Categories
мэдээ нийгэм

​“Хүрээ цам 2020” шашин соёлын үйл ажиллагаа энэ сарын 29-нд болно

Өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн цамын даамал С. Ишцог болон хэвлэл мэдээлэл, ОНХА-ы дарга Ж.Одьгарьд нар “Хүрээ Цам 2020” шашин соёлын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. “Хүрээ Цам 2020” ёслолыг зургаадугаар сарын 29-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганы өмнөх талбайд зохион байгуулна. Уг шашиг соёлын үйл ажиллагааг Ковид-19 цар тахал, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хэвлэл мэдээллийн сувгуудаар шууд дамжуулна.

Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, ОНХА-ы дарга Ж.Одьгарьд “Гандантэгчэнлин хийдээс энэ жил уг ёслолыг тасалдуулахгүй явуулахын тулд “Хүрээ цам 2020”-ыг зохион байгуулна. Олон нийтийг хамарсан морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагаа энэ жил болохгүй болсныг мэдэгдье. Харин “Хүрээ цам 2020” шашин соёлын үйл ажиллагаа төмөр хулгана жилийн зуны дунд сарын шинийн есний өдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно. Мөн олон нийт Гандантэгчилэн хийдэд цуглах боломжгүй болсон. Харин гол шашны төлөөллүүд оролцож, ариутгал хамгаалалт халдваргүйжүүлэлт дор үйл ажиллагааг зохион байгуулна” гэлээ.

Гандантэгчэнлин хийдийн цамын даамал С.Ишцог “Зургаадугаар 27-ны өглөө 07:00 цагаас хурал номын үйл ажиллагаа эхэлнэ. 28, 29-ний өдөр дэг жаягийн дагуу хурал ном хурна. Зөвхөн цамын үйл ажиллагааг зохион байгуулж, телевиз болон бусад боломжит бүх хувилбараар олон нийтэд хүргэнэ. Тиймээс нийт сүсэгтэн олон та бүхэн телевиз болон цахимаар үзэх боломжтой.” гэв.

Дашрамд дурдахад Их Хүрээ цамд Монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурханы дүр болон уран хошин, инээдэмт Цагаан өвгөний дүрээс гадна Улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн нарын дүрүүд гардагаараа ихэд онцлогтой. Мөн цам нь Нууц тарнийн ёс буюу Очирт хөлгөний ёсны анхааран авлагын амарлингуй, дэлгэрэнгүй, эрхэндээ хураагч, хатуу үйл хэмээх дөрвөн үйлээс хатуу үйлд нь хамаардаг. Тиймээс цам нь буяныг эрхэмлэгчийн сүсгийг арвитгаж, нүгэль нугуудын зүрхийг шимшрүүлдэг үйл мөн.

Б.МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *