УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар энэ оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй болсон зээлийн асуудлыг хөндөн, ямар улч төрчид чанаргүй зээлийн ард байгааг ил тод зарлахыг дахин шаардав.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар түүнд дараах хариултыг өглөө:
-Эцсийн өмчлөгч тодорхойгүй учраас Хөгжлийн банкны хэргүүд шүүхээс буцдаг. Учир нь Хөгжлийн банкнаас зээл авсан хүн нас барсан гэдэг. “Хөтөл” хэнийх вэ гэдгийг Монгол даяар мэддэг. “Хөтөл”-ийн орлого хаашаа ордгийг бид мэднэ. Гэвч шүүх хэргийг шийддэггүй. Хөгжлийн банк гурван удаа шүүхэд хандсан ч үр дүнд хүрээгүй гэв.
“ХӨТӨЛ” ХХК-ИЙН АВСАН САНХҮҮЖИЛТ
• Тогтоолын дүн: 61.3 сая ам.доллар
• Гэрээний дүн: 61.3 сая ам.доллар
• Санхүүжүүлсэн дүн: 61.3 сая ам.доллар
ЗЭЭЛИЙН ХЭЛБЭР
Төслийн орлогоос эргэн төлөх
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд дээрх зээлийг олгожээ. Хөтөлийн цементийн үйлдвэрлэлийг жилд нэг сая тонн хүртэл өргөтгөх, шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр зээл олгосон. Энэ төсөл стратегийн өндөр ач холбогдолтой, төслийг хэрэгжүүлснээр Монгол жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэн, дотоодын цементийн хэрэгцээний 40 орчим хувийг хангах боломжтой болно.
Мөн импорт орлож, эдийн засагт эерэг нөлөөллийг авчрах ач холбогдолтой гэж тооцоолжээ. Нийгмийн үр ашиг: Барилгын өртөг буурч, үнэ бодитой хямдарч иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлнө.
Товч мэдээлэл: Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2-р шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх төслийг хэрэгжүүлэхээр “Бэйзмент” ХХК шалгарсан. Уг үйлдвэрийн угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт бүрэн дууссан. Туршилтын үйлдвэрлэлийг явуулсан. “Бэйзмент” ХХК-ийн төлөвлөгөөний дагуу 2014 оны тавдугаар сард үйлдвэр ашиглалтад оржээ.
Энэ сарын 23-нд Хөгжлийн банк цахим хуудсандаа 26 чанаргүй зээлдэгчийг зарласан. Эдгээрт “Хөтөл” ХХК багтаагүй юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэл.мн-д “Хөтөл” компанийг 2008 онд байгуулжээ. 2015 оноос хойш Мижидийн Бөх-Очир хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ. Тэрээр мөн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани гадаад худалдаа, барилгын засвар үйлчилгээ, албан ёсны нийтлэг орчуулгын үйлчилгээ үзүүлэхээр зөвшөөрөл авсан байна.