Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн аваргууд тодорлоо

Монгол орны хоймор болсон Хөвсгөл
аймгийн Мөрөн хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга
шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.


Энэ удаагийн тэмцээнд 15 байгууллагын 200 гаруй тамирчин хүч сорин
өрсөлджээ. Хөнгөн жингийнхний өрсөлдөөний үеэр зургаан тамирчин шинээр
спортын цолны болзол биелүүлж, мөн зургаан жингийн ангилалд Монгол Улсын
дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 53 кг-ын
жинд нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн Хөвсгөл аймгийн тамирчин
А.Бум-Аюуш 155 кг-ыг өргөснөөр олон улсын мастерын болзол хангасан бол
Ч.Нямзул, Б.Мягмарцэрэн, Ч.Очирхуяг нар спортын мастер, Г.Жамъяндорж,
Г.Болорчимэг нар дэд мастер цолтон боллоо. Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын
жинд алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер О.Баярцэцэг
түлхэлттэй өргөлтийн төрөлд 88 кг-ыг өргөж, 13 жилийн өмнө тогтоосон
дээд амжилтыг хоёр кг-аар ахиулж шинэ амжилт тогтоосон байна. Түүнчлэн
олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд
нийлбэр дүнгээр удаах тамирчнаасаа 134 кг-аар илүү буюу 256 кг-ыг өргөж
түрүүллээ.

Энэ үзүүлэлтээр М.Анхцэцэг улсын аваргын алтан медаль хүртэхээс гадна
Монгол Улсын дээд амжилтыг огцом, түлхэлттэй болон нийлбэрт эзэмшихээр
болж байгаа юм. Тодруулбал, тэрбээр огцом өргөлтөөр 101 кг-ын амжилтыг
116 кг болгон шинэчилсэн. Харин түлхэлттэй өргөлтийн төрөлд 140 кг-ыг
өргөснөөр өмнөхийг нь 14 кг-аар ахиулж залуучууд, насанд хүрэгчдийн
ангилалд тус бүр долоо, нийт 14 удаа улсын дээд амжилтыг шинэчлэн
тогтоолоо. Тэмцээний нийлбэр дүнгээр Д.Чинзориг дасгалжуулагчтай
“Аврагч”-ынхан 360 оноогоор тэргүүлж, “Хөвсгөл-1”, “Алдар” спорт хорооны
багууд удаалав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *