Categories
мэдээ цаг-үе

Хүрэн баавгай

Манай ард түмэн
хөвчийн хүрэн баавгайг майга бор гэлцэн үлгэр домогтоо хөшүүн удаан хүчтэний дүрээр мөнхөлж иржээ. Гэвч баавгай цагаа тулвал тийм
ч хойрго нэгэн биш бөгөөд 30 км цаг хүртэл хурдалдгийг амьтан судлаачид хэлдэг.
Тэр байтугай баавгай ан хийхдээ хөөж байгаа амьтныхаа араас нэгэн
жигдээр уйгагүй хөөдөг байна. Нөгөө амьтан нь сүүлдээ бахардан баавгайн идэш болдог
гэлцдэг. Үүнээс харин ч шаргуу, тэсвэртэй амьтан гэдэг нь мэдэгдэнэ.

Ерөнхийдөө
хүрэн баавгай холимог идэштэй амьтан. Мах, жимс, өвс ногоо, шавьж
гээд төрөл бүрийн зүйлээр хооллодог. Байгаль хамгаалагчдын яриагаар бол өвөлжин
ичиж гарч ирээд хүрэн баавгай юун түрүүнд улиангарын үр, модны нахиа, ургамлын үндэс,
хуучин самар, шоргоолж зэргийг иддэг аж. Харин зуны эхэн үеэр тэд голчлон жимс жимсгэнэ,
үр, самар, ногоон ургамал, шавьж, загас, заримдаа сэг зэмээр хооллодог байна. Ингэж тэнхээрч авахын зэрэгцээ идэш тэжээл хомсдолтой тохиолдолд хандгай,
зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хүдэр барьдаг байна. Эргээд зуны сүүл, намрын
эхэн үе ирэхэд гол төлөв ургамлаар хооллох бөгөөд янз бүрийн үр жимс, самар, ургамлын
үндэс иднэ. Монгол Алтайд хүрэн баавгай огдой, тарвага бусад мэрэгчдээр хооллох
нь ч бий.

Монголчууд
баавгайг хэдий хүчтэй ч тун найрсаг амьтнаар төсөөлж ирсэн нь их ойр байсныг илтгэнэ.
Өвгөн анчид өнчирсөн бамбарууш морьтой хүн дагаад бөмбийтөл цогидог, ядрахаараа
уйлдаг, нулимсаа арчдаг гэж ярьсныг ам дамжин ярьдгаас үзвэл хүнд
нэлээд элэгтэй мэт. Харин багагүй Холливудын кинонд харуулснаас ч үүдэлтэй юу сүүлийн
үед догшин хэрцгий авиртай мэт төсөөлөл бий болоод байгаа. Тэгвэл монгол хүрэн баавгай
тун ч дөлгөөхөн зан ааштай амьтан аж.

Хүн рүү довтлох
нь маш ховор бөгөөд зөвхөн үр төлд нь аюул тохиолдох үед л догшин авир гаргаж, хойд
хоёр хөл дээрээ босч сүрийг үзүүлдэг байна. Харин америкийн хар болон сибирийн хүрэн
баавгай догшин зан авиртай аж. Үр төлөө хамгаалах гэснээс баавгайг муухан ээжээс
дээр гэсэн утгатай яриа олон оронд байдаг юм билээ. Дэлхийд найман төрлийн хүрэн
баавгай байдаг. Ихэнх нь дунджаар 25 жил насалдаг. Харин өнгөрсөн жилийн намар Оросын
Санкт-Петербург хотын амьтны хүрээлэнд үхсэн 35 настай “Варвара” баавгайг “Дэлхийн
хамгийн урт насалсан хүрэн баавгай” хэмээн тус улсын эрдэмтэд зарлаж байв.

Хүрэн баавгай
Өмнөд туйл болон Австрали тивээс бусад газар тархсан байдаг. Эмэгчин баавгай 3-8
насандаа үржилд орж эхэлнэ. Нас бие гүйцсэн эвшийн биеийн урт 180-240 см, сэрвээний
өндөр 90-150 см орчим, хойд тавхайн урт 13-30 см, сүүлний урт 6-21 см аж. Бие гүйцсэн
эр баавгай 140- 400 кг, эм нь 100-210 кг жинтэй байдаг. Хүрэн баавгайн үс урт, сахлаг,
зөөлөн байдаг. Чих нь богино, дугуйвтар. Өнгө хувирамтгай боловч ихэвчлэн хүрэн
байдаг байна. Хөл, нуруу, хажуу тал хар хүрэн өнгөтэй. Хүрэн баавгай хүчирхэг хумстай
бөгөөд урд хөлний дунд хурууны хумс 80 мм хүрдэг. Сүүл нь жижигхэн тул бараг биеийнхээ
үснээс цухуйдаггүй.

Манай оронд
Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол Дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт
уулсаар хүрэн баавгай тархжээ. Гэвч хүрэн баавгай өөрсдийн үндсэн тархац нутгаас
130-200 км хол зайтай Дорнод Монголын уулын хээр, голын хөндийд хааяа нэг тохиолддог
байна. Хүрэн баавгайн үндсэн амьдрах орчин нь салхинд унасан мод,
намаг балчиг, ойн цоорхой бүхий бөглүү, шигүү ой юм. Хавар, зуны улиралд өндөр өвс,
буттай амрах газар, ойролцоо усан сан, ойн цоорхой бүхий голын хөндий, уулархаг газарт байршдаг. Монгол Алтайд жижиг бут сөөгөн шугуйтай хадархаг
газарт тохиолдоно. Ичээ засах газраа бүдүүн унанги мод, эсвэл хадны хуурай хүнгэд
сонгож, хуурай хагд өвс, хөвд, мөчир зулж дэвсдэг.

Хүрэн баавгай
гол төлөв намар аравдугаар сард ичнэ. Идэш тэжээл элбэгтэй жил бол арваннэгдүгээр
сард ичдэг аж. Ингээд гуравдугаар сард заримдаа бүр тавдугаар сард ч ичээнээсээ
гардаг байна. Ерөнхийдөө түүний ичих нь байгаль цаг ууртай салшгүй холбоотой. Ороо
нийллэг нь зургадугаар сараас долдугаар сарын хооронд болно. Эвш хээлээ 180-220
орчим хоног тээж, ичээндээ байх үедээ буюу нэг, хоёрдугаар сарын хооронд нэг, голдуу
ихэр, хааяа дөрөв хүртэл тооны бамбарууш гаргадаг аж. Бамбарууш
төрөх үедээ 350- 500 гр жинтэй, нүдээ нээгээгүй, нүцгэн байдаг. Нэг эсвэл 2-3 жил
өнжиж төллөнө. Хүрэн баавгайн эрэгчин нь таван нас хүрч үржилд орно.

Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн 1986 онд манай оронд ойролцоогоор, 500 орчим
хүрэн баавгай бий гэж тооцоолжээ. Ерөнхийдөө тоо толгойг нь харуулсан дэлгэрэнгүй мэдээлэл гаргахад тун ч хүндрэлтэй байдаг гэнэ. Бусад амьтантай
харьцуулахад хүрэн баавгайн тоо толгойд байгалийн хүчин зүйл нөлөөлөх нь бага. Харин
Монголын ихэнх ойт бүс нутгийг хамарсан их хуурайшилт, гантай байсан 1988 оны үед
Төв, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутагт өлсгөлөн баавгайтай учирсан 103 тохиолдол бүртгэгдэж, хот сууринд орж ирсэн хоёр тохиолдлын нэг нь нийслэл Улаанбаатар
хот байсан байна. Тэдгээрээс 47 баавгайг орон нутгийн хүмүүс агнахад бүгд маш туранхай,
зарим нь дотор өөхгүй байсныг судлаачид тэмдэглэн үлдээжээ.

Сүүлийн жилүүдэд доньд, сарвууг нь худалдаалах зорилгоор авахын тулд хууль бусаар агнах явдал ихэссэн
гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах холбоо анхааруулж байгаа юм билээ. Манай орны
хувьд уулын тагаар нүүдэллэж явдгаас ч уу, уг амьтантай хамгийн их холбогдож агнахын
зэрэгцээ дээдэлж хүндэлдэг нь цаатангууд. Цаатнууд тэдний мах болон арьсыг нь ашиглах
зорилгоор агнах нь элбэг.

Цаатан түмний дунд хүрэн баавгайн
талаар домог хууч их. Тэдний нэгэнд нь Куйдусун нутагт нэгэн зоригт анчин эмэгтэй
байсан тухай гардаг. Куйдусун гэдэг нь хүйтэн ус гэсэн үг бөгөөд их хүйтэн горхитой
газрын нэр аж. Нэг удаа анчин бүсгүй баавгайн анд явжээ. Багширсан их төгөл дундаас том эр баавгай гэнэт гарч ирээд дайрахад нь буудтал буу нь гацчихжээ.
Овсгоо самбаатай бүсгүй байсан тул буугаа хаяад цээжин биенийхээ бүх хувцсыг тайлж
нүцгэлэн, хоёр хөхөө баавгай уруу харуулан гараа дээш өргөн орилон үсэрч эхэлжээ.
Тэгэхэд том эр баавгай зогтуссанаа буцаад зугтаад явчихсан гэнэ. Ер нь тайгынхан
баавгайтай дайралдсан эмэгтэй хүн амьд гарч болдог хэмээн ярьдаг. Эмэгчин баавгайг
буудчихаад өвчихөд хөх дэлэн нь хүнийх шиг цээжиндээ байдаг, хүнтэй их төстэй тул
ахимаг анчид залуу анчдад харуулдаггүй гэлцэнэ.

Түүний дээр цаатнууд урцныхаа оройгоос
сохор номин баруун хөлөөс нь дүүжилсэн байх нь элбэг. Учир нь сохор номинг баавгайн
бэр гэдэг гэнэ. Хорхойтсон баавгай нүцгэн бэрээсээ ичээд урцанд орж ирдэггүй гэж
домнодог аж. Түүнчлэн хэрэв баавгай агнахаар буудсан бол хэсэг хүлээгээд нэг нь
очиж “Од нь бөхжээ” гэхээр бусад нь очдог байна. Үхжээ гэсэн утгатай үг аж. Тэд
алсан баавгайн толгой талд очин чихэнд нь “Алах гэж бус андуураад агначихлаа” хэмээн
шивнэдэг домтой. Махнаас нь шарж идэхийн зэрэгцээ тэнгэрт өргөнө. Мөн ацтай мод
олж тогтоогоод түүнийхээ ар талд баавгайнхаа толгойг цааш нь харуулан өлгөөд орхидог.

Хүрэн баавгайн эд эрхтэн ашигласан
домын ёслол ч их. Тухайлбал, баавгайн савраар жирэмсэн эмэгтэйг төрөхөд нь хэвлийг
нь илдэг. Ингэснээр аюул осолгүй амаржина гэж үздэг байна. Энэ домын
учир нь баавгайн өөрийнх нь хэрхэн зулзагалдагтай холбоотой. Баавгай өвөл огт сэрдэггүй
бөгөөд эвш дүн өвлөөр ичээндээ өөрөө ч мэдэхгүйгээр бамбаруушаа гаргачихдаг. Харин
хавар нь бамбаруушаа хараад гайхдаг гэлцэнэ. Тиймээс л савраар нь тулгар эмэгтэйн
хэвлийг илэх санаа гарсан болов уу.

Ардын анагаах ухаанд ч хүрэн баавгайн
эд эрхтэн их дурдагддаг. Тухайлбал, цус алдалтыг хүрэн баавгайн цөс тогтоодог гэж
үздэг. Цусыг нь халуунаар уухад дотор өвчин эдгэнэ. Цөс нь цус алдалтыг зогсоох,
шарыг дарах, хараа сайжруулах, нүдний дотор цус хурах өвчлөл эмчлэхэд тустай тухай
яриа элбэг. Түүнчлэн хүрэн баавгайн цөс ходоод, элгэнд бэтэг тогтож, цөс гадагш
цалгиж, цөсний ам алдран шараар бөөлжих, суулгах зэрэг өвчинд бусад эмийн ургамалтай
хавсран хэрэглэх талаар заасан олон зүйл бий.

Хүрэн баавгай дэлхий даяар тун ч ховордоод
буй амьтан юм. Зөвхөн манай оронд ч бус Хятадын ардын анагаах ухаан, баавгайтай
орнууд элдэв дом, гоёл чимэглэл, зугаа цэнгэлийн зорилгоор агнасаар
дэлхийн улаан номонд оржээ.

Тиймээс ч Монгол Улсын Засгийн газрын
2012 оны долдугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэж агнахыг хориглосон байдаг . Хан Хэнтийн тусгай
хамгаалалттай газраас хүрэн баавгай агнаж, эрхтнийг нь зарсан хүмүүст ноднин чанга дэглэмтэй хориход дөрвөн жил хүртэл хорих ял о н оож байл а
а. Түүнчлэн хэрэв хууль бус агнуур гэдэг нь нотлогдсон тохиолдолд хүрэн баавгайн
үнэлгээ 13-15 сая төгрөг байдаг байна. Зөвхөн хүрэн баавгайг агнасан хүн ч биш,
тухайн үед дэргэд нь байсан хүмүүс ч хуулийн хатуу хариуцлага хүлээдэг.

Олон нийтийн сүлжээгээр хүрэн баавгай агнаснаа гайхуулан зургаа байршуулсан. Эсвэл хэн
нэгэн нь баавгай агнасныг бусдадаа харуулах зорилгоор өөрийн цахим хуудсанд тавьсан
олон тохиолдолд өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд эрүүгийн хариуцлага тооцжээ. Нэг
үгээр баавгай агнасан явдлын гэрч болсон хүмүүс ч өндөр ял зэм хүлээдэг гэсэн үг.
Гэвч баавгайн олон арван соёо, савар хилээр гаргахыг завдсан гэмт хэргүүд өнгөрсөн
жилүүдэд нэлээд их гарсан юм. Хөвчийн эзэн хүрэн баавгайн талаар сонирхуулахад ийм
байна.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *