Цэнхэр гаригийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 2018 онд манай хойд хөрш болох ОХУ-д зохиогдох билээ. Энэхүү тэмцээний өмнө аварга багт очдог “Алтан цом”-ын аялал дэлхий даяар тойрдог уламжлалтай юм.Өнгөрсөн есдүгээр сарын 9-ны өдөр ОХУ-ын Москва хотоос эхэлсэн цомын аялал ирэх сарын 26 хүртэл Оросын 15 өөр хотоор үргэлжлэх бөгөөд энэ цаг мөчид Ярославль хотод үргэлжилж байна.
Харин дараа нь ОХУ-ын Сочи хотоос гарч дэлхийн өнцөг булан бүрт очиж 50 гаруй орноор аялах аж. Ирэх оны хавар зохиогдох энэ аяллын маршрутад анх удаа Монгол Улс багтжээ. Цомын аялал нийт 126 мянган километр үргэлжлэх нь түүхэн дэх хамгийн урт аялал болж байгаагаараа онцлогтой.Аялал Тайландын Бангкок хотоос эхэлсэн бөгөөд номхон далайн орнуудаар дамжин, Ойрх Дорнод, Африк, Европ, Өмнөд болон Хойд Америкт очиж юм.
Улмаар АНУ-ын Лос Анжелес хотоос гарч Германы Берлин хотоор дамжин Улаанбаатар хотод ирэх гэнэ. Харин манай улсаас Хятадын Бээжин, Шанхай , Японы Токио хотуудаар дайраад эргэн ОХУ-ын нутагт шилжих ажээ. Хэдийгээр “Алтан цом”-ын олон улсын аяллын хуваарьт өдрүүд хараахан зарлагдаагүй байгаа ч 2018 оны дөрөвдүгээр сард Монголд ирэх боломжтой юм.Анх 1974 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн уг цомыг дэлхийн аварга багт өгөх болсон бөгөөд эх хувь нь Швейцарийн Цюрих хотод байрлах Олон улсын хөл бөмбөгийн холбооны музейд хадгалагддаг билээ.Сонирхуулахад энэхүү цомыг хийхэд 18 крат буюу 75 хувийн таван килограмм шижир алт ашигласан бөгөөд 36.5 см өндөртэй, тойргийн хэмжээ нь 13 см байдаг бол нийт жин нь 6.175 кг хүрдэг байна.
БЭЛТГЭСЭН: Э.МӨНХТҮВШИН