Categories
мэдээ цаг-үе

Хурандаа Д.Базаргүр: Юм бүхэнд цагдаад л ханддаг цаг үе байлаа

“Өдрийн сонин”-ы “Сураг алдарсан хүн” гэж булан бий. Цаг түүхийн гэрч болсон, тухайн цаг үедээ хамгийн их алдаршиж, нэрд гарч, магадгүй дуулиан шуугианы эзэн байсан тийм эрхмийн он жилүүдийг дахин сөхөж уншигч олонд танилцуулдаг сонирхолтой булан. иймээс уг буланд нэр хүнд далайц даацаараа таарч тохирох хүн ховор байх нь бий. Харин эл удаа тийм нэг сонирхолтой кадрыг олж уулзлаа. ЦЕГ-ын Ахмадын хорооны дарга Лхамчигийн Билгээ хурандаа “За чамайг би Базаргүртэй уулзуулна. Монголын цагдаагийн нэн шинэ үеийн түүхийг бичилцсэн хурандаа нарын нэг” гэж хэлсэн. Билгээ хурандаагийн удирддаг “Ахмадын хороо”-нд зуун жилийн түүхтэй цагдаагийн байгууллагын зүрх, тархи нь болсон генералууд, олон шилдэг хурандаа нар багтдаг. Тэдний нэг нь мэдээж ЦЕг-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Дамдинсүрэнгийн Базаргүр юм. Монголын цагдаагийн онц хүнд гэмт хэргийг илрүүлэх ажлыг олон жил, тэр тусмаа 1990-ээд оны хатуу цаг үед тогтвортой сайн удирдсан, нийгэмд шуугиан тарьсан олон ноцтой хэргийн халуун мөрөөр орж илрүүлж явсан түүнийг хөдөөд ч, хотод ч жигд сайн ажилласан гэж нөхөд нь тодорхойлдог.

Эрхэм хурандаагийн нэр алдрыг “Өдрийн сонин” “Ардын эрх” байх үеэс хөдөөх сургуулийн жаалхан сурагч би уншиж, сонсож явжээ. Мань хүн өөрийнх нь хэлснээр манай сонинтой шифийн харилцаатай байсан гэнэ. “Танай сонин одоогийнх шиг олон нүүрээр гарахгүй, харин дөрөвдүгээр нүүрт бидний мэдээлэл баттай гарна даа” гээд инээж сууна. Бас ч үгүй хэд хэдэн ярилцлагыг нь уншиж, тэр дундаас Тунгаа сэтгүүлчийн хөрөг нийтлэлийг санаж байна. Ерээд оны нийгмийн шилжилтийн жилүүдэд амьдрал хүндэрч, аймшигт хэргүүд олноор гарах болсон хийгээд цагдаагийнхан гэмт этгээдүүдийг баривчилсан тухай дайн байлдаантай кино шиг л яригддаг. Зүүнхараагийн банкны дээрэм буюу цагдаа цагдаагаа буудсан хэрэг, Авдрантын чанга дэглэмтэй хорихоос гурван оргодол оргож хүн барьцаалж ууланд бүгсэн дуулиан, за тэгээд С.Зоригийн амь насыг онц ноцтойгоор бүрэлгэсэн гээд нийгмийг цочроосон дуулиант хэргүүд гарч байв. жагсаал цуглаан, өлсгөлөн дээрээс нь алтан цөгцний асуудал, шатдаг өнөрмаагийн хэрэг гээд ид шидтэнүүдийн хэрэг нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байсан үе. Дуулиан шуугиан болсон эдгээр онц хүнд гэмт хэргүүдэд гар бие оролцож, ихэнхийг нь гардан удирдаж ажилласан хүн Базаргүр хурандаа. Уншигчдын олон асуултад хариулт өгч чадах түүнтэй уулзах боломжийг ийнхүү Билгээ хурандаа олгосон юм. Базараа хурандаа бид хоёр, хөөрөлдөөн, нийтлэл, дурсамж сэлтийг хослуулж энгийн сайхан ярилцлаа. Эхлээд төгссөн сургуулийг нь сонирхлоо. 1975 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийг төгсөөд Дорнод аймагт өмчийн төлөөлөгчөөр ажиллажээ. “Миний хувьд хамгийн анх томилогдсон Чойбалсан хотын хөнгөн, хүнсний үйлдвэрүүд хариуцсан өмчийн төлөөлөгчйн ажлаа олигтой хийж чадаагүй. Нягтлан бодох бүртгэлийн наад захын мэдлэггүй хүн чинь ашиглалын хэрэг илрүүлнэ гэж юу байхав. өмчийн төлөөлөгч атлаа дандаа хулгай, дээрэм, хүчингийн хэрэг илрүүлсэн байсан.

Харин Халх гол дахь Цагдан сэргийлэх группийн даргаар томилогдсоноос хойших томилолт болгон миний сонирхолд нийцсэн, хүч чадлыг минь сорьсон 1977 онд Халх голд цагдан сэргийлэх группийн төлөөлөгчөөр очоод дараа жил нь дарга болжээ. Тухайн үед Халх гол нь хоёр сумтай, 5000 гаруй оршин суугчтай, нөхцөлд байдал хүндэрсэн газар байж. Увсын Тэсээс таван малчин айл нутаг заагдаж очсоны гурав нь Тува руу мал хулгайлдаг архаг хулгайчид, “Цагаан толгой”-н хүүхдийн колониос 20 хүүхдийг АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар өршөөгөөд эвлэлийн төв хорооны илгээлтээр хүмүүжүүлэх зорилгоор явуулсан нь Халх голыг самарсан дээрэмчид болсон гэдэг. Тэнд ажилласан он жилүүд түүний цааш цаашдын ажил амьдралд хөрс суурь нь болж өгчээ. 1981 оны 11 сар хүртэл Халхын голд “дайтаад” Чойбалсан хотод буцаж ирэв. Гарамжил генерал цагдаагийн хэлтсийн даргаар, Базараа хурандаа гүйцэтгэх албаны тасгийн даргаар нэг тушаалаар томилогдсон байна. Халх гол, Чойбалсанд ажиллахдаа тэрээр Лувсангүрийн хэрэг, Дорнодынхон түрүү бөх, түрүү морио алсан гэх шуугиант хэрэг, мөн орос цэргүүдийн тавдугаар дэлгүүрийг олон удаа ухсан, 25 адуу буудсан хэргүүд, Авдрантаас оргосон онгорхой Чулуунбаатар зэрэг алдартай архагуудтай учирч байжээ. Баян-Уул сумын аварга малчин Лувсангүр гэгч Долгор гэж хөгшний 14 үхрийг хулгайлаад, араас нь мөрдөж очсон хөгшнийг алаад нэгдүгээр сарын дүн өвлөөр газарт булчихсан байсан гэдэг. Долгор хөгшнийг олох гэж Баян-Уул, Цагаан-Овоо сумдыг самнасны эцэст нуруулдсан өвсний туурийг яраад газар ухаж булсныг олж, нуруулдсан өвсний доодох газар хөлддөггүй гэсгүүн байдгийг тэгж мэдсэн удаатай. Ингээд наян найман оны хавар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгчөөр ирсэн. Цагдан сэргийлэхийн дарга нь Дамдинсүрэн генерал, яг тэр мөчид Бүдрагчаа сайдад ажлаа өгч байж. “Миний томилсон хамгийн сүүлчийн хүн чи болж байна. Ажлаа сайн хийгээрэй” гэж Дамдинсүрэн генерал захисан байдаг. “Орлогч дарга нь Давааням хурандаа, одоогийн Мөрдөн байцаах газрын дарга Отгонжаргалын аав. Намайг ерөнхий сургуульд байхад миний багш байсан, мундаг хүн” гэж хурандаа тодотгосон.

Ерэн онд Улсын цагдан сэргийлэх газар Цагдаагийн ерөнхий газар болоод Эрүүгийн хэлтэс шинээр байгуулагдахад даргаар нь З.Төрмандах дэслэгч цолтой томилогдож байсан юм билээ. Тус хэлтсийн Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн даргаар Базаргүр хурандааг томилсон байна. Энэ он цагаас “Цагдаагийн нэн шинэ үе” эхэлснийг мэдэх хүмүүс хэлдэг. Цагдаагийн түүхэн ном зохиолд ч тэгж дурдагддаг. Ерэн оны үйл явцыг жинхэнэ халуун цэгт нь явсан хурандаагийн хэлснээр хүргэе. “Зарим хүн ардчилсан хувьсгалын улмаас амьдрал хүндэрч, гэмт хэрэг даамжирсан гэдэгтэй би огт санал нийлдэггүй. Ерэн оноос өмнө 80-аад оны сүүлчээс социалист систем задран унаж, социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа байхгүй болсноос голдуу мах, мал аж ахуйн түүхий эд боловсруулдаг томоохон үйлдвэрүүд бүгд хаалгаа барьж, ажилгүйдэл, ядуурал, архидалт эрс нэмэгдсэн. Энэ үеэс л урьд хожид дуулдаж байгаагүй аймшигт хэргүүд, хил дамнасан улаан, цагаан мөнгөн усны болон хар тамхины наймаа, түүх соелын үнэт бүтээл, байгалын олдворын хууль бус худалдаа, ид шид, сүсэг бишрэлийн гээд шинэ төрлийн хэргүүд олноор гарах болсон. Мэдээж хулгай, дээрэм тонуул замаа алдсан. Миний хувьд улс орны эдийн засгийн байдал хямарч сулрахад, нийгмийн амьдрал, гэмт хэргийн нөхцөл байдалд гүнзгий өөрчлөлт гардгийг энэ үеэс л яс махаараа хатуу ойлгож авсан. 1990-ээд оны цагдаагийн байгууллага хүн хүч, техник хэрэгслийн хувьд тун ядмаг атлаа гайхалтай сайн ажиллаж хүнд цаг үеийг амжилттай даван туулж, ноцтой хэргүүдийг шил дараалан илрүүлж, гэмт хэргийн өсөлт, өрнөлтийг зогсоож хяналтандаа авч, ард түмний амгалан тайван байдлыг хамгаалж чадсан. Улс орны эдийн засгийн байдлыг сайжруулахад ч бодитой хувь нэмрээ оруулсан. Энэ бол Монголын цагдаагийн байгууллагын Ардчилсан хувьсгалын ололтыг хамгаалах, бэхжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй, хүндтэй гавьяа гэж бодож явдаг. Юм бүхэнд л цагдаа гэдэг тийм цаг үе байлаа” хэмээн хурандаагийн хэлсэнтэй Билгээ хурандаа ч санал нийлж “Тийм шүү, ард түмэн цагдаад үнэхээр итгэж найдаж, юм болгонд цагдаад ханддаг болчихсон байсан. Буруу зөрүү юманд ч цагдааг дайчлах гэнэ. Ямар сайндаа Пүрэв генерал “Цагдаа нохойд барьдаг мод биш” гэж байхав. 1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын офицерууд хуралдаж, даргаараа Говь-Алтай аймгийн даргаар ажиллаж байсан Б.Пүрэвийг томилж өгөхийг хүссэн захидал дээш нь бичсэнээр Пүрэв генерал ЦЕГ-ын дарга болсон түүхтэй, одоо харахад их л зөв шийдсэн байгаа юм” гэж өгүүлэв.

Базаргүр хурандаа Эрүүгийн цагдаагийн алба хэрхэн бэхэжсэн тухайгаа “Пүрэв генерал даргаар томилогдож ирээд, ард олны санал сэтгэгдлийг судалсны үндсэн дээр шинээр хоёр тасаг байгуулсны нэг нь Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, нөгөө нь хошууч Уугангэрэлийн даргалсан 3 дугаар тусгай тасаг юм. Эрүүгийн цагдаагийн албыг, тэр дотроо манай тасгийг бэхжүүлэх, ажиллах боломжоор хангах талаар Б.Пүрэв генерал, Ц.Жамъянсэнгээ хурандаа, хэлтсийн дарга З.Төрмандах нар анхаарч дэмжсэний хүчинд ажил маш хурдан цэгцэрсэн. Энэ хэрээрээ манай тасгийнхан сайн ажилласан. Онц хүнд хэргээс гадна тухайн үедээ их дуулиантай өөрөөсөө гал гаргадаг, алтан цөгцний, Рембо гаригын гээд ид шид, сүсэг бишрэлтэй холбоотой олон асуудлын учрыг тайлж, хуурамч доллар, бензины талон, улаан мөнгөн усны хэргүүдийг илрүүлж байлаа” гэж тодруулсан. Ерээд оны цагдаа нарын ярианд Пүрэв, Жамъянсэнгээ гэсэн хоёр хүний нэр байнга дурсагддаг. Базараа хурандаагийн ярианд бүр олон дурсагдсан нь дээрх хоёр эрхэм яах аргагүй Монголын цагдаагийн нэр нүүр нь байжээ гэж бодогдоно. 1995 оны намар Пүрэв генерал Базаргүр хурандаагийн удирдаж байсан хэлтсийнхэнтэй тусгайлан уулзахдаа “Та нар бол манай цагдаагийн АС-ууд” гэж анх удаа үнэлсэн нь онц хүндийнхэн ямар өндөр ур чадвартай, алдар хүндтэй хүмүүс байсныг гэрчилнэ. Пүрэв генерал ярианы завсраа –Та нар хөдөө орон нутагт томилолтоор их явдаг улс. Хичнээн сайн гэсэн ч хүний газрын өвс ногоо, рашаан ус бүү ууж байгаарай гэж захисан. Гэтэл 2-3-хан сарын дараа Завхан явсан сайн ажилтан маань Отгонтэнгэр хайрханы олон рашааны нэгнээс нь уугаад өнгөрсөн харамсалтай явдал гарсан. Ахмадуудын үгэнд ажил, амьдралдаа мэдсэн арвин их туршлага байдаг юм шүү дээ. Ийм сайхан сургамжтай үг, яриаг би залуу жанжин Лхагвасүрэн гуай, Балдан гуай гээд ахмадуудаас их л сонсож явсан даа гэж ярив. Төв, хөдөөд очиж онц хүнд гэмт хэрэг илрүүлэх ажлыг удирддаг ЦЕГ-ын тасгийн даргатай дүйцэхүйц “Чиглэлийн ахлах ажилтан” гэдэг урьд хожид байгаагүй албан тушаалыг энэ тасагт анх бий болгон Д.Мөрөн, Ш.Цолмонхүү, А.Дулаанжаргал, З.Төрмандах, А.Болдбаатар, С.Эзэннайрамдах, Рэнцэнрээбуу, Баатаржав, Л.Батбаяр, Ч.Чинбат нарын олон шилдэг мөрдөгчид ажиллаж байж. Хурандаагийн нэрлэсэн болгоныг бичнэ гэвэл лавтай 50-60-аас илүү хүний нэр дурдагдах бололтой. Харин энэ хамт олноос одоо ажиллаж буй хурандаа Б.Даваажав, Ц.Зоригоо, О.Зоригт нар, мөн 1996-1998 онд гурван жил дараалан Цагдаагийн академиас өөрөө биечлэн сонгож, чиглэлийн ахлахууддаа даатган дадлага хийлгэж ирээдүйн ажилтнуудаа бэлтгэж байсан нь одоогийн цагдаагийн шилдгүүд болох хурандаа Манлайбаатар, Очгэрэл, Буянбат, Отгонжаргал, Ууганбаяр, Дамдинцэрэн нарын нэрс хөвөрдөг.

Хурандаа бид хоёр цагдаагийн албан яриагаа жаахан хойш тавиад амьдралынх нь сонин үүх түүх, уулзаж учирч явсан домогт хүмүүсийн тухай хөөрөлдлөө. “Би чинь Халхын голын бүх баатруудыг танина, уулзаж байлаа” гэж хэлэх нь арга байхгүй “цаг түүхийн гэрч мөн юм даа” гэж бодогдсон.

-Монгол Улсын баатар, Залуу жанжин Ж.Лхагвасүрэн гуайгаас та ямар сургаал сонсож явав?

-Эргээд харах нь ээ, дурсамжтай, сургамжтай зүйл олон байх юм. Би Халх голын хэдэн баатруудыг бүгдийг нь сайн танина. Зарим нь манай аавтай найз байлаа. Гонгор баатар, Дандар баатар, Төмөрбаатар, Чогдон баатар. Мөн эх оронч Балдан, Гэндэн гээд үнэхээр гавъяатай, түүхтэй хүмүүс. Балдан гуай манайд цагдаа байсан. Насаараа ажил хийгээгүй, тагнуулын газрын даалгавраар хилийн наана цаана үүрэг гүйцэтгэж явсан хүн. Хожим тэтгэвэртээ гарах гэтэл ажилласан жил нь хүрдэггүй. Ингээд манайд цагдаа хийж ажилласан жилээ гүйцээж байсан. Их гоё гоё юм ярьдаг өвгөн байсан. Одоо би харамсдаг юм. Аавынхаа яриаг, тэр домог түүх болсон баатруудын яриаг ухаж төнхөж ярилцаж байсангүй. Толгойд орчихлоо гэж бодон, өөрийгөө ингээд түүх ярьдаг өвгөн болчихно гэж боддоггүй байж. Тэр өвгөдөө мөнх юм шиг санаж байжээ. Залуу жанжин Лхагвасүрэн гуай улсын ургацын комиссын гишүүн. Намар бүр ургац хураалтын үеэр Халх голд очоод тариа хураалт дуустал яс сууна даа. Тухайн цагт сумын машинтай дарга нартаа мал аж ахуйн ферм, хадлангийн бригад, тариа бригад нэг нэгийг хариуцуулдагын нэг нь би байв. Нэг удаа Лхагвасүрэн генералд хань болон чоно харах санаатай уулын орой дээр сууж байтал залуу жанжин халуун савтай цайгаа гаргаж ирлээ. Надад аяга байдаггүй, халуун савныхаа таганд цай хийж өгөх зуураа “Цэргүүдэд хөнгөн цагаан аяга, тавганд хоол цайг нь яагаад уулгадгийг мэдэх үү” гэж асуулаа. Би хагарахгүй болохоор л тэр байх гэтэл биш ээ, хөнгөн цагаан аяганд халуун цай уусан хүний уруул ам гэмтдэггүй, наад зах нь хомхой долоохгүй, хагарч шархлахгүй гэж хэлсэн. Тэр яг үнэн. Халх голын тариаланчид хөнгөн цагаан аяганд цай уудаг болсноосоо хойш ам хамар нь хагарч гэмтэхээ больсон юмдаг. Залуу жанжин олон л юм ярьж байснаас энэ л сэтгэлд тод үлдсэн байна. Хурандаа бид хоёрын хөөрөлдөөн, тэмдэглэлийн эхний хэсэг ингээд шувтарч байна. Дараагийн дугаарт Лувсангомбо сайд, Бугын Дэжид генералын тухай мөн С.Зоригийн хэрэг гээд олон сонирхолтой сэдвээр өрнөх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *