Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн баяр”-ын үеэр Чингисийн талбайн хоёр талын замыг хаана

Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг НЗДТГ-аас Чингисийн талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах бол дүүрэг бүр өөр өөрсдийн сонгосон талбайд Хүүхдийн баярыг тэмдэглэнэ. Тодруулбал Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 05 дугаар сарын 31-нд  10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулах бол Баянгол дүүргээс 6 сарын 01-нд 10:00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл жагсах юм байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд  зохион байгуулна. Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын  арга хэмжээг хороо тус бүрт нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ.

Чингисийн талбайд болох ”Хүүхдийн баяр”  албан ёсны арга хэмжээ 11:00 цагаас эхлэх бөгөөд тайзыг өвөрмөц , сонин байдлаар засахаар төлөвлөж байна . Тухайлбал талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз  нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулна. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна.  Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ. Энэ үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайн 2  талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд түр хугацаанд хаах гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *