Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдээ хамгаалсан Францын хуулийг хуулбал ямар вэ?

Франц аав, ээжүүд тав хүртэлх насны хүүхдийнхээ зургийг фэйсбүүк, твиттерт байршуулбал 45 мянган еврогийн торгууль төлөхөөр болж. Торгуулиа төлөхгүй гүрийвэл жил шоронд суух шийтгэл тэднийг хүлээж байна. Мэдээж хэн ч хүүхдийнхээ зургийг сошиалд дэлгэж өчнөөн мянган еврогийн өрөнд орохыг хүсэхгүй. Францын хууль тогтоогчид хүүхдийнхээ зөвшөөрөлгүй хувийн нууцад нь халдаж болохгүй гэж үзээд ийм шийдвэр гаргасан юм билээ. Манайд ч бодож үзэхээр асуудал. Фэйсбүүк, твиттерт энэ хүүд ингэж тусаллаа, өнчин ядуу энэ охин хөөрхий гэх мэт элдэв тайлбартайгаар хүүхдийн зургийг дурайтал тавьсан харагддаг.

Наанадаж л ангийнхан нь хараад элдвээр шоглож, шоолох эрсдэл бий. Гэмт хэрэг хийсэн залуугийн хүүхэдтэйгээ авахуулсан зургийг дэлгэхээ ч юман чинээ тоодоггүй. Үр хүүхдийнхээ сургууль цэцэрлэгтээ явж байгаа, гэрийнхээ гадаа тоглож буй гээд алхам тутмыг нь цахим сүлжээгээр дэлгэдэг аав, ээжүүд бол хэдэн зуугаараа. Хайртай үрийнхээ зургийг байсхийгээд фэйсбүүкт постлоод буруу бодолтны гарт охиноо алдах дөхсөн бүсгүйн тухай мэдээ хэдэн жилийн өмнө цацагдаж байсан удаатай. Гадаадад болсон ч гэлээ болгоомжлоход илүүдэхгүй жишээ. Үр хүүхэд, гэр орон хамгаа дэлгээд байвал ийм осолтой явдал болохгүй гэх газаргүй. Манайхан ямар нэг шинэ хуулийн төсөл боловсруулахдаа гадны улсаас шууд хуулаад тавьчихдагаараа алдартай улс. Харь орны хуулийг шууд орчуулаад хуулна гэдэг дэмий эд л дээ. Улс орны онцлог гэх мэт түмэн шалтгаан бий. Харин шууд хуулж болох хууль гэвэл хүүхдүүдийнхээ зургийг цахимд байршуулахыг хориглосон франчуудын шийдвэр байна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *