Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуучны машины үзэсгэлэн хүмүүсийн анхаарлыг татав

Манай улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд 21 аймгийн тээвэрчид өчигдөр Улаанбаатар хотод чууллаа. Тэд үе үеийн тээврийн хэрэгслийн үзэсгэлэнг сонирхож, баярын хуралд сууж, хүндэтгэлийн концерт үзсэн юм. Аймаг бүрт 15 хүн ирүүлэх босго тавьж өгчээ. Орон нутгаас ирсэн баг бүрийн эхний найм, ес нь хөдөлмөрийн баатрууд бол бусад нь гавьяат тээвэрчин, ахмад тээвэрчин, осолгүй манлай жолооч зэрэг хүмүүс гэнэ. Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатын тодорхойлсноор “Хөдөлмөрийн баатрууд голдуу, дарга тун цөөтэй” арга хэмжээ болж байгаа аж. Түүнчлэн төмөр замын салбараас ч урилгаар зочид төлөөлөгчид ирсэн харагдав.

Чингисийн талбайн урд зогсоолд гаргасан үе үеийн тээврийн хэрэгслийн үзэсгэлэн иргэдийн анхаарлыг ихэд татаж байв. Тус үзэсгэлэнд 37 хуучны машин, мотоцикль жагссан байлаа. Хамгийн хуучин нь 1921 онд үйлдвэрлэсэн ачааны тэрэг бол залуу нь 1985 оны “Волга” байх жишээтэй.

Мотоциклиуд нь 1961-1983 онд үйлдвэрлэгдсэн “Урал М” загварынх аж. Цэргийн холбооны, аяллын, хэрэглээний гээд төрөл бүрийнх нь урд үзүүлэлт, тайлбарыг өлгөсөн байв. “Mon­golian sidecar” клубын залуус автотээврийн 90 жилийн ойн үзэсгэлэнд зориулж хувийнхаа мотоциклиудыг авчирсан нь энэ гэнэ. Тэд “Жижиг хэрэглэлүүдийг нь л нэмсэн. Бусад явах эд анги нь өөрийнхөөрөө байгаа” хэмээн мотоциклиудаа товчхон танилцуулав.

Савхин хувцастай хуучны гурван дугуйт эгнүүлсэн залуусыг хэдэн жуулчин их л сонирхож байгаа нь илт. Хамт зургаа авахуулж, мотоцикль дээр нь сууж үзэцгээж байх юм.

Дандаа орос болоод хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын машинууд эгнүүлснийг хэдэн орос жуулчин их л олзуурхаж байгаа бололтой. Нэг бүрчлэн их л удаан үзэх юм. Хажууд нь нэг халамцуу эр зогсон “Би Чайкагаар хичээлдээ явдаг байлаа” гээд зөрсөн хүн болгонд ярих. Холдоод явж байхад “Монголд гуравхан шар Шкода байж билээ” гэх нь чих шүргэнэ. Түүгээр өнгөрч явсан хүмүүс ч ирж сонирхож зургаа хамт авахуулсаар нэлээд хөлтэй газар болчихлоо. Эмэгтэйчүүд хоёр суудалтай 1939 оны цагаан өнгийн М 415 маркийн Птап хэмээх чамин машин эсвэл хар өнгийн гялалзсан Волга машины өмнө зургаа авахуулж байсан бол эрчүүд Урал мотоцикль, ачааны тэрэг, А69 маркийн машинуудыг ихээхэн сонирхож дотор нь орж зургаа даруулах юм. Тэнд 1946 оны Москвич, 1952 оны Шкода, 1981 оны Чайка зэрэг тун гамтай эзний хадгалсан нь илт болох төмөр хүлгүүд эгнэнэ. Тэр бүхний дэргэд ёс мэт хэдэн эрчүүд цуглачихсан машины талаар яриа дэлгэх. Харваас тэд тэнд л хоорондоо танилцаад хуучин цагаа дурсаж эхэлсэн нь илт.

Уг үзэсгэлэнд тавигдсан 37 тээврийн хэрэгслийн 20 нь Зам тээврийн сайдаар гурвантаа ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хувийн цуглуулга гэнэ. Үлдсэн нь тээврийн үзэсгэлэнд оролцох урилга ирүүлсний дагуу машинаа авчирсан хувь хүмүүс байв. Хуучин машин сонирхогч Э.Анхбаяр “Би энэ үзэсгэлэнд 1975 оны Волга машинаа тавиад байна. Янзалж хараахан дуусаагүй. Ер нь хуучны унаа болохоор хийх юм ихтэй. Дотоод эд ангиуд нь элэгдэлд орчихсон болохоор шинэ технологи ашиглаж засварлахаас өөр аргагүй” гэж байв.

Мөн цагдаагийн хурандаа Ч.Ганбат хоёр машинаа сонирхуулахаар тавьжээ. Тэрээр “Ер нь хуучны сэлбэг олдох нь ховор болохоор тааруулаад орчин үеийн эд анги тавина л даа. Хуучин машин сонирхоод явахаар цуглуулагчид аяндаа нэг нэгнээ мэддэг болчихдог юм байна. Тэгээд нэг нь тоног төхөөрөмжтэй бол нөгөөхөө түшээд, мэддэг хүндээ үзүүлээд явна шүү дээ” гэж ярив. Уг арга хэмжээнд дан ганц хуучны машинууд байсангүй. Чингисийн талбайн баруун захаар эх орондоо үйлдвэрлэсэн автобус, цахилгаан тээврийн хэрэгслийг эгнүүлэн сонирхуулж байв. Түүнчлэн КИА, Хюндай компаниуд өөрсдийн шинэ машинуудаа танилцуулахаар тавьсан харагдана. Тэнд сая наадмын өмнө гавьяат тээвэрчин цол хүртсэн Н.Зоригтой таарсан юм. Тэрээр “Би 1981 онд Белорус улсад авто инженерээр төгсөж ирээд автобус баазад ажилд орж байсан. Түүнээс хойш 35 жил тасралтгүй ажилласан байна. Тээврийн салбар ч их хөгжлөө. 2000 онд Монгол Улс 100 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан. Одоо 700 мянган тээврийн хэрэгсэл байна. Нийтийн тээвэрт урт автобус, цахим төлбөрийн тооцоо нэвтэрч эхэллээ. Миний хувьд техникийн хяналтын үзлэг хийх системийг анх нэвтрүүлж 21 аймаг, Улаанбаатар хотод 25 оношилгооны төвийг байгуулсан. Өөр ч олон төслүүд дээр ажиллаж байлаа. Энэ хөдөлмөрийг минь төр засаг үнэлж гавьяат хэмээх эрхэм цолоо хайрласан байх аа” гэсэн юм.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *