Categories
мэдээ цаг-үе

Хөрөнгө оруулагчид “Хүчтэй дэд бүтэцтэй бол Монголын эдийн засаг сэргэнэ” гэв

“Өдрийн сонин”-ы № 208 (5473) дугаараас авч нийтлэв.

“Монголын эдийн засаг ирэх жилээс сэргэж эхэлнэ” гэж Ерөнхий сайдын эдийн засгийн ахлах зөвлөх Н.Энхбаяр онцолсон бол “Си Ар Юу” группийн Хятад дахь салбарын захирал Жон Жонсон нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ одоогийнхоос доошлохгүй аажимдаа бага багаар өснө гэсэн гэгээтэй мэдээ дуулгав. Тэд “Дисковер Монголиа-2016”-гийн голлох илтгэлийг тавьсан юм. Уул уурхайн баялгаа ахиу үнээр зарж мөнгө олъё гэвэл төмөр зам, цахилгаан станц зэрэг дэд бүтэцдээ анхаарах хэрэгтэй гэсэн санааг илтгэгч бүр хэлж байв. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр хүчтэй дэд бүтэцгүй бол уул уурхайгаараа дэлхийд өрсөлдөх бололцоогүй хэмээн онцолсон. Оюу толгой төсөл нийт зардлынхаа 30 хувь буюу 200-300 сая ам.долларыг цахилгаан худалдан авах гэж урд хөршийн компанид төлдөг, Таван толгойн цахилгаан станцаа барьчихвал энэ мөнгө дотооддоо үлдэнэ гэсэн тоо ч дуулдав. Дэд бүтцээ даруйхан шийдэж, өрсөлдөх чадвараа сайжруулахгүй бол уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сэргэх ирэх жилүүдэд Монгол Улс хүчтэй тоглогч байж чадахгүй гэсэн санаа “QMC” компанийн ерөнхий захирал М.Дагвын илтгэлээс мөн анзаарагдав. Тэрээр “Уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар” сэдвээр илтгэл тавьсан юм. Илтгэгч “Дараагийн өсөлт ирэхэд өрсөлдөх чадвартай улс л өгөөжийг нь хүртэнэ. Өрсөлдөөнд оръё гэхэд хоёр зүйл саад болоод байна. Монголын тухайд компаниуд бор зүрхээрээ өрсөлдөх чадварын судалгаа хийдэг. Гэтэл Австрали гэх мэт том улс орнууд төрийн институтээр дамжуулж өрсөлдөх чадварыг судлаад эхэллээ.

Компани, төр дан дангаараа биш хамтарч байж өрсөлдөөнийг шинээр ойлгоно. Өрсөлдөөний тухай шинэ зургийг тархиндаа бий болгоно” хэмээн онцоллоо.

14 дэх жилдээ болж байгаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулга уулзалтад 350 гаруй хүн оролцов. Хөрөнгө оруулагчид өнгөрсөн жил “Популизмгүй уул уурхайн төлөө” уриан дор чуулж байсан бол энэ жил “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриа сонгожээ. Нээлтийн ёслолд засгаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар ирсэн юм. Уул уурхайн сайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг нээлттэй болгоно гэж хөрөнгө оруулагчдад амлалаа.

“Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу компанийнхаа шинэчлэлийг хөрөнгө оруулагчдад тайлагнасан юм. Тэрээр “Эрдэнэс Монгол бол стратегийн ордууд дээр тусгай зөвшөөрөл эзэмшдэг төрийн өмчтэй компани. Эзэмшдэг ордууд нь асар боломжтой, нөөц ихтэй. Гэсэн хэр нь үнэлгээ хийхээр ганцхан тэрбум ам.доллар болчихдог. Гэтэл манайхаас хэд дахин жижиг нөөцтэй компани олон улсын зах зээл дээр 12 дахин өндөр үнэлгээтэй. Шалтгааныг нь судлаад үзэхээр засаглал сул гэсэн дүгнэлт гарсан. Олон улсын бизнесийн хэл гэж үздэг бүртгэлийн стандартаар тайлан тэнцлээ гаргадаггүй нь бас нэг гол шалтгаан болсон. Шуурхай арга хэмжээ авч хоёр том шинэчлэл хийлээ. Хүний хөгжил сангийн тухай хуулиар манайхыг удирддаг байсныг болиуллаа. Одоо арилжааны зарчмаар явна. Энержи ресурс нүүрсээ хямд зараад баялгаа үнэгүйдүүллээ гэж харамсангуй ярьж байна. 2008, 2012 оны сонгуулийн амлалтын уршиг л даа. Гэхдээ нэгэнт хийсэн гэрээг хэрэгжүүлж, төлөх ёстойгоо төлөөд ард нь гарахаас аргагүй. Цаашид улстөрийн ийм алдаа гаргахгүйн тулд хуулиндаа өөрчлөлт оруулсан. Компанийнхаа дүрмийг шинэчиллээ. Мөн Олон улсын санхүүгийн корпорацитай ярьж байгаад төрийн өмчтэй компанийн засаглалын стандартын дагуу үнэлгээ хийлгэсэн.Цаашид манай компани улстөрөөс хараат бус, тогтвортой, мэргэжлийн, хүмүүс нь ур чадвартай байх ёстой. Үүний төлөө ажиллавал дотоодын болон олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татаж чадна” гэж ярилаа. Дашрамд сонирхуулахад “Мүүдис” агентлаг “Эрдэнэс Монгол”-ын зээлжих зэрэглэлийг тогтоохоор болжээ.

Хятадын далайн боомт дээр 190 ам.доллар хүрч ханш нь өссөн коксжих нүүрсийг “Эрдэнэс Таван толгой” 27 ам.доллараар урд хөрш рүү экспортолж байгаа. Нүүрсний экспортын 80 хувийг дангаараа гаргаж байгаа “Эрдэнэс Таван толгой” нүүрс экспортлогч хувийн компаниудад өрсөлдөх орон зай үлдээгээгүй гэсэн шүүмжлэлийг шинжээчид хэлцгээгээд эхэлчихсэн.“Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Азийн эдийн засгийн өсөлт, гангийн хэрэглээ-Монголын коксжих нүүрс болон төмрийн хүдрийн экспортын боломж” илтгэлдээ ч энэ талаар онцлов. Тэрээр “Монголын уул уурхайд ганибализм буюу бие биенээ барьж идэх процесс явагдаж байна. Үнээ буулгаж өрсөлдсөнөөс болж Тавантолгой, Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордуудад үйл ажиллагаа явуулж буй компаниуд, төмрийн хүдэр экспортлогчид тун хүнд байдалд орчихлоо. Зах зээлээ булаацалдана, дэд бүтцээ булаацалдана, бас боловсон хүчнээ булаацалдаж байна. Бодлогоо нэгтгэж чадахгүйгээс болж эцсийн дүндээ бүгдээрээ хохирцгоож байна” гэсэн шүүмжлэл хэлж байлаа. “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх энэ өдөр төслийнхөө талаар илтгэл тавьсан юм.

Дашрамд дурдахад уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж олсон мөнгө оны эхний долоон сарын байдлаар 400 сая ам.доллараар буурч, 1.8 тэрбум ам.доллар болжээ. Алт, цайрын баяжмал л өөдрөг зурагтай гарч. Алтны экспорт гэхэд 8.5 тонноор хэмжигдэж байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3.9 тонноор өссөн үзүүлэлт гэнэ. Шаргал металлын ханш он гарсаар 25 гаруй хувиар өсч, сүүлийн 40 жил ажиглагдаагүй өсөлт харуулжээ. Зэсийн баяжмалаа зарж олсон доллар түрүү жилийн өдийгөөс 24 хувиар буурсан байна. Харин нүүрсний экспортын хэмжээ нь нэмэгдсэн олсон мөнгөний хэмжээ таван хувиар буурсан гэж статистикийнхан онцолжээ.

СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан “Уул уурхайн салбар дахь макро нөлөөлөл, өнөөгийн хүлээлт” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр “Эдийн засгийн хөгжлийн загвартай болох хэрэгтэй. Манай улсад гадаад орчны нөлөө маш бага. Гол буруутан нь төр болчихоод байна. Төрийг маш хүнд, тээвэрлэхэд төвөгтэй ачаатай зүйрлэж болно. Уул уурхайн асуудлаар хангалттай хурал цуглаан зохион байгуулж, баримт бичиг олноор нь баталдаг. Өмнийн говийн дэд бүтцийг хэрэгжүүлэх хөтөлбөр гэж гайхамшигтай баримт боловсруулсан. Аль нь ч хэрэгждэггүй. Хүнд үйлдвэр, төмөр замын салбарт ч мөн адил ийм дүр зураг харагддаг. Тэгэхээр цаг алдалгүй яаралтай хийх зүйл бол төрийн шинэчлэл. Нам, хүн өөрчлөх тухай биш төрийн чадамж, бүтэц, сэтгэлгээний өөрчлөлтийг хийх цаг болсон. Одоогийн Засгийн газар бодит байдлыг ил зарласан нь сайн ч хийх ажлаа хамтад нь зарласан бол зах зээлд гэнэтийн цочрол үүсэхгүй байсан” хэмээн ярьсан юм.

“Инвест Монголиа” чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагч, банкируудын зүгээс бодлогын хүүг огцом нэмсэн нь эдийн засагт муугаар нөлөөлнө гэсэн тайлбар хийж байсан юм. “Дисковер Монголиа”-гийн үдээс хойшхи хуралдаанаар бодлогын хүүг 4.5 хувиар нэмсэн шийдвэрийн талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа тайлбар өглөө. Б.Баярдаваа “Одоогийн хатуу бодлогоо хурдан хугацаанд зөөлрүүлэх хэрэгтэйг Монгол банк хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ Засгийн газар төсвийн зардлыг хангалттай бууруулж чадахгүй байна” гэж ярилаа. Товчхондоо бодлогын хүү бууруулах эсэх нь эдийн Засгийн газрын хийх алхмаас хамаарах аж. Банкуудын нийт хөрөнгийн 30 орчим хувь нь засгийн эргэлтэд ороогүй гэж Мөнгөний бодлогын газрын дарга ярилаа. Учрыг нь асуухаар эрсдэл даах чадвартай төсөл ховор, санхүүжүүлэх төсөл алга хэмээн хариулдаг гэнэ.

“MIBG” үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн “Дисковер Монголиа” чуулга уулзалтын талаар “Монголд үйл ажиллагаа явуулдаг, гадаадын аль нэг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байгаа гурван хайгуулын компани, дөрвөн олборлолтын компани бий. Монголын эдийн засгийг гадаадын хөрөнгийн зах зээлтэй холбодог гол гүүр бол эдгээр компаниуд. Тэд үйл ажиллагаагаа хэрхэн үр дүнтэй явуулах вэ гэдгээ энэ хурлаар шийдэхээр ярьж байна. Эд ашигтай ажиллаж байж Монголын нэр хүнд олон улсад сэргэнэ. Цаашлуулж хэлбэл эдгээр компани гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол руу дуудах гол зэвсэг. Энэ компаниудын дуу хоолойг төрд хүргэж дэмжих, төрийн бодлогыг компаниудад хүргэх, компаниуд хоорондоо бизнес хэлцэл хийгээсэй гэсэн зорилгоор зохион байгуулж байгаа арга хэмжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

“Дисковер Монголиа” чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө. Энэ өдрийн үдээс өмнөх хуралдаанаар уламжлал ёсоор “Засгийн газрын цаг” болно. “Засгийн газрын цаг”-т Уул уурхайн хүнд үйлдвэр, Байгал орчин, аялал жуулчлал, Эрчим хүч, Сангийн яамныхан оролцох юм байна. Мөн Ерөнхий сайдын эдийн засгийн ахлах зөвлөх Н.Энхбаяр, АМГТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарцогт, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг нар оролцохоор болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *