Categories
мэдээ цаг-үе

“Хурд” хамтлагийн хит дуунуудыг төрүүлсэн аав, хүү найрагчид

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Тав дахь өдрийг “Баасан эгчийн төрсөн өдөр” гэж ёгтлох болсон. Өнгөрөгч баасан гаригт Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шог хошин, баримтат уран зохиолын Үндэсний төвийн гишүүн, ахмадын зөвлөлийн тэргүүлэгч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Нацагийн Даваадашийнд үдэв. Даваадаш гуайг зохиолчид Тангадын Галсангийн төөрч төрсөн дүү гэх нь бий. Учир нь тэр хоёр эцэг эхээс заяасан хамар гээч уулаараа хамаатан садан юм байж. Эрхэм зохиолчийн унасан газар угаасан ус гэвээс Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу, ардын хувьсгалаас хойш Ханхөгшин уулын хошуу хэмээгдэж байсан Өвөрхангай аймгийн Уянга сум аж.

Өвгөн бичээч Монгол Улсын анхны Ерөнхий сайд, хошой чин ван, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулан “Түүхэн бичвэрийн чуулган” хэмээх намтар, үйл хэрэг, өвөг дээдэс, удам судрынх нь тухай томоохон номыг саяхан хэвлүүлжээ.

Тэрчлэн “Өвөрхангайн дарагдсан эрхмүүд” хэмээх ботийг гаргаснаа дэлгэн барьж байна. Даваадаш зохиолч үүрийн жингээр босож ширээнийхээ ард суудаг үнэхээр хөдөлмөрч нэгэн гэдэг. Тийм ч учраас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж Үндэсний эрх чөлөөний хувьсгалын зуун жилийн ойгоор соёлын гавьяат зүтгэлтэн цолыг олгосон аж. Түүний аав Батжанцангийн Нацаг арваад настайгаасаа Сайн ноёны хүрээнд шавилан суусан унзад хүн байж. Уянга сумын цуутай эрээн модны артелийг Жамцын Чулуундорж гэдэг лам хүн 1938 онд байгуулахад гишүүнээр элсэн нарийн мужаанаар ажилд орсон байна.

Гучин есөн онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж аймгийн До яамны хэлтэст байцаагдаж хоригдож байжээ. Улсын прокурорын газрын 1999 оны 46 дугаар тогтоолоор цагаатгагдсан түүхтэй. Нацаг гуай Дамбын Адьяа хэмээх бүсгүйтэй дайны дараахь он жилүүдэд гэр бүл болж Бямбадолгор, Дашдорж, Даваадаш гэсэн гурван үрийн зулай үнэрлэсэн байна. Айлын отгон хүү Даваадаш 1968 онд Уянга сумынхаа найман жилийн сургуулийн анхны төгсөгч болжээ. Ангийн багш нь Багшийн дээд сургуулийн гадаад уран зохиолын профессор, Монгол Улсын гавьяат багш Д.Болд гэдэг хүн байлаа. Наймаа төгсөөд Өвөрхангай аймгийн арван жилийн сургуульд 14-үүлээ хуваарилагдав. Эднээс багш голдуу мэргэжилтнүүд, хүний гавьяат эмч Т.Анигар, гавьяат хуульч, цагдаагийн хурандаа П.Лувсандорж, соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадаш нарын алдартнууд төрсөн аж. Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох мөн нэг төгсөлтийнх гэнэ. Даваадашийн аав ээж бурхны шашин шүтдэг хүмүүс байсан учир буян нүглийн талаар их ярьдаг, тиймээс хүү нь аядуу зөөлөн хүмүүжилтэй хүн болон төлөвшжээ. Даваадаш гуай 1969 онд Агаараас эсэргүүцэн хамгаалах 065 дугаар ангид цэргийн албыг гурван жил хаахдаа Улаанбаатар хотод нэг жил, Говь-Алтай аймгийн Цогт сумын Захуй Зармангийн нутаг Баянтооройн салбарт хоёр он улираав гэх. Салбарын дарга нь ахлах дэслэгч Пүрэвээ, гурван оны дал гаруй цэргүүдтэй эр цэргийн он жилүүдийг үджээ. Энэ салбараас хошууч генерал Жалбажав, Хүүхэлдэйн театрын найруулагч Алтан-Очир болон инженер техник, улс төрийн олон ажилтнууд төрөн гарсан байна. ОХУ, Монгол Улсын баатар сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа гэхэд Н.Даваадашийн өмнөх 1968 оны цэрэг гэж байгаа.

Цэргийн шинжлэх ухааны доктор, Цогийн Геннадий генерал ахмад цолтой ангийнх нь захирагчаар ирж байж. Даваадаш олон аавын хөвүүдтэй мөр зэрэгцэн алба хаахдаа эр бяр, эрдэм чадал жагссан нэгэн байсан бололтой. Үүний нэг жишээ нь 1971 оны ардын хувьсгалын ойн баяраар жагсаалын дарга, ахлах дэслэгч байхдаа найман цэрэг авч очин барилдаж түрүүлэн сумын заан цол хүртснээс харагдана. Тэр үед Цогт сумын даргаар армийн генерал Батын дорж гуайн дүү Дашзэгвэ ажиллаж байсан бөгөөд наадмын түрүү бөхийг даагаар байлдаг учир “Хугацааны хүн юм чинь” гээд өврөөсөө хөх халзан зуут гарган барьж байсан нь одоо ч санаанаас гардаггүй гэнэ. Сарын чөлөөгөөр шагнагдсан тэрээр “АН-24” онгоц хөлөглөн Арвайхээрт бууж, Уянга сумаа зорьж байж. Цэрэгт байх энэ л үедээ уран зохиолд шимтсэн улаан шүлэгчин болсноо тэр өнөө дурсаж сууна. Говь-Алтай аймгийн утга зохиолын нэгдэл рүү үе үе шилэрнэ. Анагаах ухааны дунд сургуулийн намын үүрийн дарга зохиолч Д.Сүрьеэ нэгдлийн эрхлэгчээр ажиллана. Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норовыг Шарга суманд ажиллаж амьдарч байхад сайхан танилцаж, Д.Сүрьеэ дарга ч “Норов та хоёрын шүлгээр “Хоёр нэр, хоёр мөр” нэртэй шүлгийн ном гаргана” гэж урам хайрлаж байсан аж. Цэрэгт байх тэр гэгээн үе нь Даваадаш хүүд гэрэл гэгээтэй олон сайхан сэтгэгдэл үлдээжээ. Хангайн хүн говийн аж байдалтай танилцана гэдэг чухамдаа шинэ ертөнцийг нээсэнтэй адил санагдах. Үгүй ядахнаа л Ээж хайрхан гэж тэр сайхан уулын бараа нь домогтой сүлэлдэн амилж яруу сайхны тэмүүллийг хайрлана. Цэргээс халагдаж ирээд Уянга сумандаа хоёр жил дараалан түрүүлж дархан заан цол хүртсэн байна. Түүний ах аймгийн заан Дашдорж дүүгээ барилдуулахын улаан дон. Гэвч, Н.Даваадаш эр биеийн хүчинд дулдуйдахыг бодолгүй эрдэм номын зүгт сэтгэлээ бэлчээнэ.

Ингээд багш С.Чойхүүгийн зөвлөснөөр бага ангид багшилж эхлэв. Багшлахын зэрэгцээ уран бүтээлээ туурвисаар. Утга зохиолын нэгдлийн эрхлэгч, доктор С.Шааман гэдэг хүн дээр шүлгээ үе үе барьж очно. Хойтон жил нь УБДС-д элсэн 1980 онд дүүргэв. Улсын багшийн дээд сургуульд тэрээр доктор Д.Цэнд, Д.Болд, Лодойдамба зохиолчийн дүү Чадраабалын Цэндсүрэн, Равжаа судлаач Д.Цагаан, М.Базаррагчаа, “Хайрхан уулын бараа” дуугаараа алдаршсан Д.Отгонсүрэн, Бямбажавын Пүрэв-Очир, Ц.Өнөрбаян, Бямбасан, профессор Дамдинжав, академич Д.Төмөртогоо нарын эрдэмтэн мэргэдээс номын хишиг хүртсэн байна. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн Богд сумын сургуульд 1980-1986 онд захирал, аймгийн намын хорооны ахлах лектор, сумын намын хорооны дарга зэрэг ажлыг 1986-1990 он хүртэл хийж, Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар 1993-1996 он хүртэл ажиллахдаа “Хурд” хамтлагийн олон сайхан дууны аялгууг зохиосон хөгжмийн зохиолч С.Ишхүү нарын уран бүтээлчийг урлагийн замд хөтөлжээ. Тэр ер нь намын ажил хийж байх үеэсээ л уран бүтээлч сэхээтнүүдтэй үзэл бодлоо хуваалцдаг сэтгэлийн их садан байж. Богд суманд ажиллаж байхдаа хөгжмийн зохиолч С.Чойсүрэн, Бат-Өлзийд “Орхоны шуугиан” роман туурвисан зохиолч Д.Равдан, Чойномтой хамт хэлмэгдсэн яруу найрагч Бямбын Очирхуяг нартай үй зайгүй нөхөрлөж ирсэн байна.

Найрагч Даваадаш 1973 онд Нарийнтээл сумын уугуул, эх баригч эмч мэргэжилтэй Ю.Чимэддагватай тоонот гэрт толгой холбон ууган хүү, таван охины аав эжий болжээ. Хүү Болд, охин Болдмаа нар нь утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй, охин Болормаа нь эдийн засагч бөгөөд эдүгээ БНХАУ-д магистрт сурч буй бол охин Баярмаа нь аавынхаа мэргэжлийг өвлөж багш болжээ. Охин Болор нь хэвлэл мэдээллийн ажилтан зураглаач. Одоо Бээжин хотноо магистрт сурч байна. Отгон охин Анар эх орондоо эдийн засагчаар ажиллаж буй. Ийм нэгэн өнөр бүл нийслэл хотноо амар жимэр аж төрж байна. Сэлбийн арслантай гүүрийн зүүнтэйх Баянзүрх худалдааны төвд цагаан идээ наймаалах Чимэдээ эгчийн лангуунаа Монголын нэрт уран бүтээлчид зочлох нь олонтаа. Т.Очирхүү, Ш.Уянга, Доржийн Гармаа, зураач яруу найрагч Мягмарын Амархүү нар бүрзэнтэй очоод улаа бутраад гардаг байсан гэж байгаа. Нацагийн Даваадаш Өвөрхангай аймагт ажиллаж амьдарч байх үеэс уран бүтээлийн бүхэл бүтэн нэгэн үеийг араасаа дагуулж, амьдрал-уран бүтээлийн их далайд замчилсан ачтан бүлгээ. Тэр хэдийгээр би тэдний багш нь гэж ил чанга хэлэхгүй ч яруу найрагч гэзэгт хэмээх Данзангийн Алтангэрэл, Д.Гөлөгдэмбэрэл, “Симба” сонины эрхлэгч, яруу найрагч Сэнгийн Адьяасүрэн, П.Жаргалсайхан, Жунайн Даваасүрэн, Б.Батнасан, зохиолч Б.Жамбалсүрэн, зураач Пүлжийн Энхтөр, А.Батбаяр, Р.Баярсайхан нар түүнийг дагаж уран бүтээлчийн цээнд хүрсэн бол “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, Монголын үндэсний номын сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоо, түүхэн романч Б.Сарантуяа нар сурагч ахуй цагаасаа түүнээс урмын үг сонсож уран бүтээлчийн жигүүр дэлгэсэн дэгдээхэйнүүд юм. Театрын дарга байхдаа сургуулийн цагаан хормогчтой бяцхан охидыг дагуулан явж шүлэг уншуулан хоригдлуудыг уйлуулж байсан удаатай. Тэрчлэн Хархорины гэрэлт найрагч Сольтогтохын Дамдиндоржийг алдарт “Жимсний бөөр” түүврээ гаргаагүй байх үед ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол абугай түүнд “Танай Дамдиндорж гэж мундаг хүү бий. Танилцаарай” гэж захиа бичиж байсан түүх бий.

Нэрт шүүмжлэгч Т.Доржпүрэв Хархоринд уран зохиолын багшаар ажиллаж байх үед уулзаж учран уран зохиолын халуун яриа өрнүүлж явсан байдаг. Даваадаш найрагчийнх номон далай гэдэг шиг айл юм. Шинэхэн байрандаа орохдоо давирхай үнэртсэн банзаар номын сан урлуулсан нь өрөө рүү нь шагайхад ойд яваа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Анхны номын уралдаанд 1985 онд “Зүрхний шившлэг” номоо сойход 46 номоос долоод багтан хэвлэгджээ. Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж гуай номыг нь редакторлохоор болсныг дуулаад залуу шүлэгчийн хөл нь газар хүрэхгүй баярласан гэдэг. Номоо хэвлэгдсэнийг гурван жилийн дараа мэдэж, шагналын зургаан мянган төгрөгөөсөө ишигтэй хоёр ямаа худалдан авч байж. “Аргамжааны чулуу” шүлгээрээ алдаршсан Алтайн их найрагч Тоомойн Очирхүүтэй гэр бүлийн найз ах дүү байснаа тэр дурсана. Хүү Болд нь оюутан байхдаа Очирхүү найрагчийнд амьдарч байсан юм билээ. “Хурд” хамтлагийн олноо алдаршсан хит дуу болох “Ээждээ”, “Хүслийн цагаан айзам” шүлгүүдэд хөгжмийн зохиолч Сангаагийн Ишхүү аялгуу зохируулсанаар аав, хүү найрагчдыг түмэн олон мэдэх болсон аж. Н.Даваадаш яруу найраг, хошин шог, орон нутаг судлал, сэтгүүл зүйн чиглэлээр гуч гаруй ном хэвлүүлж, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр, Б.Бямбабаяр, гавьяат жүжигчин Г.Тэрбиш, Л.Галмандах, хөгжмийн зохиолч О.Нармандах, Д.Алтангэрэл, Хайдавын Сэргэлэн нартай Х.Үнэнхүү гавьяатын дуулдаг “Арвайн цэнхэр тал”, Батцэнгэлийн дуулсан “Хан хөгшин уул”, соёлын тэргүүний ажилтан Төрмандахын “Азын тэнгэртэй заяа”, гавьяат Ц.Түвшинтөгсийн “Эрдэнэ бишрэлтийн нутаг” зэрэг олон арван дууны шүлгийг тэрлэжээ.

Найрагч маань нэгэн үе ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд ажиллахдаа академич Х.Сампилдэндэв, нэрт түвдэч, их эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, хиндич О.Сүхбаатар, академич Л.Болд, доктор С.Байгалсайхан, Д.Сумъяа, Б.Мөнхбаяр, А.Алимаа, Шинэбаяр, Ц.Эрдэнэбат нарын эрдэмтэн мэргэдтэй бийр бэх нийлүүлж, сэтгэлийн өнгө ижилсэж явсан ажгуу. Түүний аж амьдралын намтар үнэхээр өргөн бөгөөд баялаг. “Тоншуул” сэтгүүлийн парламентын сурвалжлагч, “Их барилга” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ч ажиллаж урлагийн гавьяат зүтгэлтэн, их шогч Цэвэгийн Байды, Самандарын Цогтбаяр, шог зураач Адьяагийн Бат-Эрдэнэ, Ц.Намжилдорж, М.Мянганзам, Далайдээрх, М.Амархүү, хөргийн Н.Орхон, Н.Оргил, З.Доржжанцан, А.Амарсайхан, төрийн шагналт зохиолч Ц.Доржготов нарын сэтгэлийн босгыг элээж итгэлийн дөлийг бадраалцаж явав гэх. Ийм л нэг баялаг намтартай, бахархах үйлстэй зохиолч найрагчийнд өнжөөд үдүүлэхийн үес тэнгэрт одод түгж, сэтгэл зүрхэнд дотнослын цагаан заадас гэрэлтэн байв аа.

ЭЭЖДЭЭ

Шүлгийг Д.Болд Хөгжмийг С.Ишхүү

Толгодыг даван шувууд буцлаа, ээж минь

Догдлох сэтгэл таныг үгүйлэн гансрах юм

Хатуу хөтүү хорвоогийн жамыг бодохоор

Холдоод байх шиг санагдах юм даа, ээж минь

Намрын төгөл навчсаа гөвөн бөхөлзөөд

Нартын амьдрал утгагүй мэт санагдаад байна

Сэрүүн шөнийн зэвэргэн бодолд жиндүүлэхээр

Сэтгэлийн дулаан чинь үгүйлэгдэх юм, ээж ээ

Надад өгсөн сэтгэлийн дулааныг чинь бодохоор

Нарны илч ядмаг санагдаад байна

Уйтгар үргээсэн бүүвэйн дууг чинь санахаар

Энэхүү дуу минь сэтгэлд минь хүрэхгүй л байна

ХҮСЛИЙН ЦАГААН АЙЗАМ

Шүлгийг Н.Даваадаш Хөгжмийг С.Ишхүү

Шөнийн гэгээн зүүдэнд минь

Хөтлөлцөөд надтай гүйдэг сэн

Өдрийн ариун бодолд минь

Гэрэлтээд дандаа буудаг сан

Санаанаас гардаггүй сайхан эгч таныг

Сар жилээр хүлээлээ би

Саваагүй хүсэлдээ түүртэж явсан

Жолоо султай нас минь дээ хө

Сүрчгийн үнэртэй салхинд нь хө

Бараадаж удаан дагадаг сан

Хяслын зайтай хорвоод хө

Сажилсаар ганцаар буцдаг сан

Дахилт

Хүслийн шаргал харгуйд нь

Намраар товолзоод гарсан сан

Хүний нутгийн тэртээд хө

Хүлээсээр суусан заяа сан

Дахилт

(“Хурд” хамтлаг “Сайхан бүсгүй” нэрээр дуулжээ.)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *