Categories
мэдээ нийгэм

Хөх хотын “Шуумай” буузыг монголчууд амтархаж байна

БНХАУ болон Монгол Улсын соёлын өдрүүд болж буй билээ. Соёлын өдрүүдийн хүрээнд Өмнөд Монгол үндэстний хоолны соёлыг харуулах арга хэмжээ өчигдөр Новотел зочид буудалд эхэлсэн юм. Өмнөд Монголын шилдэг зургаан тогооч 30 гаруй нэр төрлийн хоолыг гурван өдөр хийж үйлчилж байна. Энэ талаар Өмнөд Монгол хамтын зохион байгуулагч Д.Анар ярихдаа: “Өмнөд Монголын 16 аймгийн хамгийн онцлог бүхий 30 гаруй төрлийн ногоогоор хоол хийж байгаа. Өдөрт 10 гаруй нэр төрлийн хоолыг монголчууддаа зориулж амтлуулж байна. Өмнөд Монгол зүүнээс баруун тийш 3200 гаруй км газар нутагтай. Аймаг бүрийн хоол өөр өөрийн онцлог амт, шимтэй. Зүүн тал руугаа хоолны ногоо мөөгөөрөө, дунд аймгууд нь гурил, будаа тариалангаараа алдартай. Бид уламжилж ирсэн монгол хоолонд үндэслэн, хятад хоолтой уялдуулж шинэ төрлийн хоолнуудыг их хийдэг. Бэлтгэх арга нь адилхан ч хийх арга барилын хувьд монгол хоолноос багахан ялгаатай. Манай орны хоолны соёлд уламжлалт хоолнууд зонхилдог. Ааруул, сүү гээд малаас авах ашиг шимийн хувьд бүх Хятадад Өмнөд Монгол алдартай. Бидний тариалдаг наранцэцэг, наранцэцэгийн үр бас Хятадад сайн борлогддог” гэв.

Өмнөд Монголын хоолны соёлыг харуулсан тус өдөрлөгт хүмүүс их ирж үйлчлүүлж байгаа аж. Хоолнууд дундаас Хөх хотын “Шуумай” бууз, юунайн гэх хоолонд хүмүүс ам сайтай байлаа. Гурван өдөр болох уг хоолны өдөрлөг Өмнөд Монголыг баруун, зүүн, төв гэсэн гурван хэсэгт хуваан, хэсэг бүрийн хоолоороо өдөрт үйлчлэх юм. Өмнөд Монголын аймгуудын хоолны ялгааг мэдэх боломжтой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *