Categories
мэдээ улс-төр

Хүмүүс үхэж байна, С.Амарсайхаан… Хэн хариуцлага хүлээх вэ, МАН-ынхаан…

АН-ын шаардлагаар УОК,НОК хоёрыг зэрэг огцруулдаг Ерөнхий сайд гэж хаана ч байхгүй. Үнэхээр л Цар тахлын энэ нөхцөл байдалд дорвитой өөрчлөлт, шийдвэртэй алхам хэрэгтэй байгаа бол УОК-оос сайн ажиллахыг шаардах хэрэгтэй. Шадар сайдын албыг дурлаж байж авсан, УОК-ын дарга С.Амарсайханы хувьд үнэндээ сонгуулийн өмнө МАН-даа “гай” болж байна. Энэ хүн нэмэх оноо нэг ширхгийг ч авчирсангүй. Эрх баригчид нэр нүүрээ бодвол АН-ын шаардлагыг хүлээн авахаас өөр аргагүй болсон мэт.

УОК-ын дарга С.Амарсайхан ажлаа авсан өдрөө өрх бүрээс шинжилгээ авахаар шийдвэрлэж таван тэрбумыг зарлаа. Үр дүн нь тэгээд яаж гарав. Өдөртөө 50 халдвар илрэхэд “Пүүпаа, муу Содбаатар новш” гэж омоглон хээнцэр байсан ард түмэн өнөөдөр халдвар хэдийнэ 1000 давж, үхэл 10 руу орох үед хэлэх үггүй сууж байна. Энэ эмгэнэлд С.Амарсайханаас өөр хэнийг тэгээд буруутгах юм бэ. Түүний чадвар мөхөс үйл ажиллагаанаас болж өнөөдөр Монгол орон тэр чигээрээ Цар тахлын голомт болж, гурван саяулаа гэртээ хоригдоод сууж байна.

Цар тахалтай тэмцэх УОК, НОК нь хоёр тийшээ хараад суучихсан гэдэг. Байнга зөрүүтэй шийдвэр гарч ард түмнийг залхаан цээрлүүлж байна. Өнөөдрийн QR кодоос гэхэд л харагдаж байгаа биз дээ. Наад зах нь НОК-оос нь “Үсчин, гоо сайхны газрууд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ажиллаж болно” гэж мэдэгдэхэд УОК-оос “Амралтын өдрүүдээр үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй” гэж зөрж эхлэх жишээтэй явж ирлээ. Ийм байж энэ цар тахлыг яаж даван туулах гэсэн юм бэ, С.Амарсайхаан. Та энэ бүхнийг, эдийн засгаа, эрүүл мэндээ бус эхнэр, хүүхдийнхээ асуудлыг ярьсаар удлаа. Урт хугацааны хөл хорионы улмаас эдийн засгийн хямралд өртсөн аж ахуйн нэгж, жижиг, дундбизнесийнхэн үрэгдэж дууслаа.

УОК нь доод бүтцээ зөв удирдан чиглүүлээч. Жаахан зангарагтай байгаач. Улс орон гамшгийн, Цар тахлын нөхцөлд амь тэмцэж байхад эрх баригч МАН-ын зүгээс энэ хүнээ яаж ч чадахгүй, арчаагүй байдалд орчихсон байгаа юм уу. Эцэстээ улс орны хувь заяа эрх мэдэлтнүүдийн тэрсэлдээний хөлд сүйрэх юм уу. Шадар сайд С.Амарсайханы хариуцаж буй УОК нь бодит байдал дээрээ НОК-оос зангараг муу, бодлогоо нэгтгээд ард иргэдээ чиглүүлэх, хамтраад ажиллахчадваргүй байх юм.

Шулуухан хэлэхэд, Монгол Улсын Шадар сайд ажилдаа эзэн болж, ажлаа хийж чадахгүй байгааг өнөөдрийн нөхцөл байдал хангалттай харуулж байна. Одоо болсон, С.Амарсайханыг өөрөөр нь өргөдлийг нь өгүүл. Ингэж чадахгүй бол 100 жилийн ойгоороо Засаг, УИХ, Ерөнхийлөгчөө бүгдийг авч Монгол орныг эрхшээх МАН-ын хүсэл талаар болно. Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа хэн нэгэн буруутныг яллах ард түмний хүслийг МАН хэрхэн гүйцэлдүүлэх вэ гэдгээс өнөөдөр маргааш, энэ хаврын улс төр, Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяа шалтгаалах гээд байна. Ер нь улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, эгзэгтэй цагийг анаж суугаа Миеэгийн бүлэглэл хэзээ мөдгүй өндийнө. Энэ юунд хүргэхийг бүгд гадарлана. Тэгэхээр У.Хүрэлсүх хэнд хариуцлага тооцох вэ гэдгээ бодоод олчихсон сууж байгаа гэж найдъя. Өмнө, хойдох кейсүүдийг холбож харахад хариуцлагатай үед, тэр дундаа сонгуулийн өмнө аль ч нам орон нутгийн бүтцээ өөрчилж, бужигнуулж байсан түүх үгүй. Нийслэлээ будаа болгож хаячихаад У.Хүрэлсүх сонгуульд өрсөлдөнө гэвэл хөлөө тайрч хаячихаад холын замд гарахтай агаар нэг асуудал учраас тэр нийслэлд нэг их халдаж чадахгүй л болов уу. Аль ч талаас нь харсан Д.Амарбаясгалан, Хүрэлсүх хоёрын гол тулгуур нь нийслэлийн МАН-ынхороо мөн. Сонгуулийн дүнг нийслэл хагалах учраас тэр шүү дээ. Улс төрийн энэхүү дүрмээ энэ хоёрын эргэн тойрныхон, хор найруулдаг нөхдүүд нь гадарлаж л байгаа. Эсвэл гадарлаж байгаа эсэхийг нь асуух юмсан. Ингэж дүгнэхээр өнөө гайхал С.Амарсайхан хариуцлагын тахил хүртэх нь тодорхой байгаа юм. АН-ынхан ч нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч голтой хөдөлж байх шиг байна.

Ерөнхийлөгчийн сонгууль тулсан өдрүүдэд Шадар сайд С.Амарсайхан нь өмнөх шигээ олны өмнө гарч ирээд “Эхнэр маань Халдварт руу ороод өрөөний орчин, ариун цэвэр, нөхцөл байдал нь таалагдахгүй болохоор нь гараад ирсэн” гэх шиг юмаа яриад, эсвэл “Хүүгийнхээ сургалтын төлбөр тавсан улсын мөнгийг эргүүлээд өгчихье л дөө” гэж ардтүмнийхээ өөдөөс хэгжүүрхээд байвал МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ер нь яах билээ…

Б.СЭЛЭНГЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *