Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим мэдээлэл авч чадахгүй байна

Мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Япон-Монголын төвд боллоо. Үүнд, “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд зэрэг 32 байгууллагын 59 төлөөлөл оролцсон юм. Мэдээллийн хүртээмжийг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо сайжрах ба өдөр тутмын амьдралд бие даан оролцох гол нөхцөл болох юм.

2015 оны Үндэсний статистикийн судалгаагаар Монголд нийт 101730 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй 10925, сонсголын бэрхшээлтэй 8406, хөдөлгөөний бэрхшээлтэй 20110 /үүнээс 2615 нь тэргэнцэртэй/, хэл ярианы бэрхшээлтэй 4491 иргэн байдаг гэсэн баримт гарчээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн амьдралд оролцоход нь барилга байгууламжийн түгээмэл загвар, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийн асуудал маш чухал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо бүхий нийгэмд өөрсдийн эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл болон харилцааны хүртээмжийг бүрдүүлж өгөх шаарлагатай байна. Иргэд “Монголын үндэсний олон нийтийн телевиз”-ийн мэдээллийн хөтөлбөрт сонсголгүй иргэдэд зориулан дохионы хэлээр орчуулах аргын талаар л сонссон байдаг. Гэтэл мэдээлэл түгээх үйл явц зөвхөн үүгээр хязгаарлагдах ёсгүй. Жишээ нь, хараагүй иргэдэд зориулан ТҮЦ машинаар үйлчлүүлэхэд дуу таних технологи нэвтрэх боломжтой эсэхийг судлаж байгаа тухай ” “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”-ын мэдээлэл технологийн бодлого боловсруулах хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл хэллээ.

2016 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль гарсан. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар “Цахим хуудас болон телевизийн мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ” гэжээ. Үүний хүрээнд ирэх оноос ярианы синтезийг хөрвүүлэх ажил хийхээр төлөвлөсөн байна. Яриаг текстрүү хөрвүүлэх, текстийг яриа хэлбэррүү хөрвүүлэх гэсэн хоёр янзаар хийгдэх юм. Мөнгө хөрөнгийн асуудлийг шийдэж чадвал энэ ажил бодит биелэлээ олоход тун ойрхон байгаа гэнэ.

“Түгээмэл хөгжил төв”-ийн гишүүн Я.Авирмэд тус хэлэлцүүлэгт ирсэн зорилгоо ийн ярьлаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусадтай адил нийгэмд оролцох, үүрэг гүйцэтгэх, эрхээ эдлэнэ зэрэг зүйлсийг өнөөдөр ярьж байна. Үүнийг амжилттай болгохын тулд мэдээж мэдээлэл хүлээн авах, өгөх бол тун чухал асуудал. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ өмнөөс юу нь болох, болохгүй, юуг сайжруулах вэ гэдэг дээр өөрийн үзэл бодлыг илэрхийлэхээр ирсэн юм. Жишээ нь, цахим хэрэгслээс мэдээлэл хүлээж авахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай төхөөрөмж байдаг. Үүнийг оруулж ирэх зэрэг техникийн дэвшлийг сайжруулах шаардлагатай байна” гэлээ. Мөн ХНХЯ-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн дарга Т.Баттулга “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг илүү хүртээмжтэй байлгахын тулд бид одоогоор маш олон шийдэл гаргаад байна. Үүний тулд бэршээлийг нь ангилж үзээд байгаа. Жишээ нь, харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, хүнд хэлбэрийн хөдөлгөөний бэрхшээлтэй, хардаг сонсдог мөртлөө гар нь хөдөлдөггүй зэрэг хүмүүс тус бүрт ямар ажлуудыг хийх вэ гэдэг дээр ажиллаж байна. Ялангуяа технологийн шинэ дэвшлүүд хэрэгтэй байгаа учир энэ чиглэлийн холбогдох газруудтай хамтрах шаардлагатай байна. Ийм учраас л бид өнөөдрийн энэ хэлэлцүүлгийг хийж байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *