Categories
мэдээ цаг-үе

Хөлбөмбөгийн хаан Пеле

Хөлбөмбөгийн хаан Эдсон Арантис ду Насименту 75 насныхаа ойн баярыг яг сарын өмнө тэмдэглэлээ. Түүнийг дэлхий даяар Пеле нэрээр нь андахгүй мэдэх билээ. Метр 75 см-ийн өндөртэй энэхүү өнгөт арьст бразил эр одоо тоглож байгаа болон түүнээс өмнө тоглож байсан бүх цаг үеийн хөлбөмбөгчдөөс ямар нэгэн шинж чанараараа ямагт илүү байсаар ирсэн. Цаашдаа ч байсаар байх болов уу.

Пелег Дэлхийн хөлбөмбөгийн холбоо болон олон улсын олимпийн хорооноос XX зууны шилдэг хөлбөмбөгчин хэмээн өргөмжилсөн. Тэрбээр дэлхийн аваргын гурван тэмцээнд аваргалсан цорын ганц домогт хөлбөмбөгчин. Зөвхөн энэ амжилт нь л түүнийг хэн гэдгийг батлах юм.

Бразил “шижир алтан” хөлбөмбөгчдийг хором бүр төрүүлж байдаг цорын ганц орон билээ. Тийм ч учраас тухайн улсын экспортын ашгийн багагүй хэсгийг хөлбөмбөгчдөө өөр улс орны баг руу залсан наймааны татвараас олдог гэж байгаа. Бас нэг онцлог нь хөлбөмбөгчдийнх нь дийлэнх ядуусын хорооллын тарчигхан гэр бүлд өссөн байх. Пеле ч тийм л нэгэн гэр бүлээс гаралтай.

“Зөвшөөрөлгүй хөлбөмбөг тоглосныхоо төлөө багадаа ээждээ мөн ч их шийтгүүлж билээ. Гэхдээ л гудамжныхаа хүүхдүүдтэй нийлээд чихсэн оймсоор хийсэн бөмбөг өшиглөөд хөл нүцгэн гүйх шиг жаргал даанч алга байлаа. Хожим нь жижиг бутны хушга хулгайгаар түүж зараад жинхэнэ бутс авч өмссөн нь хэзээ ч мартагддаггүй. Долоо, найман настай л байж дээ” хэмээн тэрбээр дурсан ярьсан удаатай.

Хөлбөмбөгийн хаан Пеле их олон санаа, шинэчлэлийн эхлэлийг тавьсан хүн гэгддэг юм. Түүнээс өмнө Бразилд олон сайн хөлбөмбөгчин байсан ч нутагтаа тоглосоор байгаад зодог тайлдаг, тоглож байх үеийнхээ орлогыг “чулуу” болгож чаддаггүй хүмүүс байв. Харин Пеле тэднээс өөр байв. Тэр хөлбөмбөгийн ертөнцөд орсон үеэсээ л олсон орлогоо зөв бизнест оруулах, хувьцаа худалдаж авах, шинэ пүүс компани нээх зэрэг үйл ажиллагаанд зориулдаг байлаа. Зодог тайлах мөчөө зөв сонгож Америкийн “Нью-Йорк Космос” багт тухайн үедээ асар өндөрт тооцогдох үнэлгээтэй гэрээ хийж тоглож байлаа.

“Бид олуулаа нэг амбаарт чихэлдээд амьдардаг байсан. Харин одоо эцэг, эх маань хөлбөмбөгийн ачаар Сан-Пауло хотод хэд хэдэн байшинд солин амьдарч байна. Тэдэнд өөрсдийнх нь дэлгүүр, усан завь, хувийн машин бий. Эднийг бүгдийг нь худалдаж авч өгсөн юм. Миний хөрөнгө оруулалт хийсэн үйлдвэр, үйлчилгээнүүд надад цалингаас минь илүү орлого өгдөг.”

Энэ бол түүний ид тоглож байх үедээ хэвлэлтэд гаргасан “Би бол Пеле” номонд орсон хэсэг юм. “Би бол Пеле” ном тухайн үедээ асар их эрэлт хэрэгцээтэй бүтээл болж байсны жишээ нь 180 мянган бразил хүүхэд зөвхөн энэ номыг унших гэж бичиг үсэг сурч байсан гэсэн баримт байдаг. Тийм ч учраас Бразилийн соёлын яам түүнийг “соён гэгээрүүлэгч” хэмээх алтан медалиар шагнаж байжээ. Пеле тоглож байхдаа болон зодог тайлснаасаа хойш өөрийн намтрын гурван ч ном гаргасан бөгөөд тэд нь бүгд бэстселлер болж байсан.

“Анх биднийг Шведэд очиход хурдтай, хууралт сайтай бүлэг залуучууд л гэж хүлээн авч байсан. Гэхдээ Вава, Гарринчи, Загало бид нар бүгдийг алмайруулж чадсан. Бид Францыг 5:2-оор хагас шигшээд бут ниргээд Шведтэй аваргын төлөө тоглохоор болсон. Тэр финалын тоглолтод би хоёр гоол хийсэн юм. Тэгэхэд 17 настай л байлаа шүү дээ.”

Энэ түүний хоёр дахь номны нэгээхэн хэсэг. “Швед-1958” тэмцээнийг дэлхийд анх удаа цэнхэр дэлгэцээр бүрэн дүүрэн дамжуулсан нь 17 настай бразил хүүг хорвоод сурталчлах сайхан боломж бүрдүүлсэн юм. Ер нь тэр их азтай. 1966 оны Англи дахь ДАШТ-ийг эс тооцвоос хөлбөмбөгчийнхөө замналд хүнд гэмтэл авч үзээгүй. Тийм ч учраас тогтмол сайн амжилт үзүүлж, дэлхий даяарх хөгжөөн дэмжигчдээ баясгаж байлаа. 1970 онд Африкт Бразилын баг зочлон тоглох үеэр Нигер улс дотоодын дайндаа идэгдээд сүрхий байсан гэнэ лээ. Гэхдээ Пелег ирэх сургаар дайсагнагч талууд хоёр хоногийн хугацаатайгаар дайнаа зогсоож байсан нь түүний нэр алдрыг баталж байна. Тэр 1977 онд хамгийн сүүлчийн удаа хөлбөмбөгийн ногоон талбайд гарч зодог тайлсан. Түүнээсээ хойш төрөл бүрийн салбарт хүчээ сорьсон бөгөөд алинд нь ч хөл алдаж байсангүй. Манайхны хэлдгээр найранд гурван дуутай, наадамд гурван даваатай нэгэн билээ.Тоглосон кинонууд нь үзэгч олонтой, бүтээсэн зохиол номнууд нь уншигч ихтэй, дуу хөгжмийн хамтлаг байгуулаад дуулахаараа шүүмжлэгчдээс боломжийн үнэлгээ авчихдаг нэгэн байлаа. Нэг хэсэг Бразилын спорт, залуучуудын яамны сайдаар ажиллаж байхдаа бас л олны дунд ам сайтай байсан. Пелегийн амьдралдаа амжилт олоогүй ганц үйлдэл нь “үзмэрчийн дүр” юм. Түүнийг зодог тайлснаас хойш Бразилын хэвлэл мэдээллийнхэн ДАШТ эхлэхийн өмнө тогтмол өөрийнх нь улсын шигшээ баг хэрхэн тоглох тухай асуудаг, дүн шинжилгээг нь сонсдог заншилтай. Хэрвээ Пеле Бразилын шигшээг дэлхийн аварга болно гэж хэлбэл тэдний баг түрүүлдэггүй, харин “Энэ жил манай баг хогийн байна. Тэд гавихгүй” гэсэн үед Бразилын шигшээ түрүүлчихдэг гэж байгаа. Энэ л түүний ганц доголдол юм даа. Гэхдээ бразилчууд үүнтэйгээ эвлэрээд “Пеле манай багийг хожихгүй гэж хэлээсэй” хэмээн хүсдэг онигоо ч сонсогддог юм.

Хувийн амьдралын тал дээр гэвэл Пелег бүсгүйн тэнгэртэй нэгэн хэмээн цоллодог. Тэр анх 1958 онд Швед дэх ДАШТ-д оролцож байхдаа шаргал үстэй швед бүсгүйд дурлаж хайраа илэрхийлж байсан гэлцдэг. Гэхдээ анх гэр бүл болсон бүсгүй нь Розмарио хэмээх Бразилын волейболын шигшээгийн тоглогч эмэгтэй юм. Ид тоглож, мандан сэргэж явах үед нь хорвоогийн өнцөг булан бүрт амьдрах янз бүрийн бүсгүйчүүд Пелегийн удмыг тээж явна гэх яриа дэгдээдэг байсан нь түүний гэр бүлийн амьдралд нөлөөлдөг л байсан байх даа. Түүнээс хойш нийтдээ гурван ч удаа гэрлэж байсан бөгөөд одоо Бразилын иргэн, түүнээс 30 орчим насаар дүү япон бүсгүйтэй хамт сайхан л амьдарч байна.

“Амжилт бол санамсаргүй байхад ирдэг гэнэтийн бэлэг биш. Түүнийг хүнд хөдөлмөр, хичээл зүтгэл, зүрх сэтгэлийн гүнээс ундрах хайрлал, уйгагүй тэмцэл авчирдаг юм”

Хамгийн сүүлд хэвлэгдэж гарсан түүний номын энэ хэсэг Пелег амжилтад хүрэхийн тулд ямар замыг туулсныг жаахан ч гэсэн илэрхийлнэ .

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *