Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний үг

Өөрийнхөө санааг илэрхийлэхэд өөр хүний үг хэрэг болдог нь сонин. “Би тэгж бодож байна” гэвэл хүмүүс хөндийрөөд явчихна. Харин “тэр гуай тэгж хэлснийг би дэмжиж байгаа” гэвэл улс амьтан ондоо болоод явчих жишээтэй. Дээхнэ үеийн багш нар “За хүүхдүүд минь хичээлээ давтаад байгаарай” гэхийн оронд “сур сур бас дахин сур” гэж Ленин багш сургасныг сануулдаг байв. Яг юу юуг сур гэснийг нь тодорхой хэлээгүй байж тамхи татаж сурсан нэгнийг маань алангаа алддаг сан.

Хэрвээ Ленинг өөрийг нь олж уулзаад энэ талаар асуухад юу гэхийг хэн мэдлээ. Тэрээр шанаагаа тулан бодлогоширсноо “Юу билээ, байз. Би тэгж хэлсэн байна уу? Аа саналаа, саналаа. Өнөө Разлив нуурын хөвөөнд өвсөн эмбүүлд сууж байхдаа нэг гөлөг тэжээсэн юм. Өнөөхийгөө шидсэн мод авчруулж сургах гэж үйлээ үзсэн сэн. Тэр үед л “ой …Моська яасан юм сурдаггүй нохой вэ. Сургах, сургах бас дахин дахин сургах хэрэг гарах юм” гэж байсан санагдах юм. Тэр л юм болов уу” гэх байсан ч байж мэднэ. Харин Лениний “үйлдвэрчний эвлэл бол коммунизмын сургууль мөн” гэсэн үгийг үнэн гэж боддог шүү, одоогийн үйлдвэрчин энэ тэрийг харах тусам.

Ер нь бол бидний түүхийн үе бүхэн өөрийн гэсэн ишлэлтэй явсан байж таарна. Чингисийн үед ямар ишлэл байсан юм бол. Хааны өөрийнх нь зарлиг л яригддаг байсан болов уу?

Хээр тал нутагт ХХ зууны эхэн хүртэл Бурхан багшийн үг сургаал л их ишлэгддэг байсан болов уу?

Харин ХХ зуунд олон юм урваж, хөрвөжээ. Юун түрүүн “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” гэсэн ишлэлээ “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн өө” гэсэн Марксист лоозонгоор солив. Энэ зууны ажил хэрэг бүхэн өөрийн гэсэн марксист ишлэл лоозонтой байсан юм.

Зохиолч Ж.Лхагваа гуайн “Атга чулуу” номд ийм нэг хэсэг бий. Нэг суманд лекц ярианы дараа “Энэ талаар Маркс, Энгельс, Ленин нар юу гэсэн бэ” хэмээн лектороос асуудаг өвгөн байж гэнэ. Зохиогчийн дурссанаар “Энэ талаар Маркс, Ленин нар юм хэлээгүй” гэх лектор гараагүй юм гэдэг.

Хачирхалтай нь Ленин, Маркс нар нь юм болгоны тухай үгээ хэлсэн байж таардаг нь сонин. Кино театрууд гэхэд “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино. В.И.Ленин” гэсэн ишлэл хадаж байж л сая “хүчин төгөлдөр кино театр” болох жишээтэй. Авто баазууд “Тээвэрт сахилга бат хоёр гурав дахин чухал. В.И.Ленин” гэсэн байдалтай. Харилцаа холбоо, эрчим хүчний салбарт бол тээврийнхээс хоёр гурав дахин бага сахилга хангалттай юмдаг уу?

Маркс, Лениний үг олдохгүй бол Д.Сүхбаатар (Ардчилсан холбооны Д.Сүхбаатар биш), тэгээд барахгүй бол тухайн үеийн удирдагч Ю.Цэдэнбалаас ишилж байж л сая аливаа санал, төсөл үйл хэрэг болох шатандаа ордог. Хичнээн сайн ишлэлээр нотолно тэр хэрээрээ хүлээн зөвшөөрөгддөг байсан. Заримдаа ч тааруулсхийгээд зохиогддог байсан бололтой. Жолооч бэлтгэдэг цэргийн анги болох “107”-гийн Сүхбаатарын танхимын хананд Д.Сүхбаатарын хэлсэн гэх “Манай улс улам олон автомашинтай болно..” гэж эхлээд бараг л өвлийн цагт антифриз хэрэглэж, аккумлятороо сайн цэнэглэж байгаарай гэж ойлгогдохоор ишлэл наяад оны сүүлээр байсан сан.

Д.Сүхбаатарын үед автомашин байсан ч гэсэн түүнийг “Чийчаан, мухар тэрэг, шилэн Форд” гэхчилэнгээр нэрлэдэг байсан гээд бодохоор хожим зохиогдсон болж таарах гээд байна. Ангийн захирагчийн ярьснаар түүнийг энд томилогдон ирэхэд л уг лоозон байсан гэнэ. Мэдээж боловсролтой сэхээтэн хүн уг ишлэл үндэс муутай гэдгийг хараад л гадарласан байх л даа. Гэхдээ үгэнд эргэлзэж байгаагаа хэлбэл буруутах болно. Тэгэхээр байснаар л байж байг. Харин марксизм ленинизмыг үндэслэгч ба ардын хувьсгалын удирдагчийн хэлсэн үгийн талаарх яриа осолтой. Хэлсэн гэх үг нь бол өөрөө осолгүй. Чухам иймээс мөнөөх Лхагваа гуайн номд гардаг өвгөн ба лекторууд ямар нэгэн юманд ороолддоггүй байж гэж ойлгож болно.

Ерээд оны ардчилсан хувьсгал бидэнд ишлэлгүй амьдрах, өөрийн санаатай байх боломж олголоо. Гэтэл өөрийн санаатай гэдэгт ийм ч амар юм биш болоод явчихлаа. Хүний үгээр үг хийх нь хамаагүй амар хялбар байж.

-За ардчилдаг байж. Энэ талаар Марсизм ба Ленинизмийн онолчид, нам төрийн удирдагчид юу гэсэн байна гээд үзэх гэхээр байдаггүй ээ. Байдаггүйгээр барахгүй бүр түүний эсрэг номлол болж таарлаа. Энэ талаар үг хэлсэн хүн гэхээр Зориг, Баабар, Элбэгдорж, Бат-Үүл… бид жирийн хүнээс ишилж сураагүй байлаа. Бид өөрөөсөө ишилж сураагүй байлаа. Учир нь бид өөрснөө хэн ч биш байсан хэрэг.

Тун удалгүй “Япон Ленин” болох Хироно профессор гээч олдов. Ленин багшийн гучин ботийн оронд Хироно багшийн “Зах зээлийн эдийн засаг” лекцийн ксероксдсон хувь уншигдах болов. Дараа нь Кейнс багш, Скаузен багш…

Олон багшийн дундуур “монгол ухаан” гэдэг багш орж ирлээ. Үг хэл, бодол санаа маань хувь хүн рүүгээ улам ойртоод байгаа л хэрэг. Энэ бол “миний ухаан” гэх гээд жаахан халгаад, тойроод байгаа л хэрэг шүү дээ. Олдсон боломж ба бодит байдал хоёрын хооронд буй зөрөө алхам алхмаар багасаад л байгаа хэрэг.

Сүүлийн жилүүдэд уул уурхай яригдах болсонтой холбогдон нэг ийм үг гарлаа. “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”. Эхлээд энэ үгийг Хүннүгийн хаан Модунь Шанью бээр ирээдүйд 2200 жилийн дараа гадаадын хөрөнгө оруулагчид ирэх үед хэрэг болно хэмээн хэлж үлдээсэн болохыг ишлэгчид дурдаж байв. Удалгүй хэлсэн хүн нь Модунь биш, харин Галдан бошигт өврийн дэвтэртээ бичиж үлдээсэн болж таарав. Ер нь 2200 -гаад жилийн тэртээх бөөгийн мөргөлт Хүннү нар “Бурхан” гэдэг үг хэрэглэх эсэх, Галдан бошигтын хувьд шарын шашны хутагт хүн байж“ бурхан хүнээс юм гуйх” мэтээр төсөөлөх зэрэг энд ямар ч хамаа алга. Сэтгэл татам энэ ишлэл “би бодохдоо…” гэдэг үгийг бүрэн орлож байлаа.

Яг үүнтэй зөрөөд “Тусгаар тогтнолд хэрэг болох л юм бол төрсөн бууцаа ч битгий харамла” гэж ХХ зууны Монголын лидер Ю.Цэдэнбал хэлсэн гэх үг ч бас гараад ирж. Үнэхээр ХХ зууны Монголыг нийгмийн хөгжлийн шинэ эрэмбэд гаргасны золиосонд нам төрийн удирдагчийнх нь төрсөн бууц явчихсан нь бол үнэн л дээ. Харин энэ үг хэн нэгний “би бодохдоо”-г орлон яригдаж байна.

Ардчилал зах зээлд шилжээд жил өнгөрч байна. Харин бидэнд өөрийн бодол санаа ирж гүйцээгүй л ажгуу. Өөрийн бодол санаагаа хүлээх зуур өөрийн санаа бодол гээч юм өөрөө бас хувиран арилж, хувьсан орчилдсоор.

…Өнөөдөр гэр бүл, үржил, хүйсийн зохицлын тухай уламжлалт ойлголт эвдэгдэж гомо, лесби гараад ирлээ. Мал амьтныг бэлгийн замаас гадуур үйлдвэрлэж эхлэв. Энэ нь бузар муухай зүйл, ертөнц сөнөхийн дохио гэхээсээ илүү бидний хамгийн зөв гэх ойлголт, шилдэг гэгдэх мораль хичнээн хэврэг, хичнээн төөрөгдөл байдгийн л жишээ. Ухаандаа саяхан болтол солгой хүүхдийг хүлээн зөвшөөрдөггүй, багш нар албадан байж баруунаар нь бичүүлж сургадаг л байсан даа.

Бүтэж бүрэлдсэн бүхэн хоосон бөгөөд хуурмаг хэмээнэ.

2010 оны нэгдүгээр сарын 6


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *