Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө оруулалт, инновацийн сэдэвтэй олон улсын үзэсгэлэн болно

“Expo Mongolia 2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм байна. Зохион байгуулагчид нь хэвлэлийн хурал хийлээ. Үзэсгэлэнд ХБНГУ, БНСУ, Итали, БНХАУ, Беларусь, Монголын нийт 50 гаруй аж ахуйн нэгж оролцох юм байна. Тэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж, сүүлийн үеийн технологийн шийдлүүдээ танилцуулна. Мөн энэ үеэр “Экспорт, импортын санхүүжилтийн боломжууд”, “Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал ба хөрөнгө оруулалт”, “Үйлдвэрийн гаралтай тоос, тоосонцрыг хянах, дарах шийдлүүд”, “Технологийн паркуудад хөрөнгө оруулах боломж”, “Барилгын халаалтын системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж” гэх мэтийн сэдвүүдээр туршлагатай компаниуд болон төр засгийн байгууллагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийх юм байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагч “JV Consult” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаагаас дараахь зүйлсийг тодруулсан юм.

-Энэ үзэсгэлэн бусдаас юугаараа онцлог юм бэ?

-Бүх салбарыг хамардгаараа онцлог. Үзэсгэлэнгийн тохижилт нь европ стандарттай гэдгээрээ өвөрмөц байдаг. Энэ жил хөрөнгө оруулалт болон инноваци гэсэн сэдвийн дор зохион байгуулж байна.

-Монголд бизнес эрхлэхэд ямар хүндрэлтэй асуудлууд байдаг талаар үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулах хэлэлцүүлгүүдээр ярих уу?

-Одоогийн байдлаар улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үе байна. Гэхдээ манай улсыг дэлхий бизнесийн хувьд сонирхож байна.

Энэ үзэсгэлэн үүний нотолгоо гэж хэлж болно. Гадаадын маш олон компани үзэсгэлэнд оролцож байна. Ер нь бол үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбож өгөх зорилгоор бид энэ үзэсгэлэнг зохион байгуулдаг. Жил болгон уламжлал болж байна. Гадны компаниуд, хөрөнгө оруулагчид бол Монголын эдийн засгийн үнэн байдал нь юу вэ гэдгийг мэдэхийг их хүсч байна. Тиймээс үнэн зөв мэдээллийг үзэсгэлэнгийн үеэр өгөхийг гол зорилгоо болгож байгаа.

-Үзэсгэлэнд орох аж ахуй нэгжүүд ихэвчлэн ямар салбарынх байна…

-Солонгосынхон эрүүл мэнд, хүнсний бүтээгдэхүүнээр оролцож байна. Италийн компаниуд барилгын салбарын бүтээгдэхүүнүүдээ дэлгэх жишээтэй.

-Монгол Улсад орж ирэх уул уурхайн хөрөнгө оруулалт зогсонги байдалд орчихсон байна. Тэгвэл гадныхан бусад салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа юм байна гэдгийг энэ үзэсгэлэнгээс харж болох нь ээ?

-Манай улс үйлдвэрлэгч болохын тулд бүх салбараа жигд хөгжүүлэх ёстой. Мэдээж гадныхан манай бүх л салбарт хамтран ажиллах сонирхолтой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Төр засгаас дэмжээд өгөх юм бол хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага байна. Мэдээж улс төрийн тогтвортой байдал чухал байна. Эдийн засгийн хувьд татвар, эрх зүйн байдлаар дэмжлэг хэрэгтэй байна.

Я.ЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *