Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүн төрөлхтөн хөлбөмбөг үзэж сэтгэлийн цэнгэл эдэлж байна

Би хөлбөмбөг мэдэхгүй л дээ. Улаан фанат нь ч биш. Гэхдээ сүүлийн өдрүүдийн дэлхийн гол сенсаци яах аргагүй хөлбөмбөг л байна. Хүн төрөлхтөн тэр аяараа энэ спортоор амьсгалж, сэтгэлийн цэнгэл эдлэн баясч байна. Сүлд дуу нь хаа сайгүй эгшиглэж, хөлбөмбөг шимтэн үзэгчид цэнхэр гариг дээр нэгэн ижил догдолж байна.  Хөлбөмбөгийн хорхойтнууд битгий хэл энэ спортын үүх түүхийг мэдэхгүй, нэг тоглолт бүтэн үздэггүй мань мэтийн зүрх огшин хөөрцөглөж байх юм. Тэгэхээр  хөлбөмбөг  яалт ч үгүй хүн төрөлхтөнд бурхнаас өгсөн бэлгүүдийн нэг мөн ажээ.  

Хөлбөмбөгийн ДАШТ манай  гариг дээр дөрвөн жилд нэг удаа зохиогддог том наадам. Хамгийн анхны тэмцээн 1930 онд Уругвайд болж, талбайн эзэн аваргалж байсныг надаар хэлүүлэлтгүй хэн бүхэн мэднэ. Энэ үеэс хойш хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн Латин Аме­рик, Европын орнуудад дөрөв, дөрвөн жилээр ээлжлэн болдог уламжлал нэгэнт тогтчихсон юм гэнэ лээ. Гэхдээ энэ буухиа 1994 онд тасарч, тэр жил АНУ-д зохиогдсоныг мэддэг хүмүүс нь ярьдаг. Италийн дараа Латин Америкт ирнэ хэмээн найдаж байсан тэдний таамгийг ийн эвджээ.  Дараа нь Франц, тэгээд Солонгос, Герман гэсэн дарааллаар тив болгонд зохиосон нь дэлхий глобалчлагдсантай холбоотой өөрчлөлт байсан гэдэг.  Тэгэхээр хөлбөмбөгийн наадам Латин Америкийн оронд болсон хамгийн сүүлийн тохиолдол нь 1986 оны Мексикийн ДАШТ.  Яагаад үүнийг онцлов гэхээр өнөө жилийн тэмцээн Бразилд болж байгаа учраас. Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг хөлбөмбөгийн ДАШТ тив дэлхийг тойрсоор 28 жилийн дараа  ийнхүү Өмнөд  Америкийн оронд буцаж  ирснийг спорт сонирхогчид онцолж байгаа юм.

Өнөө жил Бразилд болж байгаа ДАШТ бол 20 дахь удаагийнх.  Энд нийт 32 баг  оролцох эрхээ авчихаад тоглож байна. Энэ эрхийг өгөх үйл ажиллагаа  манайхаар бол УИХ-ын 76-г сонгохтой адил гэж байгаа. Олон улсын хөлбөмбөгийн холбоо улс орнуудыг ДАШТ-д тэгш хамруулах үүднээс тив болгонд квот олгодог.  Энэ нь “Энх тайван, дайнгүй дэлхий бий болгоно” гэдэг уриатай нь ч холбоотой биз. Ямар ч байсан Ази тивээс төдөн баг,  Африк тивээс төд гэх мэтээр хуваана. Хар ухаанаар бол Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй учраас дөрвөн мандат олгоно гэдэг шиг шалгууртай.  Тухайлбал, хүчтэй лидер баг ихтэй Европ тивд ахиу, хөлбөмбөгөөр гавихгүй Ази, Африк тивд арай цөөн мандат өгөх жишгээр явдаг гэнэ.  Мэдээж эдгээр мандатын төлөө багууд өрсөлдөж, аль нь дэлхийн аваргын тэмцээнд орохоо шийддэг байж таараа.  Ийм шалгуур, шалгаруулалтын дагуу өнөө жил Азиас  Япон, Солонгос, Иран улсын шигшээ баг  ДАШТ-д оролцож байна.  

Африкаас Алжир, Гана, Камерун, Кот д’Ивуар, Нигери зэрэг орны баг тоглож байна. Умард Америкаас АНУ, Гондурас, Коста-Рика, Мексикийн багууд өрсөлдөж байгаа. Өмнөд Америкаас Аргентин, Бразил, Колумб, Уругвай, Чили, Эквадор улсууд оролцож байна. Харин Европ тивээс Англи, Бельги, Босни-Херцеговин, Герман, Грек, Испани, Итали, Нидерланд, Орос, Португал, Франц, Хорват, Швейцарийн баг оролцож байгаа юм.

Англиас гаралтай хөл­бөмбөгийн спорт өдгөө хүн төрөлхтний шүтээн болчихлоо.  Яа­гаад гэдэг нь их энгийн. Хөлбөмбөгийг хоёулаа,  хориулаа ч тоглож болно. Сагсан бөмбөг шиг тусгай эд хэрэглэл шаардахгүй, өмсч яваа цамцаа бөөрөнхийлөөд ч болов тоглож болно. Өрсөлдөөнтэй, хор шар малтсан спорт. Хүний хорхойг татдаг хөлбөмбөгийн нууц нь энд оршдог биз ээ. 

Латин Америкийн орнууд хөлбөмбөгийг бурхан лугаа шүтдэг. Дөрөвхөн сая хүнтэй уругвайчууд гэхэд л хөлбөмбөгөөр дэлхийд хоёр удаа аваргалчихсан байна.  Бразилчуудыг хар.  Ард иргэд нь хөлбөмбөгийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй. Тэр жил нутагтаа болсон дэлхийн аваргын тэмцээнд Бразилийн шигшээ баг Уругвайд дэлхийн аваргаа алдахад 300 гаруй хүн амиа хорлосон гэдэг мэдээ түүхэнд үлджээ.  Сая гэхэд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эсэргүүцэж бразилчууд жагсч цуглалаа л гэсэн. Хамгийн анхны тоглолт болох Бразил-Хорватын “тулаан” эхлэхэд жагсч явсан хүмүүс бүгд гартаа барьсан чулуу, буу шийдмээ хаяад цэнгэлдэх хүрээлэн рүү гүйцгээсэн гэнэ лээ. Зурагтаар харах нь гэр рүүгээ яарч, гудманд нэг ч хүн үлдээгүй дуулдсан.  Тэмцээн болж буй  Бразилийн 12 хотын гудамжинд  тоглолт эхэлсэн оргил үед үзэгдэх хүнгүй эл хуль байгаа сонсогдсон.  “Халтар царайт” киног манайхан яаж үздэг байлаа яг түүн шиг үйл явдал болж байгаа юм билээ. Энэ үзэгдэл зөвхөн Бразилд бус дэлхийн өнцөг булан бүрт давтагдаж байх шиг байна. 

Хаа сайгүй хүн бүрийн амнаас хөлбөмбөг гэдэг үг унаж байна. Өнгөрсөнд үлдсэн домогт тоглолтуудын тухай яриа, өнөө жил аль баг түрүүлэх талаар таамаглалууд хөвөрсөөр. Ер нь бол түүхэндээ дэлхийн аварга гэдэг эрхэм цолыг наймхан улсын шигшээ баг хүртсэн байдаг юм билээ. Бразил тав, Герман гурав, Итали дөрөв, Уругвай хоёр, Аргентин хоёр, Англи, Франц, Испани улс тус тус нэг удаа дэлхийд аваргалж байжээ.  Өнөө жил энэ аваргуудын дунд гол өрсөлдөөн болно хэмээн хөлбөмбөгийн хор­хойтнууд таамаглаж байна. Энэ хүрээнд мэргэжилтнүүд бооцоогоо тавин харж суу­на. Хөлбөмбөгийн спорт хүн төрөлхтний сэтгэлийг догд­луулж, баясгах үүрэгтэйгээс гадна бизнес болон хөгжсөн нь эндээс харагдаж байна. 

 Яг өнөөдөр Бразилийн ДАШТ эхлээд хэдхэн хонож байна. Өнгөрсөн ням гаригийг эс тооцвол тэмцээн эхэлснээс хойших бүх өдрийн тоглолт сенсациар дүүрэн, шуугиулж байна. Тэмцээний эхний өдөр талбайн эзэн Бразил, Хорваттай тоглож гурав нэгээр хожлоо. Дараагийн өдөр нь мөнхийн өрсөлдөгчид болох Испани Голландын шигшээ багуудын хооронд санаанд оромгүй тоглолт болсон тухай шаагиж байна. Өмнө нь энэ хоёр олон удаа таарч байсан. Тэр болгонд дэлхийн аварга испаничууд голландчуудыг хөлбөмбөгийнхний яриагаар “зоддог” байж.  Хамгийн сүүлд 2010 оны дэлхийн аваргад энэ хоёр халз тулж, 1:0 гэсэн харьцаагаар Испанийн шигшээ баг хожиж байжээ. Энэ удаад ч ийм байдлаар Испанийн хожлоор тоглолт өндөрлөнө хэмээн ихэнх хүн бооцоо тавьсан байна. Гэтэл испаничууд Голландын шигшээ багт 5:1 харьцаагаар хожигджээ. Сүүлийн тав, зургаан жил хөлбөмбөгт шинэ моод дэлгэрүүлж, дийлдэхээ байчихаад, Фифагийн рейтингээрээ нэгд бичигдээд байсан испаничуудын хувьд гутамшигтай тоглолт болсныг бооцоогоо алдсан хорхойтнууд халаглан ярьж байна. Испанийн шигшээ багийн фанатуудын гашуун нулимс хатаж амжаагүй байтал маргааш нь дэлхийн хошой аварга уругвайчууд бөхөөр бол сумаасаа ч гарч үзээгүй Коста Рикагийн багт “3:1”-ээр хожигдсон байна. Ийм л санаанд оромгүй тоглолтууд эхнээсээ гарч байгаа учраас энэ удаагийн дэлхийн аваргад аль ч баг түрүүлж магадгүй болчихоод байгаа талаар мэргэжилтнүүд ам уралдан ярих юм.  

Гэхдээ бразилчуудыг нутгийнхаа талбай дээр илүүрхэж, зургаа дахь удаагаа аваргална гэдэгт итгэж байгаа хөлбөмбөг сонирхогч олон бий. Өнгөрсөн түүхээс нь харвал  Латин Америкт болсон наадамд нутгийнх нь баг түрүүлдэг бичигдээгүй хууль тогтчихсон юм байна. Яагаад гэвэл латин америкчууд цөс ихтэй, манайхнаар бол нутгархаг үзэл давамгайлсан ард түмэн. Тиймээс тэднийг аль ч орны хөгжөөн дэм­жигчидтэй харьцууламгүй. Тэгээд ч 12 дахь тоглогч хэ­­мээн нэрлэгдтэлээ чу­халд тооцогддог хөгжөөн дэмжигчдийн уухай хөл­бөмбөгт яахын аргагүй жинтэй байр суурь эзэлдэг.  Тэр утгаараа өнөө жилийн хөлбөмбөгийн дэлхийн аваргаар Бразилийн шигшээ баг шалгарна гэдэг таамаглал хүчтэй байна. 

Ямар ч байсан хүн төрөлхтний спортын том наадмын нэг хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг Монголд ETV телевиз шууд дамжуулж байна.   Хөлбөмбөг сонирхдог, сонирхдоггүй хэн ч бай  шөнө нойроо хугаслан  шимтэн үзэж  сууна. Учир нь харин бусад телевизүүд шөнө гарч байгаа тоглолтуудыг  хуулж өдрийн цагаар үзүүлдэг тодорхой цагтай болмоор байна. Шөнө нойроо дийлдэггүй эсвэл завгүй явдаг хүмүүст үүн шиг хэрэгтэй зүйл хаа байхав. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн манайхаар зуны дэлгэр цагт таарлаа. Хүн малын зоо тэнийсэн энэ үед хөлбөмбөгөө үзэж баяр баясгалантай байх шиг сайхан зүйл үгүй. Бид дотооддоо ч хөлбөмбөг лугаа хөгжөөнтэй арга хэмжээг зохион байгуулж байх хэрэгтэй. Энэ утгаараа баяр наадмыг тав хоног хийх санаа зөв юм. Үргэлжийн болохгүй, бүтэхгүй, хар бараан зүйл ярьж байснаас жилдээ ганц удаа сэтгэлийн цэнгэлийг хангалттай эдэлж байя. Энэ тэмцээн хүн бүрт баяр хөөр авч ирдэг болохоор тэр. Бөмбөрцөг дэлхийн хүн ард дөрвөн жилд нэг удаа хөлбөмбөгөөр амьсгалж, баяр баясгалангаар бялхдагтай л адил юм.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *