Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 75 хүнээс коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Тэрбээр “Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс илэрсэн батлагдсан тохиолдлын ойрйн хавьтлын 75 хүнээс коронавирус илрээгүй.

Мөн Истанбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй.

Хэнтий аймагт сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарласан. Шинж тэмдэг илэрсэн. Шинжилгээний сорьц ирж байгаа. Мөн автобусанд хамт явсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан.

ХӨСҮТ-д батлагдсан тохиолдол 6 хэвээрээ, сэжигтэй тохиолдол 7 байгааг шинжилгээ хийж, хянаж байна.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулна” гэсэн мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1,804 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Наранбулаг, Парк, Амар зочид буудал, Энхсаран, Жаргалант сувилал, Бага баян амралт, Асралт мед эмнэлэг, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт байгаагаас гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад иргэд ажиглалтад байгаа.

Тусгай үүргийн дөрвөн нислэгээр ирсэн нийт 983 зорчигчоос гадна нисэх багийнхан бүгдээрээ тусгаарлан ажиглалтад байна.

ОХУ, Казахстанаас оюутнууд ирэх хүсэлтээ ЭСЯ-даар дамжуулан гаргаж байгаа учраас тэднийг хүлээж авах бэлтгэлээ хангаж байгаа. Оюутнуудыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлахаар байруудаа бэлдэж байна.

14:00 цагаас УОК хуралдана. Хуралд ЭМ-ийн сайд оролцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцуулна.

Анхны мэдээг нэгдүгээр сарын 3-нд хүлээн авснаас хойш эрүүл мэндийн салбар, Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлаа дүгнэн ЭМ-ийн сайдын зөвлөлийн хурлыг өчигдөр хуралдуулсан. Хурлаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлж өнөөдөр УОК-т танилцуулах гэж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр зохицуулалтуудаа тогтмол хийгээд явж байгаа. ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний 10 орыг тохижуулж бэлэн болголоо. Мөн шаардлагатай аппаратуудыг суурилуулах ажлыг хийж байна. Эмнэлгийн машинуудыг мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглож, хүнд өвчтөнүүдийг тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрвээ ачаалал үүсээд эхэлбэл явуулын амбулаторийг ажиллуулах боломжийг судалж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *