Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Энэ сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурь боллоо. Шинэчлэгдэн тавигдсан энэхүү дуурийг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 1-2-нд тоглолоо.
Энэ дуурийн цомнолыг Төрийн шагналт Л.Ванган, Ч.Чимид нар хамтран бичжээ. Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж байсан байна. Ийнхүү 3 дахь удаагаа тайзнаа тавигдахдаа шинэчилсэн найруулгаар тавигдаж байна.
Уг дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан болно. Энэ удаа Соёл, спорт, аялал жуулчлалын яамы Соёл урлагийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр найруулга, тайз, хувцсыг нь бүрэн шинэчилжээ.
Дуурийн ерөнхий найруулагчаар Монгол Улсын Ардын жүжигчин А.Дашпэлжээ, туслах найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Е.Сарантуяа, хөгжмийн редактор, ерөнхий удирдаачаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар ажилласан байна.
Дуурийн гол дүрүүдэд Хөхөө Намжилд М.Даваадорж, Б.Батжаргал, Уянгад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Б.Энхнаран, Алтайн дагинад М.Дариймаа, Ц.Арюна, Галданд Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, Э.Анхбаяр, Түшмэлд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү, Хувилгаанд Соёлын тэргүүний ажилтан О.Хүрэлбаатар, Их Хатанд Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Дугачад Л.Эрдэнэ-Очир, Г.Шижирболд зэрэг дуучид дуулсан юм.
Дуурийн концертместр Б.Алунгоо хэлэхдээ: “Дуучидтайгаа үргэлж тайзан дээр хамт байгаа мэт ажиллалаа. Энэхүү дуурь 3 дахь удаагаа тайзнаа тоглолоо. Тиймээс дандаа шинэ дуучид дуулж, шинэчлэгдсэн найруулагаар тавигдлаа. Дуурийн сургуулилалт энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. “Хөхөө Намжил” дуурь бол домгоос сэдэвлэгдсэн бүтээл. Манай үндэсний уламжлалт хоёр чавхдастай хорвоог уйлуулдаг морин хуур хөгжим маань яаж үүссэн тухай өгүүлдэг. Намжил гэдэг залуугийн унаж байсан далавчтай морийг хайртай эмэгтэй нь хардах сэтгэлээсээ болоод болчимгүй зүйл хийж, түүнийг хорлох гэсэн хүмүүсийн гарт өгдөг. Тэгээд дараа нь буруу зүйл хийснээ мэдэж, түүндээ харамсаж, мориных нь яс, сүүл, арьсаар энэхүү хөгжмийг бүтээж байгаа домогтой юм.” гэв.
Уг дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан болно. Дуурь таван үзэгдэлтэй:
Нэгдүгээр үзэгдэл
Хошуу ноён нас нөгцсөн учир агь ноён Галдан тушаал гаргаж ард олны үс гэзгийг нь задлуулж,албадан уй гашуудал хийлгүүлнэ. Дарлан зовоогч ноён үхсэн нь сайн болж гэж ард олон дотроо баярлавч арга буюу гашуудан байх энэ үеэр Хөхөө Намжил ирж “Аав ээж, амраг садангаасаа хагацсан биш, харгис ноёны үхсэнд гашуудах нь байтугай харин ч баярлах хэрэгтэй” хэмээн ард олныг ятгах үед түшмэл ирж “ноёны зарлигийг зөрчив” хэмээн Намжилыг баривчилна.
Галдан ноёны зарлигаар дуучин залуу Хөхөө Намжилыг эх сайхан нутаг, элгэн садан, энхрий хайрт амрагаас нь салгаад өндөр Алтайн хязгаарт цөлөхөөр авч явна.
Хоёрдугаар үзэгдэл
Алтай нутагт Хөхөө Намжил цөлөгдөн ирээд өлгий эх нутаг, энхрий хайрт амрагаа мөрөөдөн дуулж байхад нь түүнийг сонсож бахадсан Алтайн дагина гэнэт гарч ирж эх сайхан Алтай нутгийг магтан дуулахыг хүсэхэд Хөхөө Намжил уран цэцэн үг хэл, уянгат сайхан хоолойгоор Алтай нутгийг магтан дуулав.
Алтайн дагина Намжилыг үнэхээр сайхан дуулсанд баясаж, “Аялгуу дууныхаа тэргүүнд Алтай сайхан нутгийг минь магтаж дуулж бай” гээд энэ нутагт үлдэхийг ятган алт мөнгө, үнэт эрдэнэс, уран гоо охидын бүжгээ түүнд үзүүллээ. Гэвч Хөхөө Намжил хайрт амраг,өссөн төрсөн нутагтаа очихыг мөрөөдөж байгаагаа хэлэхэд Алтайн дагина хун шувуу шиг далавчтай, гуурст хурдан хүлэг бэлэглэж “Нартай өдөр амрагтайгаа уулзаж, сартай шөнө энд ирж бай” хэмээнэ.
Хөхөө Намжил талархлаа илэрхийлэн төрсөн нутгийн зүг одоход Алтайн дагина, эрдэнэсийн охид үднэ.
Гуравдугаар үзэгдэл
Холын холд цөлөн явуулсан Хөхөө Намжил гуурст хурдан хүлэгтэй болж нутагтаа эргэн ирсэнд атаархан хорссон Галдан ноён хайртай хүүхнээр нь түүнийг хорлуулахаар хуйвалдаан зохионо.
Хөхөө Намжил нутагтаа ирж хайрт хүүхэн Уянгатайгаа уулзаад уянгат дуугаа ард түмэндээ өдөртөөсонсгон шөнөдөө буцаж явах болсныг Уянга хүүхэн буруугаар ойлгож сэтгэлдээ хардах ажээ. Уянгын хайр сэтгэлийн энэ хардлагыг муу санаатнууд ашиглан Хөхөө Намжил түүнийг үүрд орхиж байгаа мэтээр ухуулж, гуурст хурдан хүлгийг нь хөнөөвөл Хөхөө Намжил хаашаа ч явж чадахгүй болно хэмээн Хувилгаанаар ятгуулна.
Дөрөвдүгээр үзэгдэл
Уянга хүүхэн хэргийн нарийн учрыг бүрэн тунгаалгүй хайр сэтгэлийн хардлагын улмаас нөхрийнхөө гуурст хурдан хүлгийг хөнөөсөн нь түүнд гэмшиж баршгүй алдаа болжээ.
Хорон муу санаатнууд Уянгын хийсэн бузар хэргийг үнэлж түүнд шан хүртээнэ.Хөхөө Намжил амраг Уянгадаа гомдон “Хайртай хүлэг минь амилаагүй цагт ханиа гэж үзэхгүй” гээд дахин цөлөгдөн одно.
Уянга хүүхэн муу санаатнуудад мэхлэгдсэнээ сая ухааран мэдэж үнэнч сайн нөхөртөө хор хүргэсэн өөдгүй эм гэж өөрийнхөө амийг хорлох гэхэд Алтайн дагина гэнэт ирж хайрт нөхөртөө үнэнч байж, хүлэг сайн морьтой нь тэнцэх уянгат сайхан дуутай хөгжим урлаж, гуурст хүлгийн нь толгойгоор хуурын толгойг хийхийг зааж сургаад, захиад явжээ.
Тавдугаар үзэгдэл
Нутгаа санасан Хөхөө Намжил уйтгарлан сууж байтал Уянга хүүхэн хүрч ирэн морины сүүлний хялгасаар утасласан уян сайхан дуутай, хайрт хүлгийг нь дүрсэлсэн уран гоё хийцтэй, хуур хийгээд түүнд бэлэглэв. Хайрт хүлгийг нь орлох энэ морин хуур ард олны цэцэн мэргэн ухаан, яндашгүй авьяас билэг улам бүр оргилон хөгжиж, түгэн дэлгэрч, шинэ утга санаагаар баяжихийн билэгдэл болон мөнхрөв өө.
Дашрамд дуулгахад, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8-ны 17.00 цагаас Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балет, 9-ны 17.00 цагаас “Найрал хөгжмийн шинэ одод” залуу хөгжимчдийн концертыг тоглох юм.