Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадам болно

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадам”-г Монгол-БНХАУ-ын найрамдалт хамтын ажиллагааны түүхт 70 жилийн ойн хүрээнд “Нэг бүс-Нэг зам” төслөөр Гранд Чайна Спортс ХХК-ний нэрэмжит болгон зохиохоор болжээ. Тэмцээн Улаанбаатар хотноо ирэх тавдугаар сарын 29-31-нд болох тов гараад байна. Спортын наадамд Дифлимп (сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй), Паралимп (гар хөл, нуруу нугас болон харааны бэрхшээлтэй), Тусгай Олимп (оюуны бэрхшээлтэй) хүүхдүүдийн дунд спортын найман төрлөөр 238 медалийн төлөө өрсөлдөх юм. Одоогоор 493 тамирчин, 81 шүүгч, найман эмч, сайн дурын ажилтнууд оролцохоор бүртгүүлжээ.

Спортын наадмын зохион байгуулах хорооны гишүүн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын дарга Ц. Шаравжамцтай ярилцлаа

-Энэ наадмыг жил бүр уламжлал болгон зохиох боломжтой юу?

-Бид энэ талаар ярилцаж байгаа. Боломжийг бүрдүүлэхийг хичээж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам гэдэг Монголд бол бараг болдоггүй дутмаг асуудал тул уламжлал болгон зохиохоор санал тавьсан. Хятадын талаас хариуг шийднэ.

-Тоног төхөөрөмж, материаллаг баазын асуудлыг яаж шийдэж байна?

-Хятадын талаас ихэнх санхүүжилт гарч байгаа учраас наадмын тоног төхөөрөмжийг хангана. Цаашид энэ материаллаг бааз нь Монголд үлдэж, хэрэглэгдэхүүн болно.

-Эхний гурван байранд орсон тамирчид олон улсын тэмцээнд орох боломж бий юу?

-Олон улсын тэмцээнүүдэд оруулах хүүхдүүдээ шалгаруулахын тулд энэ наадмыг зохиож байгаа. Тийм бүрэн боломж бий. Ер нь цаашлаад ирээдүйн тив дэлхийд өрсөлдөх Паралимпийн тамирчдыг үүгээр дамжуулан шалгаруулж бэлтгэж авах санаа юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн биеийн тамирын хичээлийн сургалтын агуулга стандарт ямар байдаг вэ?

-Одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургалтын системтэй адилхан явагдаж байгаа. 2018-2019 оны хичээлийн жилээс хөтөлбөрөө шинэчлэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өөрсдийн норм стандартад нийцсэн шинэ хөтөлбөртэй болохоор ажиллаж байна гэв.

Монгол-Хятадын Биеийн Тамир Спортын ерөнхий холбооны гүйцэтгэх захирал Хоу Да Вэй ярихдаа:

-Монгол-Хятадын найрамдалт 70 жилийн ойн хүрээнд Гранд Чайна Спортс ХХК хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар наадмыг зохиохоор болсонд баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын асуудлыг бүх талаар нь анхаарах ёстой. Гранд Чайна Спортс ХХК энэ жил таван тэмцээн зохиохоор төлөвлөсөн. Эхнийх нь энэхүү наадам болж байна. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн наадмаар эхэлж байгаа вэ гэвэл нэгдүгээрт олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын асуудалд анхаарлаа хандуулаасай, хоёрдугаарт Монгол-Хятадын хамтын ажиллагааг тэлэх, гуравдугаарт тавдугаар сарын 29-нд Монголд байгаа хятад байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын үйл ажиллагаанд зориулан хандивын аян өрнүүлж, Монголын Үндэсний Паралимпийн Холбоонд гардуулна. Бидний энэхүү төслийг дэмжиж хамтран ажиллаж байгаа МБТСГ, МҮПХ-нд талархал илэрхийлье. Мөн Монголын Биеийн Тамир Спортын Газрын дарга Ц. Шаравжамцад тусгайлан талархснаа илэрхийлмээр байна.

Монголын Үндэсний Паралимпийн Холбооны ерөнхийлөгч Д. Нямхүү энэ үеэр ярихдаа:

-“Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий цогцолбор барих ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар гүйцэтгэхээр тусгагдан ажиллаж байна. Мөн холбоо маань “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спорт долоо хоног” хөтөлбөр зарлан манай 16 холбоо өөр өөрсдийн хөтөлбөрийг явуулна. Орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортод татан оруулах, сонирхолтой болгох, ирээдүйн тамирчдыг бэлтгэхээр ажлаа эрчимжүүлсэн” хэмээн ярив.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *