Categories
мэдээ нийгэм

“Хөдөө аж ахуйн технологи, инноваци 2018” форум боллоо

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ 2018 оны 5 дугаар сарын 07-13-ны өдрүүдэд болж байна. Уг арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймагт 2018 оны 5 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэнг ХХААХҮЯ нь БСШУСЯ, Шинжлэх ухаан, технологийн сан, Дархан хотын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-ын хурлын танхимд болсон форумд ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Долгорсүрэн нар үг хэлж, Улаанбаатар хот, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын төлөөлөл болсон 450 гаруй хүн оролцсон юм. Форумын үеэр хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт, амжилт, биет бүтээгдэхүүн, үр дүнгүүдийн талаар илтгэл хэлэлцүүлсэн.

Мөн “Залуучууд театр”-ын танхимд “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” үзэсгэлэн болж, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, цөм технологиийн болон инновацийн төслийн үр дүнд бий болсон биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулсан юм.

Ийнхүү орон нутгийн засаг захиргааны байгууллагыг бүс нутгийн онцлогтой уялдуулан шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн харилцаанд татан оролцуулснаар хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбарт шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, энэ талаар санаачилга гаргаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих нөхцөл бүрдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *