Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө оруулагчдыг сандаргасан “хар даваа гариг”

Шанхайн хөрөнгийн биржээс эхэлсэн огцом уналт Европ, Америкаар
давалгаалж дэлхийн хөрөнгийн захынхныг
уржигдар паникт оруулав. Цэнхэр гаригийн хэмжээнд “хар даваа гариг” хоёр дахиа давтагдаж байгаа
нь энэ. Өмнө нь Америкаас улбаатай эдийн засгийн хямралын үеэр буюу 2008 онд хөрөнгө
оруулагчдыг сандаргасан “хар даваа гариг” болж
байсан юм. Хоёр өдрийн өмнөх арилжаагаар Шанхайн Хөрөнгийн биржийн
Shanghai composite индекс 8.5 хувийн уналттай гарч 2007 оноос хойш тохиогоогүй
огцом уналтад тооцогдов. Shanghai composite бол тус хөрөнгийн биржийн жишиг
индекс. Яг тэр өдөр Нью-Иоркийн бирж нээгдэх үеэр Америкийн гол хувьцаануудын
ханш огцом унасан нь хэвлэл, мэдээллийнхний анхааралд байв. АНУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн нэг
бол Dow Jones. Dow Jones индекс эхний минутад 6.01 хувиар унасан юм. S&P
500 индекс 5.02 хувиар унасан нь
онцлохоос аргагүй уруудалт. Учир нь энэ
индекс Америкийн 500 компанийг багтаадаг. NASDAQ индекс бүр 7.7 хувиар унажээ. Азийн бирж дээр
Шанхайгаас гадна Японы Никкей индекс 4.6 хувиар, Хонконгийн Хан Сен индекс 5.2
хувиар унасан байна. Европын үндсэн индексүүд болох FTSE 100, DAX, CAC 40-ийн
хувьд 4.7-5.4 хувиар буурчээ. Бүх Европын Stoxx Europe индекс гэхэд тэр өдөр найман хувиар буурсан байна. Германы DAX
индекс өнгөрсөн дөрөвдүгээр сартай харьцуулахад 22 хувиар буурсан аж.

Дубайн “DFM” индекс даваа гаригт 5,5 хувиар унасан бол Саудын Аравийн Тadawul 6.9 хувь, Египетийн индекс 5.4 хувиар унажээ. Европын биржүүдийн тухайд гэвэл Их Британи, Герман, Францад индексүүд унасан үзүүлэлттэй гарсан аж. Оросын РТС индекс 4.12 хувь, ММВБ индекс 1.13 хувиар буурчээ. Нэг өдөр ийм олон биржийн ханш зэрэг унасан тохиолдол өмнө нь 2008 онд гарч байсан юм. Аль аль нь эдийн засгийн хямрал гэсэн ганц шалтгаантай. Цаашид ч хөрөнгийн биржүүдийн гол индексүүд буурсан хэвээр байна гэсэн гутранги таамгийг шинжээчид онцолж эхэлжээ.

Акул компаниудын хувьцаанууд шил дараалан унасан мэдээлэл олны анхааралд байна. Шалтгаан нь мэдээж Хятадын үнэт цаасны зах зээлд гарсан хүсмээр биш өөрчлөлтөөс улбаатай. “Apple”–ийн хувьцаа 2.22 хувь, Microsoft-ынх 2.48, General Electric-ийнх 2,32, Google-ийнх 3.09 хувиар гэхчлэн буурчээ.

2008 оны хар өдөр ямар байв?

Өмнө нь тохиосон “хар даваа гариг” 2008 оны нэгдүгээр сард болсон юм. Лондон, Энэтхэг, Хонконг, ОХУ-ын хөрөнгийн биржүүдийн хувьцааны үнэ огцом унаж байв. Японы никкэй индекс 5.65 , Австралийн S&P/ASX200 7.1 хувиар унаж байж. Нэг өдрийн дотор 20 жилд тохиогоогүй их алдагдалд орсон гэж мэдээлж байв. Шанхайн биржийн индекс гэхэд л 7.2 хувиар унаж байжээ. Харин Энэтхэгийн биржийн үнэт цаасны уналт 11 хувь байсан аж. Тухайн үед шинжээчид Америкийн гучаад оны эдийн засгийн уналт давтагдах нь гэцгээж байсныг хэвлэлээс харж болно. АНУ-ын биржүүдийн хувьд тэр даваа гариг бүх нийтийн амралт гэсэн шалтгаанаар хаалттай байсан юм. Давосын чуулга уулзалтын анхааралд орж, Азийн хөрөнгийн биржүүдийг хоёр өдрийн турш цочоож, дэлхийн хөрөнгийн зах зээлийг үймүүлээд авсан энэ уналт тийм ч удаан үргэлжлээгүй. Хөрөнгийн зах эргэж сэргэж эхэлсэн юм.

Шанхайн цочролын шалтгаан

Шинжээчид Шанхайн цочролын шалтгааныг удааширсан эдийн засагтай нь холбон тайлбарлаж байна. Хөрөнгийн зах зээл шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “Блүүмбэрг”-т ярилцлага өгөхдөө “Ийм хэмжээний уналт сар орчмын өмнө болсон. Тэр уналтаас жил орчмын өмнө Хятадын засгаас хөрөнгийн зах зээлийнхээ эдийн засаг дахь үүргийг нэмэгдүүлэх зорилгоор олон арга хэмжээ авсан. Тэмдэглэж хэлэхээр хоёр алхам бий. Нэгдүгээрт Хятадад хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн зээлээр хувьцаа авах эрхийг нээж өгсөн. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулагчдад Хятад руу орох боломжийг бүрдүүлсэн. Ийм шалтгаанаар Шанхайн биржийн composite индекс 150 хувиар өсч хөөсрөөд дараа нь хагарсан юм. Зээлээр хувьцаа худалдаж аваад хөөс үүсгэсэн хэрэг. Хятадын эдийн засаг өнгөрсөн жилийн хугацаанд буурсаар байгаа. Аж үйлдвэрийн индекс нь ч уналттай хэвээр байна. Хятадын хөрөнгийн зах зээл дээр тоглож байгаа шинэ хөрөнгө оруулагчдын бараг 70 хувь нь эдийн засгийн суурь ойлголт багатай жижиг тоглогчид. Тийм учраас хувьцаа өсвөл өсөөд, унавал унаад байдаг эд юм гэсэн сэтгэл зүй Хятадын хөрөнгийн зах зээл дээр давамгайлаад байна” гэж Shanghai composite индексийн уналтын шалтгааныг тайлбарлажээ.

Сарын өмнө хөрөнгийн захаа хямрахад Хятадын бодлого тодорхойлогчид даатгалын сангуудаар хувьцаа худалдаж авахуулах, арилжааны банкуудад хувьцаа авах эх үүсвэр байрлуулах зэрэг арга хэмжээ авчээ. Тодруулж хэлбэл тэтгэврийн сангууддаа нийт хөрөнгийнхөө 30 хувийг хувьцааны арилжаанд оруул гэсэн зөвшөөрөл өгсөн юм. Түүхэндээ анх удаа ийм шийдвэр гаргасан нь энэ. БНХАУ-ын тэтгэврийн сангуудын нийт хөрөнгө өнгөрсөн оны эцсийн байдлаар 547 тэрбум ам.доллар байсныг статистикаас харж болно. Зургаан их наяд ам.доллараар үнэлэгдэх хөрөнгийн захаа хамгаалах ийм шийдвэрүүд гаргасан ч байдал сайжраагүй шалтгааныг шинжээчид хийхээр амласан арга хэмжээгээ амьдрал дээр хэрэгжүүлээгүй хэмээн тайлбарлаж байгаа гэнэ. Сүүлийн үед давтамжтай сонсогдох болсон Хятадын эдийн засагтай холбоотой сөрөг мэдээллүүд ч хөрөнгийн захын хямралд ташуур өгсөн гэсэн тайлбар бас бий.

Хөрөнгийн захын уналтаа өнгөрсөн сарынх шиг арга хэрэглээд босгоод ирэх болов уу гэсэн хүлээлт байгаа аж. Гэхдээ Хятадын засаг хэзээ ямар бодлого хэрэгжүүлэхийг урьдчилж таамаглахад эрт гэнэ. Хөрөнгийн захын шинжээчдэд нэг болгоомжлол төрөөд эхэлчихэж. Ханш уналттай хэвээр байвал зээлээр хувьцаа авсан хөрөнгө оруулагчид хувьцаагаа буцаагаад зарах эрсдэлтэй юм байна. Тэгвэл өнөөдрийнхөөс ч том уналт болох нь. Хятадын төрөөс 2008 оны хямралыг хурдан хугацаанд давсан аргаа энэ удаа хэрэглэвэл байдал дээрдэж мэдэх гэнэ. Урд хөрш өмнөх хямралаа дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбартаа 600 тэрбум ам.доллар хийж байж давсан туршлагатай. Энэ удаа ч ингэх нөөц хангалттай бий. Гэхдээ өрийн хэмжээ нь нэмэгдсэн, экспорт нь хумигдсан, мөддөө эргэж сэргэхгүй гэсэн хэд хэдэн саад байгаа аж. Зах зээл рүүгээ их хэмжээний мөнгө хийгээд ч урт хугацааны шийдэл болохгүй гэсэн болгоомжлол ч шинжээчдэд байна. Шинжээчдийн дүгнэлтийг багцлаад харахаар Хятадын хөрөнгийн зах зээлийн хямрал мөддөө шийдэгдэхгүй байж мэдэх нь.

Хямрал тойрсон таагүй мэдээнүүд

Дэлхийн хөрөнгийн зах зээл бүхэлдээ таагүй байгааг илтгэсэн мэдээллүүд цацагдсаар байна. Хятадын үйлдвэрлэл хумигдаж байгаа гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгүүдээ арилжиж эхэлжээ. Олон улсын зээлийн эрсдэлийн түвшин 2012 оноос хойших дээд хэмжээндээ хүрсэн таагүй мэдээ бий. Хөрөнгийн зах зээлийн хямрал дэлхийн чинээлэг 400 эрхмийн хөрөнгийг хэдэн тэрбумаар нь хийсгэжээ. Тэдний хөрөнгө зөвхөн нэг долоо хоногт 182 тэрбум ам.доллараар багассан байх юм. АНУ-ын “S&P 500” индекс өнгөрсөн долоо хоногт 2011 оноос хойш үзүүлж байгаагүйгээр доошилсон. Үүнээс болж баячуудынх нь хөрөнгө 76 тэрбум ам.доллараар багасчээ. Хамгийн өндөр алдагдал хүлээсэн нь Уоррен Баффет. “Berkshire Hathaway”-ийн хувьцааны ханш таван хувиар суларсан нь түүнийг 3.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээхэд хүргэжээ.

Шинжээчдийн зөвлөгөө

J.P. Morgan Asset Management-ийн тэргүүн Ник Гартсайд түүхий эдийн салбарын компаниудын үнэт цаас арилжаалагчид анхааралтай байх хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгч байна. Түүнийхээр хөгжиж байгаа эдийн засагтай улс орнууд анхааралтай байхаас аргагүй нөхцөл үүссэн гэнэ. Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн шинжилгээний газрын тэргүүн Ражив Бушва бүх зүйл Хятад эдийн засгийн өсөлтөө барьж чадах эсэхээс хамаарна гэсэн дүгнэлт хийжээ.

Бэлтгэсэн Ц.БААСАНСҮРЭН

Д.Цэрэндолгор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *