Өнөөдөр “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин MNS 6055:2009 стандарт”-ын дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ариун цэврийн өрөөг тохижуулан хүлээлгэн өглөө. Италийн Засгийн газрын бус АИФО байгууллага 5 сая төгрөгөөр санхүүжүүлэн гүйцэтгэгчээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв” ажилласан юм байна. Энэхүү ариун цэврийн өрөөнд ямар ч тэргэнцэртэй хүн өөрөө бие даан чөлөөтэй хөдлөх, бие засах боломжтойгоос гадна яаралтай тусламж дуудах хонхыг суурилуулан өгснөөрөө давуу талтай юм. Шалны гадаргуу нь чийгтэй байсан ч хальтарч гулгахгүй аюулгүй байдлыг стандартын дагуу бүрэн хангасан плитагаар хийснээс гадна угаалтуурыг энгийн угаалтуураас доор байрлуулсан нь тэргэнцэртэй хүн хэрэглэхэд саадгүй болсон байна. Уг ариун цэврийн өрөөг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс гадна өндөр настан хэрэглэхэд боломжтой аж.