Categories
мэдээ цаг-үе

Хөгжмийн зохиолч Л.Балхжав: “Миний дуунууд” тоглолтыг Халиун ба түүний нөхөд найруулж байгаа

Л.Балхжав зурган илэрцүүд

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “UBS” телевизийн ерөнхий захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай уулзаж ярилцлаа.

-Манай улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ой саяхан болж өнгөрлөө. “UBS” телевизийн 25 жилийн ой боллоо. Танд болон танай хамт олонд ойн баярын мэнд хүргэе!

-Хорин таван жил гэдэг нүд ирмэхийн зуурт өнгөрдөг юм байна. Өнгөрсөн он жилүүдээ тайлагнасан дурсамж нэвтрүүлэг хийсэн чинь уран бүтээлийн өчнөөн их арвин сан хөмрөг бүрдэж. Хэдий богинохон цаг хугацаа өнгөрсөн ч “UBS” телевизийн хамт олон маань ихийг бүтээжээ. Манай телевиз дотроо гурван сувагтай үйл ажиллагаа явуулдаг. “UBS” нэгдүгээр суваг, “Өлзий” телевиз, “Global” телевиз гэсэн гурван сувгаар олон түмэндээ үйлчилж байгаа. Мөн “TV zone” сэтгүүл, fm радио, телевизийн сургалтын төвд нийт 200 гаруй ажилтан албан хаагчидтай.

-Танай телевиз гадаадын хэр олон сувагтай хамтарч ажиллаж байна?

-Манай хамт олон олон жил гадаад харилцаагаа тогтвортой хөгжүүлж ирлээ. Зөвхөн айлчлалын хүрээнд биш төслийн хэмжээнд Япон, БНХАУ, ОХУ, БНСУ-ын телевизүүдтэй таван орныг хамран хамтарч ажиллаж байгаа. “Загасан нүд” олон улсын наадам маань 18 жил тасралтгүй зохиогдох гэж байна. “Болор шинэ жил” нэвтрүүлгийг гадаадын телевизүүдтэй хамтарч бэлтгэдэг. “Хоёр хот, хоёр телевиз” гэх мэт олон төслүүд хэрэгжүүлсэн. Уран бүтээлчдээ солилцох, мэргэжил дээшлүүлэх зэрэг олон чиглэлээр эдэнтэйгээ ойрын түншийн харилцаатай байдаг даа.

-Телевизээ хөл дээр нь босгоход бэрхшээл их туулав уу?

-Манай телевиз 1992 онд байгуулагдаж, 2004 оноос бие даасан. Улсаас ямар ч төсөв авалгүй менежментийн баг маань өнөөдрийг хүртэл амжилттай л ажиллаж байна. Урьд нь бэлэн санхүүжилт аваад явж байсан байгууллагад бэрхшээл зовлон байлгүй яахав. Дулаан, цахилгаан, газрын төлбөр, нэвтрүүлгийн зардал гээд бүхий л зүйл уран бүтээлч бидний нуруун дээр ирсэн. Гэхдээ бид шантраагүй, цаашид ч шантрахгүй. Монголд телевизийн салбар маш хурдацтай хөгжиж байна. “Монгол”, “Боловсрол” телевизүүд байна. Маш сайхан томоохон төслүүдийг гадаадаас авчирч монгол хөрсөн дээрээ буулган үзэгчдийнхээ нүдийг тайлж “Төсөл гэдэг чинь ийм юм байдаг” гэдгийг харуулж байна. Телевиз болгон өөр өөрийн хувь заяатай. Бид аль болох болсон ч, болоогүй ч өөрсдийн үндэсний контент бүтээхийг зорьж ажиллаж байгаа. Гадаадын том төслүүдээс суралцах зүйл асар их. Гоё сайхан зүйл үзүүлж байгаа бусдаасаа суралцаж байна, биднээс ч бас суралцах юм байдаг л байх.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

-Бусад телевизүүдийг та өрсөлдөгч гэдэг утгаар хардаг уу?

-Телевиз удирдаж байгаа миний насны хүн телевизийн өрсөлдөөнийг зөвхөн өөрийн телевизийн дэлгэцээр харах биш Монголд телевизийн урлаг яаж хөгжиж байна гэдэгтэй харьцуулж өргөн агуулгаар хардаг болдог юм байна. Рок, поп, нийтийн гээд аль ч төрлийн дууг сонсдог гэдэг шиг аль ч телевизийн гоё нэвтрүүлгийг үзээд баярлаж суудаг хүний нэг. Энэ бол худлаа биш чин сэтгэлээсээ хэлж байгаа үг шүү. “Яг түүн шиг”, “Авьяаслаг монголчууд” зэрэг нэвтрүүлгийг дугаар алгасахгүй үздэг. Олон хүний тархиар боловсроод гарчихсан төсөл бол үнэхээр төгс төгөлдөр л байдаг юм байна. Энэ сайхан суурийг тавьж байгаа бусад телевизийн залуу удирдагч нартаа баяр хүргэж байгааг минь дамжуулж өгөөрэй.

-Танай шоу нэвтрүүлэг, төслүүд хэн ч танихгүй урлагийн авьяастнуудыг нээхээс гадна нэртэй уран бүтээлчдийн дотоод ертөнцийг үзэгч олон түмэнд таниулж буйгаараа их онцлог. Шүүгч хийж байгаа алдартнуудын хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн бас мэдэж авч байна аа даа?

-Манай төслүүд залуу авьяастнуудыг нээхээс гадна урлаг соёлын алдартнуудыг үзэгчидтэй удаан байлгаж үзэл бодлыг нь уралдуулах боломж олгодог индэр мөн нь үнэн. Үүнд би их баярладаг. Манай төслийн шүүгчдээс хэчнээн гавьяат, төрийн шагналтнууд төрөв. Энэ бүхэнд төслүүд маань үр дүнгээ өгсөн л байх. Шүүгчид маань уран бүтээлчийнхээ, багшийнхаа, урлаг судлаачийнхаа, кино шүүмжлэгч, жүжигчнийхээ, найруулагчийнхаа, дуучныхаа, үзэгчийнхээ үүргийг нэг ёсондоо жинхэнэ байдлаар гүйцэтгэж байгаагийн л нэг илрэл юм.

-Танай төслүүдийн гала тоглолт үзэгчдээр дүүрэн байдаг. Ашиг их олох уу?

-Тоглолт энэ тэрээс ашиг олно гэж байхгүй. Ямар нэгэн төсөл маань орлого, зарлага нь тэнцэж л байвал болоо гэж боддог. Маш их зардал гарна л даа. Ингээд Монголын телевизийн салбарт ажиллаж байгаа бүх уран бүтээлч сэтгүүлч, найруулагч, инженер, техникийн ажилчин албан хаагчдад “UBS” телевизийнхээ олон сая үзэгчдийн нэрийн өмнөөс, хамт олныхоо өмнөөс Монголд телевизийн салбар үүсэж хөгжсөний 50 жилийн ойн мэндийг хүргэе.

-Таны уран бүтээлийн тоглолт хэзээ болох гэж байна?

-“Сэтгэлийн хөг” тоглолтоо 1999 онд анх хийж байсан бол 19 дэх удаагийн тоглолтоо “Миний дуунууд” нэртэйгээр “UB palace”-ийн концертын их танхимд энэ сарын 27, 28-ны өдрүүдэд хийх гэж байна. Надаас хүмүүс “Тоглолтоо өөр газар хийж болдоггүй юм уу” гэж асуудаг юм. Дассан сурсан газраа хийвэл аль болох олон хүн үзэж дуу хуураар цэнгэх байх гэж би боддог юм. Жил бүр тасралтгүй зохион байгуулдаг энэ тоглолт маань их том ажил. Энэ тоглолтыг ганцхан би зохион байгуулаад байгаа юм биш, яруу найрагчид, дуучид, тайзны ард “UBS” телевизийн хамт олон, уран бүтээлчид, найруулагчид, ивээн тэтгэгч хамт олон гээд маш олон хүн ажиллаж байж босгож ирдэг. Миний чин хүсэл гэвэл тоглолтоо тасралтгүй ард түмэндээ хүргэж, дуу хуураараа Монголынхоо хөгжилд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулах юм сан гэж боддог.

-Энэ жилийн “Миний дуунууд”-ын онцлог нь юу байх бол?

-Тоглолтонд маань Монголын рок, попын ертөнцийнхөн бүгд уран бүтээлээ толилуулдаг. Үзэгчдэд маань танил болсон олон дууг эргэн сонсож таашаал авахаас гадна өөр дуучны хоолойгоор тухайн уран бүтээлийг таашаах дурсамж хэсэг ч багтсан. Сүүлийн үед бичсэн шинэ уран бүтээлүүд орно. Энэ жилийн тоглолтын гол онцлог бол хөгжмийн зохиолч, оранжравшик Н.Халиун өөрийн командыг бүрдүүлж оркестр найруулж байгаа. Ноднингийн тоглолтыг Чинбаа ба түүний нөхөд найруулсан бол энэ жил Халиун ба түүний нөхөд найруулж байна. Тиймээс хөгжимчдийн ур чадварын гайхамшиг тоглолтын үеэр мэдэгдэнэ.

-Шинэ ямар дуунууд орж байгаа бол?

-Дуучин Б.Амархүү маань хоёр шинэ дуу дуулна. Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа бас шинэ дуу дуулж байна. Гавьяат жүжигчин Т.Ариунаа шинэ уран бүтээл толилуулна. “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ”, “Universe best songs” наадмуудын ялагчид маань анхныхаа тоглолтонд оролцоно. “Содура” киноны гол дүрийн жүжигчин Очгэрэл бас дуулж байгаа. Тэгээд төрийн шагналт, гавьяатууд маань уламжлал ёсоороо оролцоно.

-“Содура” уран сайхны кино бол танай телевизийн томоохон төсөл байсан. Үзэгчдийн хувьд эерэг, сөрөг сэтгэгдлээр хүлээж авсан. Тухайлбал, цаатан түмний ёс заншлыг гутаалаа, хэзээ байхдаа шарилыг тэгж харваж шидэж байсан юм гэх мэт янз бүрийн шүүмжлэл өрнөсөн. Таны хувьд “Содура”-гаа ямар байдлаар хүлээж авав?

-“Содура” киног бүтээсэндээ манай хамт олон сэтгэл их өндөр байгаа. Хүмүүс янз бүрээр ярьж л байгаа байх. Урлаг судлаачид их өөрөөр дүгнэсэн. Каннын кино наадамд Францад очиж оролцлоо. Якутын олон улсын кино фестивалийн шагналт байрыг авчирлаа. Үндэсний цөөнх болсон цаатан ардынхаа ахуй, соёлыг сурталчилсан бүтээл болсон учраас Монгол Улсад аялал жуулчлалын нэгээхэн харгуйг нээсэн. Хөвсгөлийн тайга, цаатан ард түмнийг үзэх гэж очдог гадаадын болон дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Бүтэн зургаан сарын турш кино театруудын дэлгэцнээс буугаагүй рекордыг тогтоосон. “Содура”-даа урамшаад “Говийн домог” гэдэг уран сайхны киногоо бид одоо хийж байна.

-За, юун тухай кино билээ?

-Хүний амьдралд аялгуу эгшиг ямар их хэрэгтэй юм бэ гэсэн түүхэн домгоос сэдэвлэсэн кино л доо. Ирэх оны нэгдүгээр сард нээх санаатай байгаа. Зохиолыг нь манай телевизийн уран сайхны нийтлэл нэвтрүүлгийн албаны дарга, сэтгүүлч-редактор Сумьяа, кино зохиолч Эрдэнэ нар хамтран бичсэн. Манай үзэгчид уран сайхны кино гэдгийг ойлгох учиртай байх. Тухайлбал, “Содура” дээр гэхэд ардын ёс заншлыг эвдэж харууллаа гээд байна аа даа.

-Аа за?

-Тийм ёс байгаагүй ч гэсэн төстэй домог яриан дээр тулгуурлаад дүр, үйл явдлыг бүтээж байна. Уран сайхны кино баримтат бүтээл биш учраас уран сэтгэмж орж байж олон улсын үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж “Нээрээ ийм шийдэл байж болох юм байна” гэсэн сэтгэгдлийг үлдээнэ.

-Кино төслийн хувьд амжилттай сайхан явж байгаа юм байна. Тоглолтын сюрприз гэж юм байж л байгаа даа?

-Сюрприз байгаа. Сюрприз маань цочир сонин байж л сюрприз болж таарна аа даа. Тоглолтыг ирж үзээрэй, хүмүүс ээ л гэж хэлье дээ.

-Таны хүү Чингүүн хэд хэдэн кино найруулсан. Уран бүтээлчийн нүдээр хүүгээ харвал ямархан уран бүтээлч болох шинжтэй байна?

-Эцэг эх хүүхдийнхээ биеийг төрүүлдэг. Гэр бүлийн орчин уран бүтээлд нь нөлөөлсөн л байх. Нэгэнт уран бүтээлийн замыг сонгосон бол өөрийнхөө уран бүтээлийн үрийг өөрөө тарьж, ургацаа өөрөө хурааж, ургацаасаа ашиг олж дараагийн ургацаа тарих учиртай. Тиймээс би хүүгийнхээ уран бүтээлд ерөөсөө оролцдоггүй. Манай телевизэд ч ажилладаггүй. Өөрийнхөө чиглэлээр л уран бүтээлээ бие дааж хийдэг. Чингүүний алдаа, оноог би харж л байна. Одоохондоо залуу байна. Уран бүтээлийг үзэгчид шүүх болохоос аав нь шүүхгүй. Цаг хугацаа л харуулна даа. Хүүгийн маань хамгийн анхны хараа муутай залуугийн тухай богино хэмжээний кино байдаг даа. Тэр бол давс хужир нь таарчихсан аятайхан бүтээл болсон шүү. Хэлсэн юмтай, хийц сайтай, найруулагчийн шийдэлтэй бүтээл болсон доо.

-“Ахмадын золбоо” хамтлаг тань ойрд тоглолт хийх үү?

-Бид нэг тоглолт хийсэн. Хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион маань “Хамтраад тоглолт хийе” гэж ярьж л байгаа. Бид мэр сэр шинэ жилийн үеэр тоглочихдог. Хамтлагийн хөгжлийг ахлагч Долгион маань тодорхойлж төлөвлөдөг учраас цаадахаасаа сайн асуугаарай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *