Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран Нарантээл ХХК – ний санхүүжилтээр “Номоор нээе” төслийг ирэх 12-р сараас хэрэгжүүлж эхлэхээр болсон байна.
Хорих ангид хүмүүжигч ном уншиж эдлэх ялын хоногоо бууруулах хүмүүнлэг иргэний төсөл юм байна. Нэг ном уншиж эдлэх ялын хоногоосоо 5 хоногийг хасах буюу нэг сард 2 ном уншиж нийт 10 хоногоор эдлэх ялын хоногоо бууруулах боломжийг бүрдүүлэх ажээ. Шагналын хоног тооцохдоо тестийн шалгалт авах бөгөөд тэнцсэн хүмүүжигчдэд шагналын хоног олгох юм байна.
Төсөл 2 үе шаттай хэрэгжих бөгөөд нэгдүгээр үе шатанд хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэхь хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчдийг оролцуулан нийт 340 орчим хүмүүжигч 12 сарын хугацаатай хамрагдана. Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харъяа боломжит хорих ангиудад хэрэгжүүлэх юм.
ШШГЕГ – ын харъяа төвлөрсөн 25 хорих анги үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ оны 3-р сарын байдлаар нийт 6400 орчим хүмүүжигч, нийт хүмүүжигчдийн 89.9%нь бичиг үсэг тайлагдсан буюу төсөлд 5.800 орчим хүмүүжигч хамрагдах боломжтой аж.
Номоор нээе төсөл нь хууль эрх зүйн зохицуулалт хийгдсэнээр хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах үүнээс төсөлд шаардлагатай номын нэрсийг сонгон авах, шалгалтын тестийг боловсруулах, төслийн хандивын үйл ажиллагааг зохион байгуулах, ШШГЕГ – т албан ёсоор ном болон тестийн шалгалтын материалыг хүлээлгэн өгөх, төслийн I үе шат хэрэгжиж буй хорих ангиуд дээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсанаар төсөл бүрэн хэрэгжих юм байна.