Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн нисэх буудлын зурвасын хучилт хийгдэж эхэллээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд барьж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын аэродромын хөөрч, буух зурвасын бетон хучилтын ажлыг өчигдрөөс эхэлжээ.

Герман улсад үйлдвэрлэсэн, олон улсад бетон зам тавихад ашигладаг “Вертген” технологийн автомат машиныг ашиглан зурвасын хучилтыг хийж байгаа аж. Тус машин нь бетон замыг 15 метр хүртэл өргөнтэй, 50 см өндөр хүртэл хучиж, зогсолтгүйгээр 24 цагийн турш бетон зам үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Олон улсын нисэх буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн Аэродром хариуцсан менежер Д.Цогням ярихдаа, “Дээрх технологийг манай улсад анх удаа аэродром барихад ашиглаж байгаа. Монгол орны цаг агаарын онцлогийг харгалзан төмөр хүчитгэсэн торыг дэвсэж байгаа. Ингэснээр 40 жил ашиглаад дахин шинэчлэн засварладаг бетон замын эдэлгээний хугацааг 10 жилээр уртасгах юм” гэлээ.

Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлын аэродромын хөөрч буух зурвас нь 3600 метрийн урттай, 45 метрийн өргөнтэй байх бөгөөд 7.5 метрийн асфальт бетон хөвөөг хоёр талаар нь дэвсэх гэнэ. Зурвасын хучилтын ажлыг Япон, БНСУ-ын инженер-техникийн багийнхан гүйцэтгэж байгаа бөгөөд гурван сарын хугацаанд хийж дуусгах гэнэ. 

Л.Гүндээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *