Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Хөрсөө хамгаалья” өдөрлөгийг “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор зохион байгуулна.
Энэхүү өдөрлөг нь хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоог хангаж буйгаараа онцлог юм. Өдөрлөгийн үеэр төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд мэдээлэл өгөх бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй шинэлэг ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулах, худалдаалах үйл ажиллагааг явуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.