Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хүзүүний хөвөгч хэрэглэхгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Хүүхдээ усанд оруулах эсвэл усан эмчилгээ хийлгэхдээ хэрэглэдэг хүзүүнд зүүдэг хөвөгчийг ашиглахгүй байхыг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ анхаарууллаа. Тус улсад уг хөвөгчийг хэрэглэсэн нэг нярай нас барж, нэг хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай тохиолдол гарсан байна.

“Хүзүүний хөвөгчийг ашиглах нь хүүхдийг усанд живүүлэх, амьсгалыг нь боох болон хүзүүний үенд гэмтэл учруулах эрсдэлтэй. Түүнчлэн нуруу, нугасны өвчтэй хүүхдүүдэд бүр ноцтой гэмтэл үүсгэж болзошгүй” хэмээн Хүнс, эмийн чанарын хяналтын газар мэдэгдэлдээ анхааруулжээ.

Хүзүүний хөвөгч үйлдвэрлэдэг зарим компаниуд уг бүтээгдэхүүнийг “булчинг суллан амрааж, уян хатан чөлөөтэй хөдлөх боломжийг олгодог ба уушгины багтаамжийг нэмж, нойрны чанарыг сайжруулж, тархи, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмждэг” хэмээн сурталчилдаг. Гэвч АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас эдгээр давуу тал бүхий тайлбарыг нотлогдоогүй болохыг онцлон тэмдэглэв. Мөн уг хөвөгчийг огт ашиглахгүй байхыг олон нийтэд уриалж, хөвөгчөөс үүдэлтэй хохирол амсаж байсан бол мэдэгдэхийг хүсжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *