Хурим хийж байгаа хос руугаа нулимдаг нь дэлхийд ганц бид л байх гэсэн бодол сэтгэлд хорогдоод болдоггүй ээ. Дөнгөж саяхан намрын дунд сарын 17 болж өнгөрлөө. Энэ өдөр хуримаа хийж аз жаргалтай амьдралынхаа эхлэлийг тавьсан хос олон байсныг дурдах нь илүүц биз. Аавынхаа голомтоос галаа тасалж, аз жаргалаа өөрөө олж байгаа залуусыг харахаар сэтгэл огшоод сайхан байлаа. Хуримынхаа өглөө хэн л муу санаж гараа аж.
Дүүгийн минь амьдрал эхэлж байгаа өдөр болохоор бид л гэхэд бултаараа аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн энэ өдрийг угтсан. Гэтэл хамаг байдгаараа гоёж чимэглэсэн хуримын машиныг харсан хүмүүс яасан гээ. Бүгд л битүүхэндээ нулимаастай. Хажуу айлын үргэлж инээж явдаг эгч хүртэл нэг л ёозгүй, аз жаргалыг нь авчих вий гэж битүүхэндээ зовоостой. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн хуримын гоё өглөөд тийм ч дургүй нэгэн байж гэдгээ энэ өдөр ухаарсан. Аз жаргалаа бусдад булаалгахгүй гэсэн шиг нэг л хүйтэн харцаар хуримын машин руу хардаг байснаа ухаараад сэтгэл зовох шиг болсноо нуух юун. Яг над шиг ийм мэдрэмжинд эзлүүлсэн хүн саяхны өглөө олон байсан байх.
Монголчууд их сонин улс. Хурим хийж яваа улстай таарахаараа аз жаргалыг нь булаачихлаа гэж сэжиглэдэг, үүгээрээ дэлхийд хаана ч байхгүй сэтгэлгээтэй ард түмэн. Намрын дунд сарын 17 саяхан болж өнгөрөхөд энэ хандлагыг илүү тод анзаарлаа. Гэтэл дэлхийд яадаг билээ. Хуримын өдөр хүн бүр л аз жаргалаар бялхаж, хуримаа хийж, амьдралаа эхлүүлж байгаа залуу хосод хамаг сайхныг хүсч, хуримтай өдрийн сайхныг бие, сэтгэлээрээ мэдэрцгээдэг. Хуримтай кинонуудаас гутарсан дүрийг лав хэн ч олж харахгүй.
Магадгүй тэр өдрийн сайхан нь залуу хосын амьдралыг эгнэгт холбодог ч байж мэднэ. Хурим тийм сайхны дунд болж өнгөрдөг. Дүүгийн минь хурим яг л ийм мэдрэмж төрүүлсэн. Ийм их аз жаргал дунд халгиж явахад хажуугаар нь зөрөх төдийд нулимаад байхаар хэнд л олигтой санагдах билээ. Жирийн өдрүүдэд дадсан зуршлаараа нулимдаггүй юмаа гэхэд холуурхан өнгөрөх байсан хуримын машины дэргэдүүр одоо л лав би муухай харж өнгөрөхгүй. Тийм их аз жаргал яагаад надад мууг авчирна гэж. Харин ч аз жаргалыг авчрах бус уу.
Хурим таарахаар сэжиглэдэг монголчуудын сонин араншин хэн нэгнийг сүүлчийн замд нь үдэхэд бүр ч хурц илэрдэг. Хуримын машинтай таарахаараа аз жаргалаа булаалгалаа гэж нулимдаг монголчууд хэн нэгнийг сүүлчийн замд нь үдэж байгаатай таарахаараа “буян нь ирэх нь” гэж ихэд бэлгэшээдэг. Хөдлөнгийн хүнд бол их л сонин характер. “Ашгүй энэ хүн үхэж, буян нь надад ирлээ” гэж битүүхэндээ хөөрцөглөж байгаа ч юм шиг. Хуримын машин таарахаар аз жаргалаа булаалгана гэж сандарсан нөхөр, хэн нэгнийг эцсийн замд үдэх ёслолтой таарангуутаа бэлгэшээж баярлалаа гэвэл хэн сайхнаар хүлээж авахав.
Уг нь дэлхийн ард түмэн хаана ч байхгүй ёс заншлаараа баярлаж, бахархдаг. Тэр ёс зүйгээр бол бид энэ хачин хандлагаараа бахархаж хөөрцөглөмөөр. Хаана ч байхгүй ёс гээд бахархаж хөөрцөглөх учир шалтгаан харамсалтай нь алга. Япончууд нэгэн цагт нас дээр гарсан өтгөс буурлаа өндөр ууланд аваачиж орхидог байсан түүхийг хүн төрөлхтөн өнөө ч ам дамжуулан ярьцгаадаг. Гэхдээ бахархаж биш гуниглан ярьцгаадаг.
Монголчууд хуримыг үзэн ядаж, оршуулгыг хүндэтгэн үздэг жигтэй ард түмэн, биднээс бусад үндэстэн огтоосооо тэгдэггүй гэж бахархан ярих нь хаашаа юм. Хэтээсээ омогшихоор зүйл ч биш. Монголчуудын натур нь тийм. Энэ натураасаа салахгүй, байгалийнхаа инстинкээс холдож чадахгүй байж хөгжиж дэвжинэ, тун удахгүй диваажин байгуулна гэж яриад нэмэргүй л дээ. Энэ хандлагаасаа салаагүй цагт хөгжил, өөдрөг ирээдүйн тухай үлгэр шиг зүйл яриад хэтээсээ гавьтай зүйлд хүрэхгүй.