Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хөгжлийн банк “Блүүмберг”-т 1.8 сая ам.доллар, шаардлага хангаагүй есөн банкинд 128.6 тэрбум төгрөг олгожээ || DNN.mn

-Аудитад 826 сая төгрөг зарцуулсан ч зөвлөмжийг нь хэлэлцээгүй-


Засгийн газраас 2016 онд томилогдсон Ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг нууцаас гаргаж, өчигдөр олон нийтэд ил болголоо. Нууц хэмээн тэмдэглэгдсэн 132 хуудас материалд дурдсанаар тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Засгийн газрын гишүүд, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнуудын хамтарсан 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг шалгалтыг хийсэн байдаг аж.


Нууцад авагдсан шалгалтын дүгнэлтээс онцлох хэсгүүдийг тоймлон хүргэе.


Зээлийн “хяналтын баг” ажлаа хийгээгүй

Одоогоос 10 гаруй жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг чухал асуудлууд саяхнаас л өндрөө аван яригдаж буй нь өнгөрсөн хугацаанд тус банкинд ямар хяналтын систем ажиллаж байв гэдэг асуулт босч ирээд байгаа юм. Ажлын хэсгийн үзсэнээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын алба нь зээлийн үйл ажиллагааг шалгах, зээлийн эрсдэлийг үнэлэх, илрүүлэх, бууруулах талаар маш хангалтгүй ажилласан гэсэн бол банкны Эрсдэлийн удирдлагын хороо нь сар бүр хурал хийхээр дотоод журамдаа тусгасан ч 2013 онд хоёр, 2014 онд дөрөв, 2015 онд зургаа, 2016 онд хоёр удаа хуралдсан байна. Ингэснээр зээлийн эрсдэлийг тодорхойлох, хэмжих, хянах, бууруулах талаар маш хангалтгүй ажилласан гэжээ. Мөн Зээлийн хороо ч олгосон зээлийн ашиглалтыг хэлэлцэх, зээлийн эрсдэлийг илрүүлэх, бууруулах, зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хангалтгүй ажилласан гэсэн байна.

Барьцаа хөрөнгийн борлогдох, хөрвөх чадвар сул, үнэлгээ өндөр…

Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд дээр яригддаг гол асуудлын нэг шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, иргэдэд олгосон гэх. Тэгвэл одоогоос зургаан жилийн өмнөх шалгалтын явцад энэ асуудал хөндөгдөж байжээ.

Тодруулбал, төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй, Хөгжлийн банк шууд санхүүжүүлсэн зээлүүдийн хувьд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцэхгүй, зээлийн эрсдэлийн судалгаа, төсөв төсөөлөл хангалтгүй, зээлийн зарцуулалт болон төслийн гүйцэтгэлтэй холбоотой хяналт сул, ирээдүйд орох мөнгөн урсгал болон борлуулалтын төлөвлөгөөг хэт өөдрөгөөр хийгдсэн, ханшийн эрсдэлийн судалгаа дутуу, барьцаа хөрөнгийн борлогдох, хөрвөх чадвар сул, үнэлгээ өндөр, тоног төхөөрөмжийн бичиг баримтжуулалт дутуу, зээлийн эргэн төлөлтийн хуваарь олон удаа хойшлогдон хугацаа сунгагддаг, зээлдэгчийн санхүүгийн чадварыг үнэлэхдээ холбоотой этгээдүүдийн болон зээлдэгчийн бусад банк санхүүгийн байгууллага дахь зээлийн өр төлбөрийг тооцоолдоггүй зэрэг нийтлэг зөрчил ажиглагдаж байсан гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

Геологийн төв лаборатори “МИАТ” ТӨҮГ-т олгосон зээлүүд хууль, журамд нийцээгүй

Шалгасан зээлүүдээс “Монлаа” ХХК болон “Бэрэн” ХХК-д олгосон зээлүүд төлбөрийн чадварын эрсдэлд орсон тул Хөгжлийн банк “Монлаа” ХХК-д олгосон зээлд үнэ цэнийн бууралт тооцон холбогдох эрсдэлийн санг байгуулсан байна. Харин “Бэрэн” ХХК-д олгосон зээлд нэмж 34,9 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн санг зардлаар байгуулах шаардлагатай.

“Пи Ай Эм Эм” ХХК-д олгосон зээл хугацааны ангиллаар эргэлзээтэй ангилалд шилжихээр байна. Түүнчлэн “Пи Ай Эм Эм” ХХК болон “Эрэл” ХХК, “МАК цемент” ХХК, олгосон зээлээр санхүүжигдэж байгаа төслүүд санхүүжилтийн дутагдалд орсон тул зогссон байдалтай байна. “Хөтөл ХХК болон Амгалангийн дулааны станцын төслүүд амжилттай хэрэгжиж дууссан боловч борлуулалт болон орлого муу байгаагаас эргэн төлөлтийн хүндрэлд орсон байна. “Эрдэнэс Таван толгой” ХК болон Амгалангийн дулааны станцын зээлүүдийг Засгийн газраар төлүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд Засгийн газрын тогтоол шийдвэрээс хамаарч хоцорч хүндрэлтэй байдалд орсон байна.

Геологийн төв лаборатори “МИАТ” ТӨҮГ-ын зээлүүдийн олголт холбогдох хууль журамд нийцээгүй гэсэн нь анхаарал татаж байна.

Мөн шалгалтын явцад хамрагдсан томоохон төслүүдээс гэхэд Эгийн голын усан цахилгааны станцын төслийн үйл ажиллагааны зардал хэтэрсэн гэжээ. Ингэхдээ тус төслийн нэгжийн 2013-2015 оны цалингийн зардалд 2.9 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд сар бүрийн цалингийн задаргаанаас харахад төслийн нэгжийн нийт 30 ажилтны жишиг цалинг суурь цалин гэж үзэн, өсгөх коэфф нэрийн дор бодон үндсэн цалинг 100 хувиар нэмэгдүүлж боджээ. Зөвхөн цалингийн зардлын хувьд 1.4 тэрбум төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн. Тиймээс мэргэжлийн төсөвчин, инженер оролцуулан тухайн ажлын төсөв, гүйцэтгэлийг газар дээр нь шалгах шаардлагатай гэсэн байна.

Шаардлага хангаагүй есөн банкинд 128.6 тэрбумтөгрөгийн зээл олгов

Хөгжлийн банк 2013-2016 оны хоорондох хугацаанд арилжааны банкуудтай “Дамжуулан зээлдүүлэх” гэрээ хийсэн байна. Жишээ нь, Худалдаа хөгжлийн банкны эзэмшиж байсан нийт 130 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий Засгийн газрын шилжих векселийг 2016 оны наймдугаар сарын 11-ний өдөр худалдан авч, 61.75 сая ам.долларын гурван сар хүртэлх хугацаатай хадгаламж, 12.9 тэрбум төгрөгийн зээл олгосон бол Улаанбаатар банкны эзэмшиж байсан 53.6 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий Засгийн газрын шилжих векселийг 2016 оны долдугаар сарын 7-ны өдөр худалдан авч, гурван тэрбум төгрөгийн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн зээлийг олгожээ.

Ажлын хэсэг “Дамжуулан зээлдүүлэх” гэрээний 3.1.1-д заасан зээлдэгчийн зээл авахдаа хангах шаардлагыг хангаагүй нийт есөн банкинд 128.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Үүнээс Банкны тухай хуулийн 17.1-д заасан шаардлагыг хангаагүй зургаан банкинд нийт 67.5 тэрбум төгрөгийн, Монголбанкны ерөнхийлөгчийн 2010 оны 460 дугаар тушаалаар батлагдсан Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмыг заасан бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй таван банкинд 61.1 тэрбум төгрөгийн зээлийг тус, тус олгожээ.

Мөн Хөгжлийн банк хадгаламж татах нэмэлт зөвшөөрөлгүй Чингис хаан банкинд 8.8 тэрбум төгрөг, 2.5 сая ам.доллар, нэг сая евро, Богд банкинд хоёр сая еврогийн хадгаламж тус тус байршуулсан нь эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж байна гэж үзжээ.

Нэг сар ажилласан банкны ажилтан 150 сая төгрөгийн зээл авчээ

Нууцад авагдсан материалууд дундаас анхаарал татаж буй нэг зүйл бол банкны ажилтнуудын зээл авсан асуудал байгаа юм. Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор ажилтнуудад зээл олгох журмыг баталсан бөгөөд банкинд зургаан сараас доошгүй хугацаанд ажилласан хүн зээл хүсэх эрхтэй болох байж. Гэвч Хөгжлийн банкин дээр гэхэд нэг сар ажилласан ажилтан 150 сая төгрөг, хоёр сар ажилласан ажилтан 40 сая, дөрвөн сар ажилласан ажилтан 61.7 сая төгрөгийн зээлийг авчээ.

Түүнээс гадна Хөгжлийн банкнаас Төрийн банкны 40 албан хаагч 478 сая төгрөгийг цалингийн зээл, Хөгжлийн банк-Төрийн банк, Хөгжлийн банк-Худалдаа хөгжлийн банк хооронд хамтран ажиллах гэрээний хүрээнд 13 ажилтан 930.5 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан байдаг аж.

Аудитад 826 сая төгрөг зарцуулсан ч зөвлөмжийг нь хэрэгжүүлээгүй

Шалгалтын явцад тус банкны ТУЗ-тэй холбоотой хэд, хэдэн асуудал хөндөгдөж байсны нэг нь эрх үүргээ хэтрүүлсэн тухай юм. Хөгжлийн банкны ТУЗ нь банкны бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, өөрчлөх эрхгүй. Гэвч тэд хууль зөрчин банкинд бүтцийн өөрчлөлт хийсэн нь Хөгжлийн банкны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөнийг дурдсан байв.

Түүнчлэн Хөгжлийн банкны тухай хуульд хоёр жилд нэгээс доошгүй удаа аудит хийлгэнэ гэх заалттай байжээ. Харин банкны зүгээс энэ заалтыг өөрчилж, аудитыг хагас жил тутамд хийнэ гэж шийдвэрлэн хийлгэдэг байжээ. Ингээд банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт есөн удаа хөндлөнгийн аудит хийлгэж 2011-2015 онд 826 сая төгрөгийг зарцуулсан байна. Хамгийн гол нь энэхүү аудитын дүгнэлтүүд Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэгддэггүй байсныг Ажлын хэсэг цохон тэмдэглэжээ.

Жагсаалтад багтаагүй Хөрөнгийн бирж 1.49 сая ам.долларын зээл авч чаджээ

Ажлын хэсэг Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжсэн зарим төслийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг тайланд дурдсан байв. Тайлангаас анхаарал татаж байгаа төслүүдээс “Шинэ Яармаг” буюу Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлахгүйгээр эхлүүлсэн байдаг аж. Уг төслийг “Юнайтэд Прожект групп” хэрэгжүүлсэн бөгөөд охин компани нь төслийг гүйцэтгэжээ.

Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор 200 сая ам.долларыг Чингис бондоос 2012 онд багтааж Эрдэнэс Таван толгой ХХК-д хууль бусаар олгосон гэж мэргэжлийн баг үзжээ. Нэмж 2014 онд 50 сая ам.доллар олгосон байдаг аж.

Анхаарал татаж буй өөр нэг төсөл бол Хөрөнгийн биржийн зээл юм. Хөгжлийн банкнаас Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон бөгөөд энэ нь УИХ-аас баталсан Хөгжлийн банкны томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох жагсаалтад дурдагдсан төсөл хөтөлбөрт хамрагдахгүй, мөн төсөл хөтөлбөрийн шаардлагыг хангаагүй субьект байсан аж.

1.8 сая ам.доллараар “Блүүмберг” телевизээр сурталчлуулсан нь

Хөгжлийн банкны олон нийттэй харилцах, сурталчилгааны ажилд зарцуулсан хөрөнгө ч анхаарал татаж байгаа юм.

Монгол Улсын нэр хүндийг өсгөх, хөрөнгө оруулалтын орчныг таниулах, хөрөнгө оруулагчдын хандлагыг эерэг болгоход чиглэсэн “Inside Mongolia” зар сурталчилгааны кампанит ажлыг 2013 онд Сингапур дахь Блүүмберг телевизтэй хамтран хийжээ. Энэ ажилд зориулж богино хэмжээний баримтат киног дэлхий даяар 4900 удаа цацсан хэмээн тайлагнасан бөгөөд энэхүү хамтран ажиллах гэрээг 1.8 сая ам.доллараар хийсэн ажээ.

2016 оны зургадугаар сард тус банкны Худалдан авах ажиллагааны журмын 29.1.6 буюу тендер шалгаруулалтыг шууд гэрээ байгуулах аргаар явуулах гэсэн хэсэгт хувьцаа эзэмшигчээс өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлэх зорилгоор ажил үйлчилгээг нээлттэй, эсвэл хязгаарлагдсан тендер шалгаруулалтын журмаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол… гэсэн заалтыг нэмсэн байдаг аж. Энэ заалтыг үндэслэн нэг сарын хугацаанд Хөгжлийн банкны Олон нийттэй харилцах албанаас зохион байгуулсан суртчилгаатай холбоотой 1.1 тэрбум төгрөгийн гэрээг шууд хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *