Categories
мэдээ цаг-үе

Хөрөнгийн зах зээлд гаднаас доллар татах боломж байна, гэхдээ….

“Лэнд.мн”, “Монгол базальт”,“Түмэн шувуут”, “Монос” гэх мэт шил дараалсан IPO хөрөнгийн зах зээл дээр гарч байна. Арилжааны банкны өндөр хүүнээс зугтсан бизнес эрхлэгчид хөрөнгийн зах руу тэмүүлж эхэлсэн энэ цагт хөндөхгүй орхиж боломгүй нэг өнцөг ажиглагдаад байх юм. Хөрөнгийн захаас мөнгө босгосон бизнесүүдэд нэг зовлон бий. Дотоодын хөрөнгө оруулагчдын тухайд мөнгөө оруулангуутаа ханш өндөр үед нь зараад татаад авчихдаг гэнэ. Товчхондоо хөрөнгийн зах руу мөнгөө хийгчдийн ихэнх нь богино зайны тоглогчид байдаг аж. Урт хугацаанд мөнгөө байршуулдаг, аажимдаа ахиу ашиг хүртэх сонирхолтой хэсэг болох гадны хөрөнгө оруулалтын сангуудад манай хөрөнгийн зах зээл том боломж гэж харагддаг ч багагүй саадтай нүүр тулаад буцдаг.

Монголын Хөрөнгийн биржийг сонирхсон ч доллар оруулж болдоггүй эхний том шалтгаан нь төлбөр тооцооны шинэчлэл. Манай хөрөнгийн биржийн арилжаа урьдчилсан төлбөрт тооцоогоор явагддаг. Өөрөөр хэлбэл захиалсан бараагаа аваагүй байхдаа мөнгөө байршуулдаг гэсэн үг. “Атар” талх авахын тулд урьдчилаад мөнгө байршуулбал худалдаж авах талдаа ямар ч эрсдэлгүй. Учир нь талхны үнэ өнөө, маргааш, лав л хэдэн өдөр, сардаа өөрчлөгдөхгүй байх баталгаатай. Харин хувьцаа бол өөр, тэс ондоо бүтээгдэхүүн. Минут секундээр ханш нь унаж, өгсдөг онцлогтой. АПУ-гийн 100 ширхэг хувьцаа авъя гээд яг тэр үеийнх нь ханшаар мөнгө байршууллаа гэж бодъё. Яг захиалга авах хоромд ханш нь өсчихвөл урьдчилж өгсөн захиалга цуцлагдах эрсдэлтэй.

Ийм онцлогтой бүтээгдэхүүнийг гадаадын аль нэг хөрөнгө оруулалтын сан сонирхлоо гэж төсөөлье. Доллараас төгрөг рүү шилжүүлэх зардал, банкны шимтгэл гээд өчнөөн өртөг болж байж өгсөн захиалга нь цуцлагдвал яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүссэн хувьцаагаа авч чадаагүй хэрнээ захиалга нь цуцлагдахыг ямар ч бизнесмэн хүсэхгүй. Ийм шалтгаанаар гадны хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээлээс тойроод явдаг гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид ярьдаг. Лондонгийн Хөрөнгийн биржийн чиг зөвлөмжөөр хувьцааны арилжаанд дараа төлбөрт хэлбэрийг ашигласан үе манай улсад байдаг юм билээ. 2012-2015 оны үед. Гэхдээ эхлээд өндөр дүнтэй мөнгө байршуул гэх мэт шалгуур тээг болоод хэрэгжиж амжаагүй гэж энэ салбарынхан онцолдог.

Хувьцааны арилжаа хийснээс хоёр хоногийн дараа мөнгөө оруулах хэлбэр рүү шилжих яриа хөөрөө 2017 үүссэнийг энд онцлох учиртай. Гэхдээ одоогоор шийдэл болоогүй яваа санаа гэдгийг тодотгоё. Энэ шийдлийг батламжлах ёстой газар нь Санхүүгийн зохицуулах хороо. Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас төсөл хэрэгжүүлж хянаж байгаад болъё, тэгсний эцэст хянах эсэхээ шийдье гэсэн яриа хэлээ өрнөөд, өнөөх нь сунжраад яваа гэсэн сураг дуулдаж байна. Уг нь урьдчилсан төлбөртөөс дараа төлбөрт рүү шилжчих шийдэл хоёр, гурван жил шаардахаар нүсэр ажил биш л дээ. Хөрөнгийн зах дээр IPO гаргаж мөнгө босгосон компаниуд төлөвлөсөн төслөө урт хугацаанд хэрэгжүүлж байж илүү их өгөөж, ашигтай ажилладаг. Хөрөнгийн захаас ашиг хүртэх компаниуд нэмэгдэх тусам энэ зах зээл рүү хошуурах компаниудын тоо өсч таарна. Хямд зардал, бага хүүтэй мөнгө босгох компаниуд олшрох хэрээр эдийн засаг сэргэнэ, томорно. Ийм логикоор ухвал хөрөнгийн зах зээл рүү мөнгө хийх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага үүсээд байна. Монголын хөрөнгө оруулагчид богино зайны тоглогчид гэж өмнө дурдсан. Урт хугацаанд хөрөнгөө оруулах сонирхолтой хэсгийг татах ойрын бодитой шийдэл нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах.

“Түмэн шувуут”, “Монгол базальт”, “Монос”-ын дараа хэд хэдэн компаниIPO гаргахаар зэхэж байна. Үндэсний том компаниуд шил даран IPO хийж буй энэ цагт гадаадын хөрөнгө оруулалтын сангуудын сонирхол өндөр байгаа юм билээ. Наад захын жишээ гэхэд л Лэнд.мн дээр хөрөнгө оруулсан Солонгосын хөрөнгө оруулалтын сан Монголд салбар оффисоо нээчихсэн яваа. Энэ боломжтой цагийг ашиглаж журамдаа өөрчлөлт оруулчихвал гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал татарсан өдий үед өчнөөн доллар татах боломж байна даа, уг нь. 2019 он талдаа орлоо, цаг алдахгүйгээр оноос өмнө журмаа эцэслэчихвэл жилийн сүүлээрх гадаадын хөрөнгө оруулалтын статистик өгссөн дүнтэй гарах бүрэн боломж харагдаад байх юм. Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийхээр жагссан компаниуд цөөнгүй байгаа ийм цагт хийхээс аргагүй шинэчлэл.

Доллар атгасан гадны сангууд Монголын хөрөнгийн зах зээл рүү яаран алхдаггүй дараагийн шалтгаан бол арилжааны шимтгэл. Хөрөнгийн бирж, арилжаанд зуучилдаг үнэт цаасны компани, Арилжааны төлбөр тооцоо компани нийлээд 1.5-2 хувийг шимтгэл авдаг. Эдний авдаг шимтгэлийн 10 хувийг Санхүүгийн зохицуулах хороо авдаг юм. Татварын хуулиар бол иймэрхүү төрлийн үйлчилгээнд тогтсон дүнтэй төлбөр авахаас биш хувь бодож шимтгэл авах учиргүй юм билээ. Ийм агуулгатай заалт ч татварын хуульд тов тодорхой дурайж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд төсвөөс санхүүждэг байгууллага. Бизнесийн хөрөнгө оруулалтаас хувь бодож шимтгэл авахаас аргагүй, орлогоороо л санхүүждэг хувийн хөрөнгө оруулалттай компани биш. Хөрөнгө оруулагчдад урьдчилж их мөнгө байршуул гэх мэт өндөр босго тавьдагийн гол шалтгаан нь хожим үүсэх эрсдэл. Ирэх өдрүүдэд үүсч мэдэх эрсдэлээс хамгаалах сан байгуулж, тэр сандаа СЗХ-нд тушаадаг 10 хувийн шимтгэлийг хуримтлуулаад байвал гаднаас доллар татах боломж нэгээр нэмэгдээд ирнэ.

Хөрөнгийн зах зээлд доллар татахад тулгардаг дараагийн асуудал бол компаниудын хувьцааны ханш. Монголын Хөрөнгийн биржид 200 гаруй компани бүртгэлтэй. 50 гаруй компанийнх нь хувьцаа идэвхтэй арилжаалагддаг. 150 гаруй компанийн хувьцаа идэвхгүй гэсэн ангилалд ордог. Ерээд онд хувьцаагаа гаргасан олон компанийн хувьцаа яг тухайн үеийн ханшаараа идэвхгүй яваа гэсэн том шалтгаан бий. Яг одоогийн байдлыг нь үнэлэхээр нэгж хувьцааных нь үнэ 10 мянга давахаар компанийн хувьцааны ханш бодит байдал дээрээ, хөрөнгийн зах дээр 100 төгрөгийн үнэлгээтэй байна. Арилжааг нь идэвхжүүлье гэвэл хувьцааных нь ханшийг бодитой болгомоор байна, тэгье гэхээр хууль, журмын хязгаарлалтдаа баригдаад яваа гэх зовлонг хөрөнгийн захынхан хэлдэг. Тодруулж хэлбэл хөрөнгийн захад хувьцааны үнэ өслөө, буурлаа гэхэд 15 хувиас хэтрэхгүй гэсэн хязгаар үйлчилдэг юм. Энэ хязгаараас түрдээ татгалзаж компаниудын хувьцааны ханшийг бодит байдалд нь хүргэх, эсвэл хууль журмаа өөрчлөх гэсэн сонголт байгаа юм билээ. Мэдээж ямар ч компанийн захирал 10 мянган төгрөгийн үнэлгээтэй хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр 100 төгрөгөөр арилжаалахыг хүсэхгүй. Харин үнэлгээг нь бодит түвшинд хүргэх бололцоог нээгээд өгчихвөл Хөрөнгийн бирж дээр байгаа өчнөөн компанийн хувьцаа амилахаар байна. Ингэж чадвал Монголын хөрөнгийн зах зээл рүү доллар хийх гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол ч нэмэгдэнэ.

Хөрөнгийн зах зээлээс гадныхныг дөлөхөд хүргэсэн бас нэг шалтгаан бол долларын бүтээгдэхүүн. Өнөөхөндөө банк, банк бус санхүүгийн байгууллага л долларын хадгаламж, зээл гэх мэт бүтээгдэхүүнтэй байгаа. Хөрөнгийн биржийн хувьд энэ төрлийн бүтээгдэхүүн байхгүй гэсэн тээг бий. Санхүүгийн салбарын 90 хувийг банк эзэлж буй энэ цагт бага хүүтэй, хмяд зардалтай, үр өгөөж ихтэй хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэвэл долларын бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгтэй гэж шинжээчид онцолдог. Хөрөнгийн зах зээлдээ гадаадын хөрөнгө оруулалт татъя гэвэл энэ мэт шийдэх олон асуудал байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *