Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны хэрэгт 4-5 хүнийг сэжигтнээр татжээ

Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясман нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Улсын ерөнхий прокуророос үндсэн чиг үүргийн хүрээнд 2016 оны гуравдугаар улирлын байдлаар хийсэн ажлаа танилцуулсан юм.

Мөн энэ үеэр олны анхаарлын төвд байгаа гэмт хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэргийн талаар тодруулахад Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясман “Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байна. Одоогоор хэргийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол үүссэн асуудал тодорхой болоогүй. Хохиролтой холбоотой шинжээч томилж шаардлагатай ажиллагаануудыг хийж байна.

Удирдлагуудтай холбоотой хэрэгт нийт 4-6 хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байгаа.Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд гэвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатыг хорьсон. Түүнийг 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон. Шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *