Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний эрхийн хуульч Р.Булгамаа: Хууль зүйн туслалцаа үзүүлэх механизм шуурхай ажиллаагүй учраас Өвөрхангайд хүчингийн гэмт хэргийн хохирогч амиа хорлосон сөрөг үр дагавар бий болж байгаа юм DNN.mn

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 15 настай охин өндрөөс унаж амиа хорлосон хэрэг гараад найм хонож байна. Талийгаач охин хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон талаар ээж нь өнгөрсөн хоёрдугаар сард аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан байдаг. Цагдаагийн байгууллага охиныг хохирогчоор тогтоон хэргийн мөрдөн байцаалтыг эхлүүлж, охиноос хоёр удаа мэдүүлэг авсан гэж байгаа юм. Гэвч хэрэг мөрдөн байцаалтын явцад охин амиа хорлосон харамсалтай явдал боллоо. Энэ хэрэгт анхаарал татаж байгаа нэг зүйл бол охинд хууль зүйн туслалцаа үзүүлэх албан ёсны өмгөөлөгч байгаагүй явдал юм. Насанд хүрээгүй хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болчихоод байхад хууль зүйн туслалцааг бүрэн дүүрэн үзүүлж чадаагүй явдал охиныг амиа алдахад хүргэсэн байж болзошгүй юм.

Хүчингийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэл зүй ямар болдог, тэдэнд хууль зүйн туслалцаа ямар ач холбогдолтой байдаг талаар хүний эрхийн хуульч Р.Булгамаатай ярилцлаа.

-Өвөрхангай аймагт бэлгийн хүчирхийлэлд өртсөн 15 настай охин амиа хорлосон харамсалтай явдал болоод байна. Охин сэтгэл зүйн болон хууль зүйн туслалцаа авахаас эхлээд олон эрх нь зөрчигдсөн байж болзошгүй харагдаж байгаа. Ер нь энэ төрлийн хэргийн хохирогчид хамгийн түрүүнд ямар тусламж үйлчилгээ шаардлагатай байдаг вэ?

-Юуны өмнө хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, улмаар эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах учиртай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив”-ыг баталсан журам байдаг. Энэ журмын хүрээнд гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдэд сэтгэл санааны болон хууль зүйн үйлчилгээ үзүүлж гарах зардлыг тооцон олгох зохицуулалттай болсон.

Тиймээс энэ журмын хүрээнд хүүхэд хамгааллын асуудал хариуцсан байгууллага, хуулиар үүрэг хүлээсэн субъектүүд маш шуурхай ажиллах бүрэн боломжтой. Ер нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсч байгаа харамсалтай тоон үзүүлэлт гардаг боллоо. Дөрөв, таван жилийн өмнө жилд энэ төрлийн хохирогч 240-250 орчим байдаг байсан бол 2022 оны байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 700 гаруй гарч, хохирогчдын 60 гаруй хувь нь өсвөр насны охид байна гэсэн мэдээллийг УЕПГаас мэдээлсэн байдаг.Өнгөрсөн онд л гэхэд 345 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх гомдол бүртгэн, шалгагдсан байдаг ба хохирогч болсон хүүхдүүдэд холбогдох байгууллагуудаас нөхцөл байдлын үнэлгээ хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 400-450 охид энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгаа үйл баримтууд байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 26 долоо хоног, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нөхөн сэргээх дундаж хугацаа долоо хоног зайлшгүй хэрэгтэй гэсэн судалгаа байдаг.

Үүний цаана ямар үр дагавар үүсдэг вэ гэхээр хохирогчид насанд туршдаа мартахын аргагүй сэтгэл санааны маш том хүнд гэмтлийг авсан байдаг. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон охидын хувьд сэтгэл санааны маш хүнд гэмтлийг авахаас гадна энэ гэмт хэргийн хохирогч болсон тухай үйл баримтаа эсрэг хүйсний мөрдөгчид ч илэрхийлж гаргах нь маш том айдас, дарамт байдаг. Тиймээс өмгөөлөгч нь хүртэл ижил хүйснийх байх хэрэгтэй, энэ хэргийг шалгаж мөрдөгч нь ч ижил хүйснийх, эсвэл хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн, хүүхдийн ертөнц, сэтгэл зүйг мэддэг алба хаагч байхыг шаарддаг. Цаашлаад энэ төрлийн хэргийн талаар, хохирогч болсон талаар үйл баримтыг ярих орчныг ч бүрдүүлж өгөх ёстой юм. Нэг хэсэг Цагдаагийн хэлтсүүдэд хүчирхийлэлд өртсөн хүүхдээс мэдүүлэг авах өрөө гэж сүрхий тохижуулаад ажил хэрэг болгож байсан ч өнөөдөр өнгө зүс нь гундаж, зарим газар тэр өрөөний зориулалт өөрчлөгдсөн байдалтай л байна. Дээрээс нь гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн нэр төр алдар хүндийг чандлан нууцлах асуудал бол нэн чухал. Учир нь хохирогч “Ингээд би гэмт хэргийн хохирогч болчихлоо” ангийнхан, найз нөхөд, хэн нэгэн мэдээд элэг доог болгох вий гэдэг байдлаар өөрийгөө маш их буруутгадаг сэтгэл зүйн түгшүүрт байдалд орсон байдаг. Гэтэл хувийн байдлын тогтоож байна гээд л сургуулийнх нь багш, найз нөхдийн дуудаж мэдүүлэг авахаас эхлээд нууцлал алдагдах сэжим үүсдэг. Гэрчүүдэд маш сайн анхааруулж, хуулийн зүйл заалтыг тайлбарлаж өгөөгүйгээс ямар хэрэг дээр гэрч болсноо сайрхан ярих байдлаар хувь хүний нууцын гэх мэдээлэл алдагдаж, энэ нь эргээд хохирогчид асар том дарамт, сэтгэлийн шаналан үүсгэж байдаг.

-Гол нь хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гомдлыг хуулийн байгууллага эрт хүлээж авсан. Хэргийг шийдвэрлэж амжаагүй байхад хохирогч охин амиа хорлосон нь анхаарал татаж байгаа?

-Амиа хорлох хэмжээний шийдвэр гаргана гэдэг тэр хүүхдийн нэр төр, алдар хүнд, холбогдсон үйлдэлтэй холбоотой амиа хорлохгүй байхын аргагүй нөхцөл байдал, дарамтууд ийм шийдвэр гаргасан байж болзошгүй юм.

Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг болсон байдаг. Гаднаас нь бид өнгөц байдлаар дүгнэдэг байдлаа болих хэрэгтэй. Гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байж зөвхөн камерын бичлэгийн хүрээнд охид өөрсдөө л дагаж гүйгээд, охид өөрсдөө баяр баясгалантай нь аргагүй хамт явж байгаа дүр төрхтэй байна ш дээ гэдэг хандлага байдаг.

Хүүхэд гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй. Хүүхэд эрх зүйн бүрэн чадамжгүй, хийж байгаа үйлдлийн үр дагаварыг бүрэн ухамсарлах чадваргүй субъект. Өөрөөр хэлбэл, томчуудын үйлдэлд хөтлөгдөж явдаг. Хүүхэд уруу татагдсан үйл баримт нь хүүхэд хүссэндээ биш, хор уршиг үр дагаврыг мэдээгүйдээ, ямар нэгэн амлалт, итгэл үнэмшилд нь хууртагдсан байдаг. Үүнд мөрдөгч, прокурор маш хянамгай хандах хэрэгтэй. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгчийн зүгээс охидыг “Чи өөрөө зөвшөөрсөн, чаталсан, хамтдаа кофе шоп орсон байна ш дээ, хохирогч болсон бол тэр даруй мэдэгдэхгүй яасан юм, намайг авраарай гэж хашхирахгүй яасан юм бэ” гэсэн хандлагаар л ханддаг. Нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр өнгөц байдлаар үнэлэлт дүгнэлт өгдөг явдал хэрхэвч байж болохгүй.

-Хохирогч охин сэжигтэнтэй зочид буудалд хамт орсон бичлэг байгаа гэх мэдээлэл түгсэн. Энэ мэдээллийг уншсан хүмүүс талийгаачийг буруутгах хандлага гаргаж байх шиг байна. Магадгүй таны сая өгүүлсэн нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй юм. Нөгөө талаар талийгаач охин сэтгэл зүйн болон хууль зүйн туслалцаа бүрэн дүүрэн авч чадаагүй гэдэг маш ноцтой асуудал яригдаж байгаа юм. Хохирогчид сэтгэл зүйн болон хууль зүйн туслалцаа ямар ач холбогдолтой юм бэ?

-Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон охид бүсгүйчүүдэд хугацаа алдахгүй сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг, эрхийг нь хамгаалдаг тогтолцоо манайд чухал байна. 2022 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулиар улсын өмгөөлөгчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудалд эрх зүйн дэвшил гарсан. Гэр бүлийн хүчирхийллийн, бэлгийн шинжтэй үйлдлийн хохирогчдод улсын өмгөөлөгчид хууль зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг зохицуулалт энэ хуулиар шинээр бий болсон нь манай хохирогч хамгааллын салбарт хүний эрхийг хангуулах тал дээр дэвшилттэй зохицуулалт болсон гэдгийг онцолж хэлмээр байна.

Энэ хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэг буюу хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэрэг, 14 дүгээр бүлэг буюу ялгаварлан гадуурхах, 16 дугаар бүлэг буюу хүүхдийн эсрэг гэмт хэргийн 18 насанд хүрээгүй хохирогчийн тухайд, мөн 11.7 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хохирогч, 13.1 буюу хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэдэд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой болгосон. Харамсалтай нь хууль батлагдаад улсын өмгөөлөгчид ажиллаж байгаа хэдий ч иргэдэд энэ мэдээлэл төдийлөн сайн хүрэхгүй байна.

Өвөрхангайд гарсан энэ хэргийн тухайд хохирогч охин хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж, хуульч өмгөөлөгчийн туслалцаа авах бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь хуульд орсон нэмэлт өөрчлөлт, иргэний эрхийг хангуулсан зохицуулалтуудыг сурталчлах, таниулах ажил учир дутагдалтай явсны тод жишээ. Тэгэхээр охид энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд өмгөөлөгчөөр хангах тал дээр хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын мэргэжилтнүүд маш шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Тухайн байгууллагад хуульчид өмгөөлөгчдийг бүртгэл тодорхой байх ёстой. За, энэ аймагт, энэ багт ийм гэмт хэрэг гарлаа, хүүхэд хохирогч боллоо, үүн дээр хууль зүйн үйлчилгээг яаж үзүүлэх вэ, хүүхдийн эрхийг хангуулах тал дээр хамтран ажиллах өмгөөлөгч хэн байна вэ гэж маш шуурхай механизмаар явахгүй бол Өвөрхангай аймагт гардаг жишээ шиг ийм сөрөг үр дагаврууд бий болж байгаа юм.

-Улсын өмгөөлөгчид хууль зүйн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой байжээ дээ?

-Тийм. Бүрэн боломжтой. Саяхнаас Хууль зүй дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хүчирхийллийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэхэд өмгөөлөгч, прокурор, мөрдөгч ямар зүйлийг анхаарах ёстой вэ ойлголт мэдээллийг нэгтгэх үүднээс “Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалтыг нийслэл болон орон нутагт бүсчилсэн байдлаар зохион байгуулж эхлээд байна. Энэ бол маш үр дүнтэй үйл ажиллагаа гэж харж байгаа.

Дээр нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхээс эхлээд тухайн хүнийг түр хамгаалах байранд авах уу, Гэрч хохирогчийг хамгаалах хуулинд зааснаар ямар арга хэмжээг авах шаардлагатай байна вэ гэдгээс эхлээд маш олон аргачлал алхмуудыг нэг мөр ойлгох хэрэгцээ шаардлага их байна. Магадгүй харамсалтайгаар амиа хорлодог охиныг аль эрт гэрч хохирогчийг хамгаалах байранд авчихсан бол, төрийн хараа хяналтыг бий болгочихсон байсан бол хүний амь нас үрэгдэхгүй байсан болов уу даа.

-Гэмт хэрэгтэн хохирогчийг дарамталдгаас хор хохирол даамжрах шалтгаан болоод байна уу?

-Хохирогч болсон хүүхдүүдэд гэмт хэрэгтнүүд дараа дараагийн дарамт шахалтыг үзүүлдэг. Чи намайг шоронд явуулах гэж байна, чи насаар минь хатаах гэж байна. Би хэдхэн жил суугаад гарч ирээд гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ, би шийдсэн хүн шүү гэж айлгадаг. Энэ байдал дахин хохирох сэтгэл зүй, тасралтгүй дарамтанд байх орчин нөхцөл байдлыг бий болгож байдаг.

Гэмт хэрэгтнүүдийн хэв шинжийг хараад байхад сэтгэл зүйн тодорхой өөрчлөлтөд орсон, өмнө нь энэ тэрлийн гэмт хэрэг үйлдэж байсан, хэн нэгэн хэзээ ч мэдэхгүй гэж хөнгөмсөгөөр найдсан хүмүүс үйлдээд байна уу гэж дүгнэхэд хүрч байгаа. Физиологийнхоо эрэлт хэрэгцээг хангах арга хэрэгслийг хүүхдүүд болгож харж байгаа нь маш хэрцгий үйлдэл. Ийм төрлийн хэрэг дээр олон жилийн турш ажиллаж байгаа хуульч хүний хувьд эрэгтэй хүмүүсийн физиологийн хэрэгцээг хангадаг, албан ёсны төрийн байгууллагын зөвшөөрөл, дэг журмынх дагуу хяналт дор үйлчилгээ үзүүлдэг тусгай газар байх ёстой юм уу ч гэж бодоход хүрч байгаа юм. Биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн хохирогч болж байгаа, өөрөө биеэ үнэлэлтэнд яваад орчихсон охид бүсгүйчүүдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлж байхад энэ төрлийн үйлчилгээг албажуулах ёстой юм байна гэдэг бодол удаа дараа төрж байсан. Аргаа барахдаа тэгж бодож байна. Эмэгтэй хүний хувьд биеэ үнэлэлтийг албан ёсоор зохион байгуулдаг газар байх ёстой гэж хэлэхэд хатуу байна. Гэхдээ физиологийн хэрэгцээ, эрэлт шаардлагаа хүүхдээр гаргаж байна гэж мэдүүлэг өгч байгаа хүмүүсийг харахаар яалт ч үгүй ингэж бодохоос аргагүй нөхцөл байдалд хүрч байна.

-Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн хүлээлгэж буй хариуцлага ямар түвшинд байна вэ?

-Хуулийн хариуцлагын асуудлыг өөр түвшинд гаргаж тавихгүй бол болохгүй болсон. Би энэ тухай олон ч жил ярьж хэлж байна. Эрүүгийн хуулийн 12.1.4 буюу бага насны хүүхдийг хүчиндсэн, түүний улмаас хүүхэд нас барсан бол 12-20 жилийн хорих ял оногдуулж байгаа. Хүчиндэх гэмт хэргийн тухайд 15 жилийн хорих ялтай, хүндрүүлэх нөхцөлтэй бол эрүүгийн хариуцлага нэмэгдүүлдэг. Гэтэл бодит байдал дээр гэмт хэрэгтнүүд хорих ялаас айж эмээхгүй дүр төрх нийтлэг байсаар байна. Эрүүгийн хариуцлага гэдэг тухайн гэмт хэрэг үйлдсэн субъектэд хүлээлгэх хорих ялаас гадна урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байх ёстой. Ийм гэмт хэрэг үйлдвэл би эрхээ ийм хэмжээгээр хасуулах нь гэдэг үр нөлөө, бодлогыг агуулсан байх ёстой. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэж байгаа хууль зүйн хариуцлагын тухайд төдийлөн үүргээ биелүүлэхгүй байгаа явдал нь гэмт хэрэг жилээс жилд өсч байгаа тоо баримтаас харагдаж байна.

Жилд 400 гаруй охид хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байгаа хэдий ч яг амьдрал дээр үүнээс өндөр тоо баримт байх магадлалтай. Тодруулбал, шүүх эмнэлэг дээр бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэж шинжилгээ хийлгэхээр очиж байгаа охид бүсгүйчүүдийн тоо шүүхээр орсон тооноос 23 дахин их байдаг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргүүд нуугдмал байгаа, хохирогчид дарамт шахалтын улмаас гомдлоо татдаг, гомдол өгдөггүй зэрэг нөхцөл байдлууд байгаа юм. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн субъектыг өршөөлд оруулдаггүй, ямар нэгэн магадланд хамруулдаггүй байх ёстой.

Миний хувьд бэлгийн хүчирхийллийн шинжтэй, ялангуяа хүүхэд хүчирхийлээд байгаа энэ гаж донтонуудад, бэлгийн ёс бус үйлдэл удаа дараа давтан үйлдээд байгаа нөхдөд химийн тариа тарих хэлбэрээр хөнгөлөх дэлхийн улс орнууд хэрэгжүүлээд байгаа арга хэлбэрийг нэвтрүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг. Тэд хорих ялаас айхгүй байна. Хөнгөлөх хэлбэрээр хариуцлага хүлээлгэх нь маш сайн сэрэмжлүүлэг болдгийг энэ төрлийн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлсэн улс орны жишгээс тодорхой харагддаг. Хүмүүс “Чи эрчүүдийг хөнгөлнө гэж хүний эрхийн ноцтой асуудал ярьж байна” гэж буруутгадаг. Тэгвэл хүчиндүүлээд насанд туршийн гэмтэлтэй үлдсэн, бүр амь насаа алдсан охидын эрхийг яагаад бодохгүй байгаа юм бэ. Яг цаг дээрээ өөрсдийнх нь үр хүүхэд дээр ийм асуудал тулахад яаж галзуу юм шиг босч ирэх бол. Яагаад хүний хүүхдийг хайрладаггүй юм бэ гэж би зөрүүлээд асуудаг.

-Та энэ чиглэлээр сургуулиудад сургалт зохион байгуулж байгаа гэв үү. Сургалтын ач холбогдол нь юу юм бэ?

-Бид гал унтраасан арга хэмжээнээсээ салах цаг болсон. Тийм учраас Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд хандаж өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх зүйн боловсрол олгох, ялангуяа охидод хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх сургалтыг зохион байгуулъя гэж хандсан. Ингээд одоогийн байдлаар Улаанбаатар хотын 20 гаруй сургуулийн 2000 гаруй хүүхдэд хүрч ажиллаад байна. Хуульч өмгөөлөгчид нийлсэн 10аад гишүүнтэй баг хуваарилагдан ажиллаж байна. Бидний анхны зорилт бол зөвхөн охид гэмт хэрэгт өртөөд байгаа учраас тэдэнд хүний эрх, эрх зүйн боловсрол олгож, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх сургалтыг зохион байгуулъя гэж эхэлсэн. Гэтэл зөвхөн охидод энэ чиглэлийн мэдээлэл өгөөд орхих бус хөвгүүдэд ч ийм асуудал чухал юм байна гэдгийг олж харсан. Тиймээс өмгөөлөгчдийн багаа өргөтгөж нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтад нь хийвэл үр дүнтэй гэдэг үүднээс хөвгүүдэд чиглэсэн сургалтыг мөн зохион байгуулж байгаа. Бид өсвөр насны 10.000 хүүхдэд хүний эрх, эрх зүйн боловсролыг олгож, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх сургалтыг зохион байгуулах зорилготой. Одоогоор ажил маань 20 хувьтай явж байна. Цаашид бид орон нутгийн дотуур байрны хүүхдүүдэд сургалт мэдээллийг өгөх зорилттой. Өсвөр насныханд энэ төрлийн ойлголт мэдээллийг сайн өгөөд байвал далд нуугдмал байдалтай гэмт хэргийг илрүүлэх, хүүхдүүдийг өөрийгөө хамгаалах боловсролтой болгох, асуудал тулгарвал хаана хандах мэдлэг мэдээлэлтэй болгох ач холбогдолтой юм. Сургалтын хамгийн гол ач холбогдол олон охидыг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж байгаа юм.

Миний хувьд хуульч мэргэжлийнхээ нийгмийн хариуцлагын хүрээнд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бага насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хууль зүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ гэдгээ илэрхийлж, сүүлийн зургаан жил яг энэ чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Хамгийн сүүлд зургаахан настай хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хэрэг дээр ажиллаж, бүх шатны шүүхээр эрхийг нь хангуулаад байна. Яг одоогоор гар дээр маань 20 гаруй охидын өмгөөлөгчөөр ажиллах материал байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *