Categories
мэдээ улс-төр

​Хөдөөгийн иргэд ипотекийн зээлийн талаар асуув

УИХ-ын дарга Ховд аймгийн иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөлтэй уулзалт хийв. Уулзалтын үеэр иргэд санал бодлоо илэрхийлж, асуулт асуув. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ төр, засгийн хийж хэрэгжүүлж байгаа ажлыг бид дэмжиж байна, өнгөрсөн богино хугацаанд чамгүйг хийж амжууллаа. Цаашид эдийн засгаа сэргээж, алдаа завхралыг засаж, хөгжил дэвшилд хүргэнэ гэдэгт бид итгэж байна гэж иргэдийн олонхи хэлж байлаа.

Ховдын иргэд төр засгийн байгууллагын удирдах ажилтны томилгоонд мэргэжлийн ур чадвар, ёс зүй, туршлагыг эн тэргүүнд харгалзах, орон нутаг дахь улстөржилтийг зогсоох, залуу малчдыг дэмжих, бэлтгэх, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд иргэний хяналтыг хүчтэй болгох, хөдөөд үйлдвэрлэлийг түлхүү дэмжих, иргэдээ ажилтай, орлоготой байлгах бүх боломжийг дайчлах зэрэг асуудлыг хөндөж байлаа.

УИХ-ын дарга М.Энхболд түүнд хандаж тавьсан иргэдийн асуултад хариуллаа. Ипотекийн зээл цааш үргэлжлэх эсэх, хөдөөгийнхөнд хүртээх боломж хэр байгаа талаарх асуултад “Эх үүсвэр одоогоор хангалтгүй байна. Засгийн газар эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр үргэлжилнэ гэсэн үг. Хөдөө хотоор ялгаварлах явдал байхгүй. Анх “100.000 айл” орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх болж, энэ ажлыг хариуцсан хорооны даргаар тухайн үеийн Засгийн газрын Шадар сайдын хувиар миний бие ажиллаж байсан юм. Зургаан хувийн хүүтэй зээлд Засгийн газраас 20.0 тэрбум төгрөг гаргаж, нэлээд үр дүнтэй хэрэгжиж байсан юм. Харамсалтай нь сүүлд хүүг нь 5 хувь болгох зэрэг улс төрийн зорилготой шийдвэр гаргаснаар эрч нь буурч, зохион байгуулалт нь алдагдсанд харамсаж явдаг гэлээ.
УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй, хуралдаанаа тасалдаг талаарх шүүмжлэлийн хариуд “Бидэнд анхаарах асуудал бий. Гэхдээ бодит байдлыг гуйвуулж, олон нийтэд өөрөөр харагдуулахыг илэрхий хүсдэг хүмүүс бас бий шүү. Уг нь энэ удаагийн УИХ-ын ирц өмнөх парламентуудаас харьцангуй сайн байгаа юм” гэлээ.
Улсын өрийн тухай иргэний сонирхсон асуултад “Манай улс 1992-2012 оны хооронд 139.2 тэрбумын өр тавьсан байдаг. Харин 2012-2016 оны хооронд энэ тоо 391 тэрбум болж өссөн. Буруу зөрүү ашигласан зүйл ч байхыг үгүйсгэхгүй. Зөв юманд зарцуулсан нь ч байгаа байх. Зөвийг зөв гэж, бурууг буруу гэж л үзнэ. Бурууд хариуцлага ногдуулах зарчим баримтална” гэв.

-Ховдын иргэдийн санал хүсэлт дотор Цементийн үйлдвэр, бүсийн эмчилгээ оношлогооны төв байгуулах, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлж дуусгах гэсэн гурван том бүтээн байгуулалтын асуудал хөндөгдлөө. Аль аль нь зөвхөн Ховдын биш, баруун бүс нутгийн асуудал, ирээдүйд хэрэгтэй бүтээн байгуулалт юм байна. Шийдэх ёстой. Улсын эдийн засаг өнөөхөндөө хэцүү байна. Гэхдээ эндээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад анхаарлаа хандуулж ажиллая гэсэн амлалтыг УИХ-ын дарга М.Энхболд Ховдынхонд өглөө. Иргэдийн тавьсан салбарын чиглэлийн асуултуудад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Пүрэвдорж болон яамдын дэд сайд нар хариулт өгч, тайлбар хийв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *