Хүн төрөлхтний хамгийн том спортын баярын нэг ДАШТ маргааш эхэлнэ. Бүхий л төрлийн спортоос хамгийн их үзэгч, шүтэн бишрэгчтэй гэгддэг хөлбөмбөгөөр сарын турш дэлхий дахинаар амьсгалж, даган догдолж, доргих мөч ирлээ. Латин Америкийн галзуу фенүүд энэ тэмцээнд эртнээс бэлдсэн. Самба бүжгийн цоглог карнавал наадмаараа алдартай Бразилийн Сан-Паулу хотноо өнөөдөр (Улаанбаатарын цагаар үүрийн 04.00 цагт) талбайн эзэн Бразил Хорватын шигшээ багийн хамт “Арена Коринтианс” цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд гарснаар Мундиал нэртэй гайхамшигт шоу хөшгөө нээх гэж байна. 20 дахь удаагийн Мундиалыг “пентакампионе” буюу цорын ганц таван удаагийн дэлхийн аварга Бразил 58 жилийн дараа дахин нутагтаа хүлээн авч байгаа юм.
6Урьдчилсан шатнаас шалгаран үлдсэн дэлхийн шилдэг 32 орны шигшээ баг сугалаа татан дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдан өрсөлдөхөд бэлэн болоод байна. Хэсэг тус бүрт эхний хоёр байрт орсон баг шөвгийн 16-нд үлдэн хасагдах журмаар тоглосоор долдугаар сарын 13-нд Рио-де-Жанейро хотын алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд үзүүр түрүүнд үлдсэн хоёр баг дэлхийн цомын төлөө хүч үзнэ.
Сонирхуулахад, Италийн алдартай уран барималч Силвио Газзанигийн загвараар бүтээсэн, дэлхийн бөмбөрцгийг түшиж буй хоёр хүнийг дүрсэлсэн цом 36 см өндөр бөгөөд таван кг цул алтаар цутгагджээ. Дэлхийн цомыг урьд өмнө гардаж байсан найман баг бүгд энэ удаагийн Мундиалд оролцохоор шалгаран үлдэж чадсан юм.
Дэлхийн цомыг гардах баг алтан медаль, 35 сая ам.долларын бай авах бол үзүүрлэсэн баг мөнгөн медаль, 25 сая ам.доллароор шагнуулах юм. Харин хүрэл медалийн эзэн 22 сая, дөрөвдүгээр байрт орсон баг 20 сая ам.доллар тус тус хүртэнэ. Түүнчлэн шөвгийн наймд үлдсэн баг тус бүр 14 сая, шөвгийн 16-д шалгарагсад тус бүр есөн сая ам.долларын урамшуулалтай. Хэсгээсээ дараагийн шатанд гарч чадаагүй багууд ч хоосон буцахгүй бөгөөд тус бүр найман сая ам.доллар авах юм. Энэ нүсэр тэмцээний шагналын сан дөрвөн жилийн өмнө ӨАБНУ-д болсон Мундиалаас даруй 37 хувиар өссөн гэнэ. Бразилийн 12 хотын цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий 64 тоглолтын 3.3 сая тасалбар хэдийнэ борлогдож дуусчээ. Тасалбарын үнэ байрлалаасаа хамааран 50-990 ам.долларын үнэтэй байгаа гэнэ.