Бидний амьдралын байн¬гын хэрэглээ хуруу зай аюултай хог хаягдалд ордог. Манайхан хуруу зайнаас эхлээд бусад аюултай хог хаягдлаа ангилж устгах талаар санаа тавьдаггүй. Хортой аюултай бодисоо хогийн цэгт зүгээр л хаячихдаг нь хөрс, усыг хордуулж, орчны бохирдол үүсгэж өвчний эх үүсвэр болж байдаг. Монголчууд хорт хавдраар хамгийн их өвддөгийн шалтгааныг холоос хайх хэрэггүй. Зарим нь хэрэглэж дууссан хуруу зайгаа зүгээр л гал руугаа шидэж далд оруулдаг нь хамгийн хор хөнөөлтэй аргаар устгаж байгаа хэрэг. Хорт бодисыг шатаахаар хорыг нь уушиглаж байгаатай агаар нэг. Хэрэггүй болсон хуруу зайг хазаж шамшийлгах, хүүхдээрээ тоглуулах нь бүр ч аюултай. Хор идэж байгаа хүүхэд гээд төсөөл дөө. Ихэнх хүмүүс хуруу зайгаа хог руугаа шидэж орхидог. Хөрсөнд хорт бодис нэвчих аюултай учраас энэ ч сайн арга биш. Хуруу зай хорт хавдар үүсгэдэг бодис ялгаруулдаг гэнэ шүү. Хөгжсөн орнуудад дэлгүүр, супермаркетуудад хуруу зай буцааж залгидаг төхөөрөмж ажиллуулдаг юм билээ. Хэрэггүй болсон хуруу зайгаа энд буцааж, орчны бохирдлоос сэргийлэх нь иргэний хариуцлагаа ухамсарлаж буйн илэрхийлэл. Зарим оронд хуруу зайгаа буцаасны төлөө урамшуулал өгдөг юм байна. Хуруу зайнд хорт бодисоос гадна ашигтай элементүүд ч бас бий. Түүнийг нь ялгаж авах боломжтой. Хуруу зайг дахин боловсруулах жижигхэн батарейны цех байхад л нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг. Хорт хог хаягдлаасаа цэвэрхэн сална. Бас үйлдвэрлэл явуулаад, ажлын байр бий болгоод, бүтээгдэхүүн үйлдвэрлээд ашиг олчихно.
Б.ЯНЖМАА