Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн нисэх буудлыг япончууд 30 жил ашиглана

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээний дагуу япончуудад хариуцуулах хэлэлцээ өнөөдөр Улаанбаатарт эхэлж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны эхээр Япон улсад айлчилж, Ерөнхий сайд Шинзо Абэтэй хамтын ажиллагааны зарим нэг тохиролцоонд хүрсэн.

Үүний нэг нь шинэ нисэх буудлын менежментийг Японы консорциумд хариуцуулах байв. Гэхдээ менежментийн компанийг консорциум дангаараа эзэмшихгүй. Тэд 51 хувийг нь эзэмшиж, менежментийг нь толгой мэдэн хийх бол Монголын Засгийн газар 49 хувьд нь хөрөнгө оруулж, эрх мэдлээ хэрэгжүүлнэ.

“Мицүбиши Чиёодо” компани Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын барилгын төслийг удирдаж байгаа.

Улмаар манай Засгийн газар 2015 оны аравдугаар сард шинэ нисэх буудлыг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй концессын шууд гэрээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Дараа нь Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээрт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан юм. Нисэх буудлын барилга байгууламж Монголын төрийн өмчийнх байна. Харин үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материал худалдаж авах, онгоцны буудлыг тохижуулах хөрөнгийг менежментийн компани санхүүжүүлнэ.

Манай тал 49 хувьд ногдох хөрөнгөө санхүүжүүлэх юм. Ингээд онгоцны буудлыг ашиглана. Ингэхдээ онгоцны буудлыг барихад авсан зээлийг эргэн төлөх, өөрсдийнхөө оруулсан хөрөнгийг нөхөх, тодорхой хэмжээний ашиг олох менежмент хийх учиртай. Гэрээний дагуу хэсэг хугацаанд нисэх буудлыг ашиглаад Монголд буцааж шилжүүлнэ. 30 жил ашиглаад шилжүүлэхэд нисэх буудал барьсан зээлийг эргүүлэн төлөх, өөрсдийн оруулсан хөрөнгөө нөхөх, тодорхой хэмжээний ашигтай ажиллах боломжтой гэсэн саналыг Японы консорциумынхан ирүүлжээ.

Шинэ нисэх буудал нь ойролцоогоор 600 сая ам.долларын өртгөөр босож байна. Одоо үйл ажиллагаа явуулж буй “Чингис хаан” олон улсын нисэх буудал жилд дээд тал нь нэг сая зорчигч хүлээн авч байгаа. “Чингис хаан”-ых шиг зорчигчийн урсгалтай, менежментээр ажиллавал Хөшигийн хөндийн нисэх буудал хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөх нь тодорхойгүй гэнэ. Иймээс л Японы туршлагатай компаниудаар менежмент хийлгэхээр дуртай зөвшөөрч, хамтарч ажиллахаар болжээ.

Хөшигийн хөндийн нисэх буудал жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Тиймээс зорчигчийн тоог өнөөгийнхөөс гурав дахин өсгөх боломжтой юм. Нислэгийн бус орлогыг автомашины зогсоол, татваргүй барааны дэлгүүр, зоогийн газар, кофе шоп, зар сурталчилгааны самбарын түрээс зэргээс бүрдүүлдэг байна. “Чингис хаан” нисэх буудал орлогынхоо 90 хувийг нислэгийн, үлдсэнийг нь нислэгийн бус үйлчилгээнээс бүрдүүлж байгаа. Тиймээс Японы компаниудын “ноу хау”-г ашиглаж, зорчигчийн тоог өсгөхийн зэрэгцээ нислэгийн бус орлогыг нэмэгдүүлэх стратеги баримтлах юм байна.

Бусад хөгжсөн орны нисэх буудлын нислэгийн бус орлого нь нислэгийнхтэйгээ тэнцүү байдаг аж. Түүнчлэн нислэгийн бус орлого нэмэгдэх тусам нислэгийн үйлчилгээний тарифаа бууруулдаг жишигтэй гэнэ. Ингэснээр авиакомпаниудад таатай нөхцөл үүсэж, нислэгийг тоогоо нэмдэг зүй тогтолтой аж.

Хөшигийн хөндийд манан их буудаг учраас нислэг их саатна гэсэн шүүмжлэл гарсан. Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан “Хэд хэдэн байршилд цаг агаарын бүх төрлийн ажиглалт олон жил хийсний үндсэн дээр сонгосон учраас ямар нэг эргэлзээ байхгүй.

Одоогийн нисэх буудалд том онгоц зөвхөн баруун хойноос буудаг, мөн баруун хойшоо л хөөрдөг. Энэ нь нислэг саатахад нөлөө үзүүлдэг. Хөшигийн хөндийн нисэх буудал хоёр талаас хөөрч, буух боломжтой. Иймээс цаг агаараас, ялангуяа салхинаас үүдсэн нислэгийн саатал үндсэндээ байхгүй болно. Үргэлж өтгөн манан тогтож байдаг гэвэл өрөөсгөл ойлголт” хэмээн няцаасан юм.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Чингис хаан” нисэх буудлыг үндсэн үйл ажиллагааных нь чиглэлээр ажиллуулах бодлого баримталж байгаа аж.

“Чингис хаан” нисэх буудалд МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний төв, Нислэгийн удирдлагын төв, Иргэний нисэхийн ерөнхий газрын Шалгалтын нислэг, зураглалын алба, Цэргийн нислэгийн 303 дугаар анги, бусад авиакомпани ажиллаж байгаа. Иймээс зөвхөн арилжааны нислэгийн хэсэг нь л Хөшигийн хөндий рүү нүүх гэнэ.

“Чингис хаан” нисэх буудлыг үр бүтээлтэй ашиглахын тулд Нислэгийн сургалтын төв, Бага оврын нислэг хөгжүүлэх төв байгуулж, үйл ажиллагааг нь дэмжих юм байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудал “Буянт-Ухаа” нэртэйгээр 1957 онд байгуулагдсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *