Олон улсын хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia-2015” чуулган өчигдөр, өнөөдөр хоёр өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганы хувьд хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт аль аль нь буурсан үетэй давхцаж буйгаараа онцлог хэмээн албаныхан тайлбарлаж байлаа.
Чуулганд Бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, Сингапур, Япон, Хонконг зэрэг 40 гаруй орны болоод дотоодын 500 орчим хөрөнгө оруулагч оролцсон юм. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улстай хамтрах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Харин эрхзүйн орчин, улс төрийн нөхцөл байдал илүү тогтвортой, аль аль талдаа ашигтай боломж гарахыг хүлээлтийн байдалд буйгаа илэрхийллээ.
Хэдийгээр Монгол Улсад сүүлийн гурван жилд эдийн засгийн өсөлт бууралттай, хөрөнгө оруулагчдын тоо багассан ч энэ алдаагаа засч эрхзүйн орчноо илүү боловсонгуй болгох, Оюутолгой зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж эхэлсэн нь сайшаалтай гэдгийг онцлов. Энэ нь хөрөнгө оруулагчдыг эргэж татах боломжийг бүрдүүлж байна хэмээн албаныхан хэлж байна. Ямартай ч гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монголын нөхцөл, орчныг харзанасан, хүлээлттэй байгаа аж. Тиймээс тэдний энэ хүлээлт дээр тулгуурлаад хөрөнгө оруулагчдаа эргүүлэн татахын тулд бодлогоо тодорхой болгож, улстөрийн хувьд тогтворжих нэн тэргүүний шаардлага бийг чуулганы төгсгөлд салбарынхан онцлон дүгнэж байсан юм.
Энэ уулзалтад оролцсон “Непко” компанийн захирал Баабар газар тариалан эрхлэгчдийг тэтгэх мөнгөөрөө гаднаас гурил авсан бол өнөөдрийнх шиг өрөнд орохгүй байсныг онцолж байлаа. Түүнчлэн “Нүүрсний үнэ унасан хэрэг биш харин Австралийн үерийн дараа өсөөд одоо жинхэнэ үнэ дээрээ ирж байгаа” гэсэн юм. Энэ мэтчилэн яриа хэлэлцээр, мэтгэлцээн дүүрэн чуулган болж өнгөрлөө.