Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр маргаашнаас эхэлж ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарах зарим нутагт -40 градус хүйрч хүйтрэх төлөвтэй байна.
Тодруулбал, энэ сарын 16,17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16,17-нд нутгийн өмнөд хэсгээр, 18,19-нд зарим газраар нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Мөн 16-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус байна.
Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.