бүтээлч, аз жаргалтай, дурсамжтай өнгөрүүлэх боломжийг гэр бүлд бий болгох зорилготой байсан юм.

Энэхүү уралдаанд нийт 100 гаруй бүтээл ирсэн ба бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүрийг ивээн тэтгэгч байгууллагуудын бэлгээр шагнаж урамшуулжээ. Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Петровис ХХК хамтран ажилласан байна. Уралдааны талаарх зарим сэтгэгдлүүдийг та бүхэнд хүргэе.

Амгалан Цогцолбор сургуулийн дүрслэх урлагийн багш, МУ-н гавьяат багш н.Даваажав

Энэ жилийн “Бяцхан зорчигчдод ээлтэй автозам” уралдааны удирдамжид найрсаг жолооч, найрсаг зорчигч, түгжрэлгүй зам мөн мөрөөдлийн зам гэх мэт олон сэдэв заасан байсан. Сэдвүүдээ хүүхдүүдтэйгээ ярилцахад “Найрсаг жолооч”, “Түгжрэлгүй зам” сэдвүүдэд илүү сонирхолтой байсан. Зарим хүүхдүүд “Метро тавьчихвал их үнэтэй байхдаа…?”, хүүхдүүд маань хичээл тарах болон хичээлдээ ирэх үед түгжрэл ихтэй байдаг учир “Гүүрэн зам тавиулж болдог болов уу…?” гэх мэт асууж байсан. Ямартай ч ирэх жил энэхүү сайхан уралдаан маань дахин зарлагдаасай гэж бодож байна.

Хүүхдийн ертөнцбол өнгөн дотор умбаж бялхаж байдаг. Өөрөөр хэлбэл тэд өнгөөр чихэр идэж байдаг. Энэхүү үзэсгэлэнгийн зургууд бүхэлдээ тийм л байлаа. Агуулгын хувьд бол энэхүү үзэсгэлэнд доод тал нь миний анзаарсанаар 50 гаруй ялгаатай санаа гарсан байна.

Зохион байгуулагчид 100 хүүхдэд бэлэг буюу шагнал өгсөн байна. Ерөөсөө хүүхдийн төлөө ингэж ажиллаж байсныг би мэдэхгүй юм. Зохион байгуулагч нарт их баярлалаа.

Нийслэлийн 29-р тусгай сургуулийн багш Л.Дашдэндэв

Зөрлөг төслийн багийн зохион байгуулсан энэхүү уралдаанд манай сургуулиас нийт 10 гаруй шавь маань оролцсон. Шавь нарыгаа эрүүл хүүхдүүдийн адил зурж, дүрслэх урлаг бүтээлгэхийн тулдамьдралынхаа 25 жилийг зарцуулжээ. Өнөөдрийн энэхүү гар зургийн уралдаанд явуулсан нийт 10 бүтээлээс шагналт байранд орсонд баяртай байна. Энэхүү үзэсгэлэнгийн зургуудыг харахад хүүхдүүд тун авъяастай зурдаг болсон байна. Гэхдээ манай шавь нар эдгээр хүүхдүүдээс дутах зүйлгүй мөн энэ авъяаслаг бүтээлүүдийн хажууд зэрэгцэн байгааг хараад манай шавь нар ч бас чадвартай авъяастай байна гэж бодож байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг нь тохиолдуулан хүүхдүүдээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг мөн сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг энэ дашрамд хүргэе.

Та бүхэн үзэсгэлэнд бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдийн зургийг Зөрлөг төслийн багийн фейсбүүк хуудаснаас үзэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *