Categories
мэдээ цаг-үе

Хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлдэг гэдэгт би итгэдэг

“Academy awards 2015” наадмаас “Аав” киногоороо шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал аваад буй УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболдтой ярилцлаа.

-Юуны өмнө “Academy awards 2015” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Кино маань амжилттай болсны үр шим шүү дээ.

-Шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан “Аав” кино Г.Эрдэнэбилэг та хоёрын хамтран найруулсан кино байх аа?

-Тийм ээ, Эби бид хоёрын анхны уран бүтээл. Би хоёрдугаар найруулагчаар ажилласан юм. Залуу зохиолч М.Энхдалайгийн бүтээл. Эби бид хоёр театрт нэг өрөөнд суудаг юм чинь ирэхээр нь ийм зохиол байна гэжхэлээд үзүүлсэн. Хоёулаа зохиолыг нь уншаад давгүй юм, кино хийе гэж шийдсэн. Кино олон хүний санаагаар бүтдэг учраас киноны багийн Базаррагчаа, Оки гээд бүх хүмүүс ярилцаж байж киногоо өлгийдлөө. Зохиолын зарим хэсгийг өөрчилсөн л дөө. Багийнхан маань сайхан уялдаатай ажилласны үр дүнд кино маань шилдгийн шилдэг уран бүтээл боллоо.

-Дүр сонголтын хувьд яаж сонгов?

-Бид гол дүрийн охиныг сонгохын тулд их олон хүүхдээс проба авсан. Тэгээд СУИС-ийн дөрөвдүгээр курсийн Б.Мөнхдэлгэр гэдэг охиныг сонгосон.

Б.Мөнхдэлгэр дүрдээ наалдахаар их гоё энгийн тоглолттой байсан юм. Мөн миний залуу насанд УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр тоглосон.

-“Аав” киноны дууг та дуулсан байна лээ. Сүүлийн үед хүмүүс их сонсож байгаа?

-Миний дуулна гэж юу байхав дээ. Дуучин С.Нарантай хамтарч дуулсан. Нөгөө хэдээрээ заалгаж байгаад жаахан эвтэйхэн л дуулсан юм.

-Таны хоолой одоо брэнд болчихлоо шүү дээ. Удмынх уу?

-Удам байгаа байх.

-Таны бага нас Налайхад өнгөрсөн гэсэн үү. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Бага нас маань Налайхын тавдугаар хороонд өнгөрсөн. Манай аав уурхайчин хүн. Ээж маань Налайхын ахуйн үйлчилгээнд оёдолчингоос эхлээд нярав, мэргэжилтэн хүртэл ажилласан. Одоо хоёулаа тэтгэвэртээ гарчихсан. Би айлын том хүү. Миний доорх дүүг Цэрэннэмэх гэдэг. Багш мэргэжилтэй. Бага дүү маань бас багш. Хашхүү гэдэг бүсгүй бий. Ганц охин нь болоод тэгдэг юм уу жаахан байхаасаа их хэрсүү байсан. Хэдийдээ ч хоол хийгээд сурчихсан юм бүү мэд. Хэзээ ч бид хоёрын хувцсыг угаагаад сурчихсан юм. Их ажилсаг дүүтэй.

-Ээжтэйгээ нэг кинонд тоглосон гэсэн үү?

-“Аав” киноны жижиг хэсэгт тоглосон. Ээжийг чадах юм болов уу гээд эргэлзэх байх гэсэн чинь их дуртай тэгье гэж хүлээж аваад тоглосон л доо. Киноны гол дүр залуу насандаа будилж явах үед миний ээж өмнөх дурсамжийн хоёр багахан хэсэгт тоглодог юм.

-Та яагаад жүжигчин болчихов оо. Жүжигчин болно гэж боддог байв уу?

-Жүжигчин болно гэж бодож байгаагүй. Манайх Налайхаас Багануурт шилжиж очсон юм. Би тэр үед гал унтраах 64 дүгээр ангид гурван жил жолооч хийсэн. Тэр хооронд байгууллагуудын хооронд АСК тэмцээн болдог байсан. Д.Бямбацогт ах Багануурын театрын дарга байсан үе. Д.Бямбацогт ах биднийг тэмцээн уралдаанд бэлдэж байгаад “Чи ер нь шалгалт өгөөд үзвэл яасан юм” гэсэн. Манай ээж намайг дэмжээд оюутан бол гээд жүжигчин болох зам руу орж байлаа.

-Оюутан байх үеэ дурсаач?

-Би Мюзикл дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 2003 онд төгссөн. Баасансүрэнбагш надаас шалгалт аваад “Чи тэнцэх юм байна” гээд тосч авч байсан хүн. Сургууль маань МУГЖ дуурийн дуучин Д.Баадайжав гээд их сайн багш нартай сайхан сургууль байсан.

-Сургуулиасаа эхнэрээ сонгосон гэх юм билээ?

-Миний эхнэр эдийн засагч мэргэжилтэй. Тэр үед манай сургуульд санхүү хариуцсан ажилтан байсан юм.

-Анх аав болох ямар санагдаж байсан бэ. Хүүгээ гарахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Аав болох үгээр хэлэхийн аргагүй маш сайхан мэдрэмж. Хамгийн түрүүнд аав руугаа ярьж “Та өвөө боллоо шүү дээ” гэж хэлсэн. Хүн өөрөө аав болохоор аав, ээжийгээ ойлгодог юм билээ. Манай эхнэр хүүхдээ гаргаад “Би ганцхан хүүхэд гаргах гэж ингэж зовж байхад ээж минь яаж олон хүүхэд гаргасан юм бол оо” гэж байсан. Эмэгтэй хүн “эх хүн” гэдгээ илүү мэдэрдэг юм шиг санагдсан шүү.

-Хүүхдүүдийнхээ талаар яриач?

-Миний хүүг Далайцэрэн гэдэг. Одоо 11 настай. Бага маань Үлэмжгоо гээд дөрвөн настай хөөрхөн бор охин бий.

-Та сургуулиа төгсөөд шууд УДЭТ-т орсон юм уу?

-Ц.Төмөрбаатар гуай манай сургуульд багшилж байсан юм. Сургуулиа төгсөөд нэг жил Ц.Төмөрбаатар гуайн туслах багш хийсэн. Театрын найруулагч Ч.Түвшин багш маань намайг төгсгөж байлаа. Ч.Түвшин багшийнхаа “Алтан унага” театрын жүжигчин гэж фестивальд оролцож байсан. Багш маань “Драм дээр шалгалт авч студийн жүжигчин авах юм байна. Чи бэлдэж байгаарай” гээд намайг бэлдүүлдэг байсан. 2006 онд шалгалтаа өгөөд УДЭТ-т орж байлаа.

-Драмын театрт ороод ямар жүжигт анх тоглож байв?

-Анх Б.Мөнхдорж найруулагчийн “Харц хатан” дуулалт жүжигт Гомбосүрэн гэж агь ноёны дүрд тоглож байсан. Театраас их юм сурдаг. Найруулагчаасаа гадна жүжигчдээсээ суралцана. Болохгүй байгаагаа багшаасаа асууна. Тэр үед Баавай, Мэндээ эгч хоёр надад их тусалж байсан. Миний хүү ноён хүний алхаа ийм байх ёстой гээд л зааж байсан нь саяхан мэт санагдаж байна.

-Хэдэн жүжигт тоглосон бэ?

-Таван жүжгийн гол дүр. 30-аад жүжгийн туслах дүрд тоглосон.

-Дэлгэцийн анхны дүрийн хувьд?

-Анх Австри, Германы хамтарсан “Чингис хаан” баримтат уран сайхны киноны Жамухын дүрд тоглож байсан. Монголд зураг авалт нь болж байсан юм.

-Жүжигчид түүхэн дүрд тоглохыг хүсдэг. Таны анхны дүрүүдийг харахад дандаа түүхэн кино байдаг шүү дээ. Одоо ямар дүрд тоглохыг хүсч байна?

-Тоглохыг хүсдэг дүр байдаг л даа. Дээхнэ нэг хүн надад хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. “Яг цэвэр дуурь сонсъё гэвэл хүн Италид очиж сонсоно. Шекспирийн жүжиг үзье гэвэл Англид очиж үзнэ. Тэрэн шиг Монголд ирээд үзэх юм нь Монголын өв соёл. Гадныхан Монголын үндэсний юмыг л үзнэ шүү дээ” гэж билээ. Тэгэхэд би дотроо ядаж нэг хуур татаж, хөөмийлж сурах юмсан гэж бодож байлаа. Жаахан оролдож үзсэн л дээ. Магадгүй кинонд хөөмийлөөд монгол гэсэн үнэр шигтгэхийг хүсч байна. Үндэсний өв соёл хамгийн чухал зүйл байна даа гэж дотроо бодож байлаа. Том уран бүтээл дээр сайхан дүр бүтээх шиг бахдам зүйл байхгүй шүү дээ. Одоохондоо сэтгэл ханамжтай бүтээсэн дүр алга л байна. Урлагийн буян болох байлгүй дээ.

-Сүүлийн үед та их моодонд ороод байна уу. Нээлтээ хийж байгаа бүх кинонд тоглосон байх юм?

-УДЭТ жилдээ хоёр, гурван шинэ жүжиг тавьдаг. Театрынхаа уран бүтээлд тоглоно. Хажуугаар нь киноны санал ирэхээр нь тоглочихдог юм.Энэ жилийн хувьд “Ар хударга” кино аль намар зургийг нь авчихсан байсан ч сая нээлтээ хийж байна. Энэ өвөл бол “Аав” кинондоо бүх анхаарлаа хандуулсан. Бас “Улаан театр”-ын Хангай, Сүхээ дүү нарынхаа анхны бүтээл дээр гурван хэсэгт тоглосон. Нэрийг нь мэдэхгүй байна тэгж байгаад гарах байх.

-Таны “Ар хударга” киноны хэсэг цахим ертөнцөд их яваад байгаа. Үг сонголтын хувьд зохиол дээрээ бичигдсэн байсан юм уу?

-“Ар хударга” кинонд би туслах дүрд тоглосон. Киноны маркетингийн хүмүүс миний тоглосон шоронгийн хэсгийг нь таслаад сошиалаар явуулчихсан юм билээ. Шоронд байгаа хүн тэр байтугай юм ярих байх гэж бодоод л би хэлчихсэн юм.

-“Марко поло”-д тоглохоор болсон гэсэн. Ямар дүрд шалгарсан юм бэ?

-Би “Марко поло” киног үзсэн их далайц нь том мундаг, сайхан кино байна лээ. Би энэ кинонд хоёр сценд тоглохоор болсон. Долдугаар сард Унгарт таны хэсгийн зураг авна гэж байсан юм. Гэтэл есдүгээр сард болчихлоо. Унгарт биш Малайзад таны хэсгийг авна гэсэн. Одоогоор тийм хариу ирчихээд л байж байна. Тоглосон хойно нь л тоголлоо гэхээс биш. Нөгөө улсууд чинь дахиад зохиолоо өөрчилчих ч юм билүү.

-Таныг найруулагч нар ямар дүрд голдуу сонгож байна?

-Эсрэг, хар талын дүрд л сонгох юм.

-Кинонд эсрэг дүр гол дүрээсээ илүү байдаг юм шиг. Таныхаар?

-Эсрэг дүр хийх юм ихтэй л дээ. Манай Дагва ах эсрэг дүр байсан ч дүрээ өмөөрч тогло гэж хэлдэг юм. Тэгэхээр дүрийн шугам хүчтэй бас их зөв гардаг байх. Эсрэг дүр ажиллагаатай сайхан шүү.

-Та өөрөө найруулагчийн үүднээс кино хийх үү?

-Хийх бодол байгаа. Хамгийн гол нь эдийн засаг. Тэр талаа шийдээд сайхан зохиол дээр ажиллая гэсэн санаа бий.

-Дүрийн судалгаагаа яаж хийдэг вэ?

-Тухайн дүрийн судалгааг амьдралаас эрж хайна шүү дээ. “Шарга даага” кинонд тоглохдоо нутгийн уяачидтай уулзаж адуугаа яаж уяж, сойж байгааг асууж судалгаа хийж байсан. Жүжигчин хүн болгон амьдралаас ийм судалгаа хийдэг.

-Та ихэнхдээ настай хүний дүрд тоглосон харагддаг?

-Тийм. Би уг нь 1977 оных. Хүүхэд байхын их овортой байсан. Намайг долдугаар ангид байхад хэзээ цэргээс халагдаж ирсэн гэдэг байлаа.

-Цэрэг гэснээс та цэрэгт явж байсан юм уу?

-Үгүй. Галын гурван жилээр хаалгаж байсан.

-Эр хүнд нөхөрлөл чухал байдаг. Та нөхөрлөлийг юу гэж боддог вэ?

-Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болддоггүй гэж үг байдаг шүү дээ. Бас зуун төгрөгтэй явснаас 100 найзтай яв ч гэдэг. Надад найз нөхөд олон бий. Хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлдэг гэдэгт би итгэдэг.

-Аав, ээж чинь одоо Баганууртаа байгаа юу. Танд юу гэж захидаг байв?

-Зундаа Улиастайн аманд зусдаг. Өвөлдөө Багануур руугаа орчихдог юм. Ажлын зав чөлөө гарвал аав, ээж дээрээ очдог юм. Аав маань олон дотроо сайхан яваарай, хамт олонтойгоо байгаарай гэж захидаг.

-Бага насандаа гэр бүлээрээ тэмдэглэж байсан хамгийн гоё баяр юу вэ?

-Өвөө маань 80 гарч бурхан болсон хүн. Би өвөө дээрээ өссөн. Өвөөгийн хүүхэд л дээ. Цагаан сар л их сайхан болдог байсан. Өвөө маань тэндээ хамгийн ахмад нь байсан болохоор олон ч хүн ирдэг байлаа.

-Өвөөтэйгөө байсан үеэ дурсаач?

-Миний өвөө дархан хүн байсан. Би хажууд нь галыг нь түлж өгдөг хүүхэд байлаа. Дарханых нь хөөргийг халаана. Сүүлд паяалник халаадаг болсон юм. Дарханы ажилд тусалдаг нь л би байсан. Өвөө надад гаанс толгой тааруулаад өгчихсөн. Багаасаа л тамхинд орчихсон хүүхэд байлаа. Өвөөтэйгөө адилхан тэр хавийн өвөгчүүлтэй их нийлдэг болохоор найзууд маань намайг “өвгөн Болдоо” гэж хочилдог байж билээ.

-Танд дарханы ур дүй бий юу?

-Өвөө бурхан болохын өмнө намайг дуудаад “Миний хүү өвөөгийнхөө дарханы багажийг Нэмэхээдээ өгөөрэй. Чи буу аваарай” гэсэн. Миний доод талын дүү шүү дээ. Уг нь тэр тусалдаггүй тоглоод л гүйж явдаг байсан юм. Гэхдээ өвөө миний хажууд хамаагүй гарын дүйтэй гэдгийг нь олоод харчихсан байсан л хэрэг. Тэгэхээр надад гарын дүй байхгүй байж.

-Өөрөө хүсээд энэ дүрд л тоглочих юмсан гэж тоглосон дүр бий юу?

-Олон дүрд тоглож байсан л даа. Жүжигчин хүн юм чинь янз бүрийн л дүрд тоглоно шүү дээ. Гэхдээ “Шарга даага” киноны уяачийн дүрийг л би дөхүүлнэ дээ гэж бодож байсан. Мөн “Аав” киног бас дотроо төсөөлөөд болох юм шиг санагдсан.

-Моринд дуртай юм уу. Яагаад уяачийн дүр ойрхон санагдав?

-Би моринд их хайртай хүүхэд байсан. Багадаа олон сайхан морьтой болоод уралдуулах хүсэл байлаа. Манай тавдугаар хорооныхон айл болгон жаахан малтай. Тэр үед хонинуудаа бүгдийг нь нийлүүлээд ээлжилж явдаг байсан юм. Үхэр малаа мориороо эргүүлнэ гээд хот доторх хөдөө гэх үү дээ.

-Танд дурлалт залуугийн дүр байхгүй шүү дээ. Тийм дүрд тоглооч гэвэл та тоглох уу?

-Тоглоно доо.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Хааяа нэг бильяард цохидог. Салхинд гарах сайхан.

-Гэртээ хариад та ямар хүн болох вэ?

-Гэртээ хариад хүүхдүүд­тэйгээ тоглоно. Манай бага намайг морь бол, арслан бол гээд зүгээр байлгахгүй. Эхнэрийнхээ хийж өгсөн хоолыг идчихээд л суваг солиод кино үзээд хэвтэнэ. Хамгийн сайхан жаргал маань тэр дээ.

-Ойрын үеийн төлөвлө­гөөгөө сонирхуулаач?

-Завсар зайгаараа хэл суръя гэж бодож байна. Гадагшаа явж үзлээ хэлтэй хүн сайхан юм. Заавал кинонд тоглох биш. Гадныхантай хамтарч ажиллахад ч хэрэг болно шүү дээ. Ер нь хүн цаашаа явъя гэвэл эхний ээлжинд хэлтэй болох хэрэгтэй юм байна гэж бодож байгаа.

-Та монгол дээлээр гоёдог уу?

-Жаахан хүүхэд байхдаа 7, 8 дээлтэй байлаа. Одоо хааяа тэмдэглэлт баяраар ч юм уу. Эсвэл тайз, кинон дээр л өмсөж байна.

-Наадмаар та яаж баярлах вэ?

-Зурагтаар бөх, морио үзэх байх. Би явж үзэх дургүй. Наадмаар миний хүүгийн төрсөн өдөр болдог юм. Бид нар өвөө, эмээ дээрээ очоод хонь гаргаж шөл уудаг. Хорхог хийнгээ “Хөөе нөгөө бөх юу болж байна. Хэний морь яаж давхив” гээд зурагт руугаа нэг гүйгээд буцаад хэдүүлээ хөхрөлдөөд л өнгөрөөдөг. Айргаа уугаад махаа огтолж идээд суух сайхан л даа. Олуулаа бужигнаж гэр бүлээрээ тэмдэглэсэн наадам сайхан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *