ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү харьяа яамныхаа сайдтай зөрчилдөх болсон шалтгаанаа тайлбарлалаа. Тэрээр “Бид урд нь маш өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж байсан. Хоорондоо нарийн уялдаа холбоотойгоор дүрэм журамын дагуу цэргийн маягаар зохион байгуулагдчихсан зүйл гэж хэлж болно. Тэр зохион байгуулалт Д.Сарангэрэл сайдын хувьд яг тэр чигээр мөрдөгдөөд ямар ч буруу ойлголцох асуудал гарч байгаагүй.
Одоо зохион байгуулалт дээр доголдолтой байна. Дүрэм журам гэдэгт чинь эрэмбэ дараа гэж байх ёстой. Дороос өөр мэдээ аваад явчихаар надад удирдагдах эрэмбийг л алдагдуулж байна гэсэн үг. Энэ бол энгийн жишээ. Хамгийн гол нь Цэргийн төв эмнэлэг болон бусад төв эмнэлгүүдийг бүгдийн нүүлгээд ариутгана гэж байгаа. Сүрьеэгийн өвчтөнүүдийг хүртэл шилжүүлнэ гэсэн. Би үүнд эсрэг байр суурьтай. Халдварт өвчнийг хөдөлгөлгүй тухайн газарт нь цомхотгон дарах хэрэгтэй. Хөдөлгөөн ихсэх тусам л халдвар дамжин тархах эрсдэлтэй. Яагаад гадуур хөл хорио тогтоогоод байгаа билээ. Карантин гэдэг чинь хөл хорино гээд байгаа зүйл. Ийм байхад тарааж ийш тийш нь шилжүүлж болохгүй гэдэг дээр л маргасан. Халдвартай хүмүүсээс гадна сүрьеэтэй хүмүүсийг нүүлгээд тэр чигээр нь энэ байрыг ариутгаж засна гэж ярьсан нь бидний зөрчилдөх шалтгаан болсон. Намайг энэхүү үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаж чадахгүй бол ажлаа өгөөрэй гэсэн. Бид албан тушаал гэхээсээ гадна үндсэн мэргэжил гэж байна. Хэрвээ би урваад, аялдан дагалдаад энэ асуудлыг зөвшөөрөх юм бол манай хамт олноос гадна бидний мэргэжлийн үнэ цэнэ гэдэг зүйл алга болно. Энэ дан ганц миний асуудал биш, ХӨСҮТ-ийн хувь заяа яригдаж байна.